Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд далайн хамгийн гүн ёроолоос цоо шинэ төрлийн загас илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Номхон далайн хамгийн гүн ёроолуудын нэг болох Атакамагийн хонхороос эрдэмтэд урьд өмнө мэдэгдэж байгаагүй цоо шинэ төрөл зүйлийн гурван амьтныг илрүүлжээ.

Тэд бүгд тунгалаг биетэй нэгэн төрлийн махчин загас (snailfish) юм  байна. Перу, Чили улсуудын эргээс холгүй оршдог Атакамагийн хонхор нь 6,400 орчим метрийн гүнтэй.

Далайн ёроолын энэ хэсэгт камер бүхий судалгааны станц илгээсэн нь дөрвөн цагийн турш аялж хонхорт хүрсэн байна. Улмаар станц нь өгөөш бүхий урхи тавьж, ойртож ирсэн далайн ёроолын амьтдын дүрсийг камераар буулгаж эхэлжээ.

Урт, гулгамтгай, тунгалаг биетэй загас тэдний дотроос овор хэмжээгээрээ ялгарч байсан гэнэ. Далайн гүн харанхуй, хүйтэн ёроолын өндөр даралттай орчинд амьдардаг энэ амьтныг одоогоор “pink, blue and purple Atacama snailfish” гэж түр нэрлээд байгаа гэнэ.

Уг загаснуудыг Liparidae төрөлд багтана гэж Нью Кэстл их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Ямар ч хайрсгүй, биеийн хатуу хэсэг нь зөвхөн шүд, хоёр чихний дотор талд орших жижиг яс юм байна. Уг хос яс тэнцвэрээ олоход нь туслах үүрэгтэй гэж эрдэмтэд дүгнэжээ.

Ийм биеийн бүтэцтэй байх нь тэднийг далайн хамгийн гүнд амьдрахад тус болдог юм байна. Ясгүй, гулгамтгай бие нь ёроолын өндөр даралтыг тэсвэрлэхэд зохицжээ.

“Тэдний бие маш эмзэг тул далайн гадарга дээр ил гаргавал шууд хайлна” гэж Нью Кэстл их сургуулийн судлаач Томас Линли тайлбарласан байна.

Гэхдээ эрдэмтэд шинээр нээгдсэн загасны нэгийг барьж, тусгай тоноглосон саванд хийн уснаас гаргаж чаджээ. Ингэснээр далайн ёроолын хатуу ширүүн нөхцөлд шинээр нээгдсэн загас хэрхэн зохицож амьдардгийг судлах юм.

Эх сурвалж: The Washington Post