Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн салбарын чанаргүй зээл өмнөх саруудаас өсжээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны наймдугаар сарын эцэст 17.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 229.1 тэрбум буюу 1.3%, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөг буюу 20.1%-аар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө наймдугаар сарын эцэст 927.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 10.4 тэрбум буюу 1.1%, өмнөх оны мөн үеэс 27.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. 

Харин чанаргүй зээл болон хугацаа хэтэрсэн зээлийн дүн өмнөх сараасаа өсжээ. Доорх графикт чанаргүй зээлийг сарын эцсийн үзүүлэлтүүдээр харуулсан байна (тэрбум төгрөг). 

 

Графикаас харахад чанаргүй зээл ерөнхийдөө өссөн бөгөөд хувийн салбарынх илүү өссөнийг харж болно. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны наймдугаар сарын эцэст 15.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 337.6 (2.2%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.7 (20.2%) их наяд төгрөгөөр өссөн байна. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны наймдугаар сарын эцэст 1.018 их наяд төгрөг болж, өмнөх сараас 17.2 (1.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 79.4 (8.5%) тэрбум төгрөгөөр өсжээ. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.4 хувийг эзэлж, өмнөх сараас 0.2 пунктээр, өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр буурчээ. 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн наймдугаар сарын эцэст 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 35.8 (2.7%) тэрбум, өмнөх оны мөн үеэс 196.4 (16.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Гэхдээ нийт зээлийн өрийн үлдээдэлд эзлэх чанаргүй зээлийн хувь 8.6 болж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр бууржээ.