Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батцэнгэл: Индонез, Австрали, Оростой өрсөлдье гэвэл тээвэр, ложистикоо л шийдэх хэрэгтэй

Б.Болор-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 9 сарын 12
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй ярилцлаа.

-Нүүрсний салбарын “Coal Mongolia”, уул уурхай, эрдэс баялгийн салбарыг бүхэлд нь хамарсан “Discover Mongolia” зэрэг чуулга уулзалт шил дараалан болж өндөрлөлөө. Энэ үеэр экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний зах зээлийг өргөжүүлэхийн тулд тээвэр, ложистикийн асуудал чухал гэдгийг салбарынхан дуу нэгдэн хэлж байна. Гэхдээ энэ асуудал жил бүр л хөндөгддөг сэдэв. Яагаад нэг тийш нь болдоггүй юм бол. Асуудал нь яг юунд байгаа гэж та хардаг вэ?

-Монголын нүүрс 2006, 2007 оноос экспортоор гарч эхэлсэн. Түүнээс хойш байгаа хүчин чадлынхаа хэрээр экспорт нэмэгдээд явж байна. “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой”, “Энержи ресурс”, Нарийн сухайтын нүүрсний уурхай дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа “Өсөх зоос”, МАК гэх мэт аж ахуйн нэгжүүд тодорхой үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр компаниуд дангаараа нүүрсний экспортын 90 хувийг хангадаг. Шивээ хүрэн, Сэхэ, Гашуунсухайт, Ганцмодны боомтоор нүүрс гарч байна.

Сүүлийн 10 жилийн турш тээвэр ложистикийн асуудал ярьж байгаа нь үнэн. Өнгөрсөн жил манай улс түүхэндээ анх удаа 33 сая тонн нүүрс экспортолсон. Үүнээс илүүг ч экспортлох боломжтой. Зах зээл, олборлох хүчин чадал, нөөц нь байгаа. Харин тээвэр ложистик болон боомтын нэвтрэх хүчин чадлаас болоод гацдаг. Энэ жил ч гэсэн нүүрсний экспорт 30 гаруй сая тоннд баригдах төлөвтэй байгаа. Монголоос гарч байгаа нүүрсний ихэнх нь коксжих нүүрс байдаг. Хамгийн сайн чанарын нүүрсээ сорчлоод борлуулдаг.

Хязгаартай тээвэртээ тохируулаад хамгийн үнэтэй нүүрсээ гаргаж байгаа хэрэг шүү дээ. Эрчим хүчний буюу хүрэн нүүрсний нөөц ч бидэнд бий. Түүнийгээ зах зээлд нийцүүлээд тодорхой хэмжээний ашиг олох шаардлага байна. Үүнийг хөгжүүлэхийн тулд ч гэсэн бидэнд тээвэр ложистикоо сайжруулах хэрэгтэй. Нүүрсний үнэ унасан үед хамгийн сайн чанарын нүүрс ч өртгөө даахгүй тохиолдол байдаг. Цаашдаа бид экспортоо нэмэхийн тулд зах зээлээ өргөсгөх хэрэгтэйг олон хүмүүс ярьдаг.

Тэдний ярьдгаар Хятадын далайн боомт руу нүүрсээ хүргэе гэхэд бүтээгдэхүүн хүргэх. нийт өртгийн 70 гаруй хувь нь тээврийн зардалдаа шингэдэг. Ингэхээр бүх гарцад ложистик яригдаж эхэлнэ. Ложистикийн асуудал, боомтын нэвтрэх хүчин чадлыг шийдэхгүйгээр бидэнд ахиц гарахгүй. Хятад Улс жилдээ 60 сая тонн коксжих нүүрс импортолдог. Нийт нүүрсний импортын хэмжээ нь 300 гаруй сая тонн байдаг. Тэгэхээр бид 10 хувийг нь л нийлүүлж байна. Үүнээс илүү тонныг нийлүүлж, Индонез, Австрали, Оростой өрсөлдье гэвэл яалт ч үгүй тээвэрлэлтийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр өнөөдрийнх шиг жилдээ 30 сая тонн нүүрс нийлүүлчхээд түүндээ сэтгэл ханаад суух бол тээвэр, ложистикийг ярих хэрэггүй.

-Боомтын нэвтрэх чадвар өнгөрсөн жилээс хойш эрс багадаж, нүүрстэй машины урт цуваа үүсэж багагүй сандаргасан. Ачилтад хязгаарлалт хийх, уртын гаралтыг зогсоох зэргээр зохицуулалт хийж энэ асуудлыг хэсэг хугацаанд шийдсэн ч хилээр нэвтрэх машины тоо нэмэгдсэнгүй. Юун дээр тохиролцохгүйн улмаас энэ байдал үүсээд байна вэ?

-Боомтын өөрийн нэвтрэх хүчин чадал хангалттай байгаа. Өнгөрсөн оны зургаан сард л гэхэд Гашуунсухайт боомт өдөртөө 1,500-1,600 нүүрс ачсан машин нэвтрүүлж байсан. Нэг машин 65 тонн нүүрс ачна гэхээр өдөртөө 100 мянган тонн нүүрс хил нэвтэрнэ. Боомт баяр ёслол, олон нийтийн болон амралтын өдөр ажиллахгүй. Тэгэхээр жилд ойролцоогоор 300 хоног ажиллавал, 30 сая тонн нүүрс нэвтрүүлнэ.

Ингэхээр зорилтот төвшиндөө хүрч, энэ мэт хэмжээний нүүрс экспортлох боломж боомтын хүчин чадлын тухайд байгаа. Харин гол тулгараад байгаа бэрхшээл нь захиргааны шаардлага буюу нэг машинд тавих хяналт ихэссэнд л байгаа юм. Тухайлбал, өмнө нь нэг машин нэвтрүүлэхэд нэг минут зарцуулдаг байсан бол одоо арван минут зарцуулдаг болох жишээний. Энэ мэт захиргааны үйл ажиллагаанаас хамаараад машинуудын нэвтрэлт буурсан.

Сая хэлсэнчлэн 2017 оны зургаадугаар сард 1,500 гаруй машин нэвтрээд болоод байдаг байсан боомт өнгөрсөн жилийн хоёрдугаар, энэ жилийн эхний хагас жилд өдөрт дунджаар 700 гаруй машин нэвтэрч байна. Бараг хоёр дахин буурсан. Уг асуудалд хоёр улсын дипломат харилцаа, гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал. Саяхан БНХАУ-ын Гадаад хэргийн яамны сайд Ван И ирсэн. Тэр үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг цаашдаа 10 тэрбум төгрөгт хүргэнэ гэж ярьсан.

Мэдээж энэ зорилтот тоонд хүрэхийн тулд экспорт, импортоо нэмэгдүүлнэ. Худалдаа гэхээр манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс яригдах нь ойлгомжтой. Экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Түүний 40 хувийг нь нүүрс эзэлдэг. Тэгэхээр энэ салбарт л ахиц гарч, өнгөрсөн жил экспортолсон 33.4 сая тонн нүүрс дээр нэмэгдэж байж л худалдааны эргэлт сая дурдсан хэмжээнд хүрнэ. Тэгснээр хоёр улсын худалдаа тэлэгдэнэ.

-Тэгэхээр нүүрсний экспорт зорилтот төвшнөөсөө давах уу. Боломжийг хэрхэн харж байгаа вэ?

-Энэ салбар нь Засгийн газрын зүгээс анхаарал хандуулж буй экспортын гол бүтээгдэхүүн, төсвийн орлогын эх үүсвэр. Тэгэхээр үүн дээр анхаарал хандуулж, нааштай үр дүнгүүд гарах байх. Ядаж өмнөх хилийн нэвтрэлтийн төвшиндөө очвол зөвхөн Гашуунсухайтын боомтоор жилдээ 30 сая тонн нүүрс экспортлох боломж байгаа.

Бидэнд нүүрсээ далайн чанад руу гаргах боломж байгаа. 

Одоогийн суурилагдсан хүчин чадлаасаа харвал шүү дээ. Мэдээж үүнээс гадна бусад боомтуудаар нүүрсээ экспортлохоор багадаа 50 гаруй тонн нүүрс экспортлох боломж байгаа. Цаашдаа төмөр зам гэх мэт бусад төсөл амжилттай хэрэгжвэл нөгөө 50 тонноо нэмээд 100 мянган тоннд хүрэх зорилттой ажиллахад манай улсад нөөц хангалттай байгаа. Гагцхүү томоохон төслүүдээ хурдан хөдөлгөх хэрэгтэй.

-ОХУ Азийн нүүрсний зах зээлд сүүлийн жилүүдэд хүч түрж эхэлсэн. Үүнээс шалтгаалан манай улс шахагдах вий гэсэн болгоомжлол бас байгаа?

-Ганц гарцтай байж, нэг улсаас хараат байснаас далайн чанадын тээвэрлэлт хийж Оросын алс Дорнодын боомтоор нүүрс гаргая. Тийм боломж бидэнд бүрэн бий гэдэг асуудал олон жил яригдсан. Манай компани энэ тээврийг 2011, 2012 онд хийж байсан. Тухайн үед уурхайгаас боомт хүрэх тээврийн өртөг нь 170 гаруй ам.долларт хүрсэн. Бид Япон, Энэтхэг, Тайваний зах зээлд туршилтын журмаар нүүрс нийлүүлж үзсэн юм. Тухайн үедээ 100 гаруй мянган тонн бүтээгдэхүүн олон улсын зах зээл дээр нийлүүлж байсан.

Ингээд харахаар бидэнд нүүрсээ далайн чанад руу гаргах боломж байгаа. Гэхдээ ямар өртгөөр хийх вэ гэдэг асуудал чухал. Гэхдээ үүн дээр илүү оновчтой, баримттай судалгаа гарах байх. Орос жилд 200 гаруй тонн нүүрс экспортолж байна. Арван жилийн өмнө алс Дорнодын боомтоор арай гэж таван сая тонн нүүрс л экспортолдог байсан. Энэ жил тэр тоо нь 100 сая тоннд хүрэх гэж байна. Нийт экспортынхоо тэн хагасыг алс Дорнодод буюу Ази Номхон далайн бүсийн орнуудад гаргадаг. Үлдсэнийг нь Атлантын далай, Европын бусад орнууд руу экспортолж байна. Ингэхээр сүүлийн 10 жилд Оросууд маш том зах зээл болж байна.

Сибирийн урд хэсгээр байгаа Тува, Якут, Буриад гэх мэт газар байгаа нүүрсний ордуудаа эргэлтэд оруулахаар ажиллаж байгаа. Энэ ажилд томоохон хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд нь оролцох ажлыг эрчимтэй явуулж байгаа нь зах зээлд гарч буй үр дүнгээс нь тодорхой харагдаж байна. Нөгөө талаасаа Азиуд ирэх 10 жилд дэлхийн эдийн засгийг хөдөлгөх гол хөдөлгүүр хүч нь байх юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн өсөлтийн дийлэнх хувь нь Азиас гаралтай. Хятад Улс үүнийг манлайлдаг. Дараагаар нь 1.3 тэрбум хүн амтай, хөгжил нь маш хурдацтай явагдаж, эдийн засаг нь их хэмжээгээр өсөлттэй Энэтхэг Улс байна.

Мөн Индонез 300 сая, Вьетнам 100 сая хүн амтай маш том зах зээл байна. Эднийг нийлүүлээд үзэхээр Энэтхэг, Хятадаас дутахааргүй том зах зээл тэнд бүрдэж эхэлсэн. Мөн Европ, АНУ-ын харилцаанаас хамаараад тодорхой хэмжээний асуудлууд байгаа тул Ази руу чиглэсэн бодлого барьж байгаа. Тэгэхээр ОХУ Азийн улсууд руу чиглэж, худалдаагаа өргөжүүлж, экспортоо эрчимжүүлэхээр ажиллаж байгаа.

-Энэ бодлогод бид ямар хариу үйлдэл үзүүлж, экспортын ганц нэрийн бүтээгдэхүүнээ хамгаалах ёстой юм бэ?

-Бид энэ асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй. Сүүлийн үед манай улсад хамаатай эскпортын транзит тээврийн гэрээ гэж яригдаж байгаа. Нэг талаасаа энэ сайшаалтай. Нөгөө талаасаа үр дагавар нь ямар байх вэ гэдгийг бодох ёстой. Яагаад гэвэл энэ зөвхөн Монгол Улсад үзүүлж буй хөнгөлөлт биш. Харилцан хөнгөлөлт юм.

Өөрөөр хэлбэл, монголчууд Тавантолгойн ордоос нүүрс зөөгөөд 5,500 км яваад Владивосток боомтод хүрээд гарцаа хөнгөлөлттэй үнээр авлаа. Нөгөө талаасаа Оросын Тувагийн нүүрс Монголын нутгаар дамжаад 1,500 км яваад БНХАУ-д зах зээлд хүрэхэд адилхан хөнгөлөлттэй тариф эдлүүлэх хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй.

-Танай компанийн тухайд яриагаа үргэлжлүүлье.Сүүлийн хэдэн жил ашигтай ажиллаж байгаа. Мөн нүүрсний үнийг өндөр тогтоосон. Цаашдаа үйл ажиллагаагаа тэлэхээр ямар төслүүд хэрэгжүүлэх вэ?

-2012 оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалаад дэлхийн даяараа хүндхэн нөхцөл байдалд орсон. АНУ, Хятад, Австрали, Индонезийн нүүрс олборлогч компаниуд санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан түүхтэй. Энэ нь Монголын бүхий л нүүрс олборлогч компаниудад нөлөөлсөн. Манайх ч тэдний нэг. Харин үйл ажиллагаагаа тогтворжуулсаар өнөөдрийн төвшинд хүрсэн. Энэ жил 10 гаруй сая тонн нүүрс баяжуулаад, экспортлох төлөвлөгөөтэй байна. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ ч өсөж байна. Энэ таатай нөхцөлд санхүүгийн үзүүлэлтүүд эерэг үзүүлэлттэй гарсан. 

Цаашдаа зах зээл тогтвортой байвал боломжуудаа ашиглана. Нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд боомтын нэвтрэх чадварыг сайжруулах хүчин чадлын хувьд ажиллах хэрэгтэй. Анхнаасаа бид Монголын хувийн хэвшил уул уурхайн томоохон төслийг хэрэгжүүлээд амжилттай аваад явах чадвартай гэдгийг харуулъя гэж зорьсон. Уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа олон улсын стандартын дагуу ажиллах, байгалийн баялгийг бүрэн эдийн засгийн ашиглалтад оруулъя, олборлох, баяжуулах, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдэг зорилтыг ч дэвшүүлсэн.

Сүүлийн 10 жилийн турш энэ зорилтоо амжилттай биелүүлж чадсан гэж дүгнэдэг. Манайх жилдээ 15 сая тонн нүүрс олборлох суурилагдсан хүчин чадалтай. Боловсон хүчин, үйлдвэр, нөөц гээд бүх зүйл бэлэн байна. Гэхдээ хилийн нэвтрэх чадвар, тээвэр зэргээс шалтгаалаад хүчин чадлынхаа гуравны хоёрыг л ашиглаж байна. Боомтын асуудал шийдэгдвэл бүрэн хүчин чадлаараа ажиллана. Бүтээгдэхүүнээ аль болох эцсийн хэрэглэгчид шууд хүргэх зорилгоор охин компаниараа дамжуулан борлуулалтын сүлжээг БНХАУ-д явуулж байгаа.

Зураг