Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Навальныйг “махан таташ” болгоно гэж Путины хамгаалалтын албаны дарга амлажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Оросын үндэсний гвардийн дарга Виктор Золотов тус улсын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг ирүүл тулаанд дууджээ. Навальный саяхан тус байгууллагатай холбоотой олон тэрбум рублийн авлигын хэргийн талаар мэдээлсэн нь ингэхэд хүргэсэн байна.

Навальный одоо улс төрийн хууль бус ажиллагаа явуулсан хэргээр саатуулагдаад байгаа юм. YouTube сүлжээнд байршуулсан 7 минутын мэдэгдэлдээ Золотов авлигын талаар мэдээлэл нь гүтгэлэг гээд “Би зүгээр л чамайг жүдогийн дэвжээ ч юм уу өөр хаа нэг газарт ирүүлд дуудаж байна. Тэгээд чамайг би махан таташ болгохоо амлая” гэж ярьсан байна.

Өнгөрсөн сард Навальныйгийн Авлигатай Тэмцэх Сан үндэсний гвардаас $29 саяын дүнтэй бэлтгэн нийлүүлэх гэрээний эхийг олж авснаа зарлаж байжээ.

Мэдэгдэлдээ Золотов үндэсний гвардад авлигын зарим асуудал байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээрийн учрыг олж, шийдсэнээ ч ярьсан байна.

Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песковоос Золотовын мэдэгдлийн талаар асуухад түүний ингэж хэлэх болсон шалтгааныг ойлгож байна гээд  “зарим ичгүүр сонжуургүй гүтгэлэгт ийм хариу өгөхөд болохгүй зүйл алга” гэжээ.

Тэр бас Золотовын мэдэгдлийг ерөнхийлөгч Владимир Путин урьдчилж үзээгүй гэдгийг баталж, ингэх нь бусдыг айлган сүрдүүлсэн явдалд тооцогдохгүй гэж мэдэгдсэн байна. 

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty