Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг Р.Болдоор, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг Б.Билэгтээр солих уу

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 9 сарын 12
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг ажлаас нь чөлөөлөх тухай сураг дуулдаад багагүй хугацааг үдлээ. Сүүлд л гэхэд түүний оронд томилох магадлалтай хүмүүсийн нэрс дуулдаж, хэвлэлээр хэсэг шуурсан.

Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын даргад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Монгол Улсаас Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, хурандаа Д.Мөрөн болон ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх, н.Алтансүх нар яригдаж байсан юм. Бригадын генерал Ц.Амгаланбаяр нь ОБЕГ-ын даргаар 2008-2012 онд ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард ШШГЕГ-ын даргаар томилогдсон байна.

Мөн Элчин сайд Р.Болд өмнө нь Монгол Улсаас АНУ, Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга зэрэг албыг хашиж байжээ. Тэгвэл түүнийг саяхан Турк Улсаас дуудсан нь уг томилгоотой холбоотой гэж таамаглах хүмүүс ч байсан юм.

Харин хурандаа Д.Мөрөн нь төрийн албанд 25 жил ажилласан бөгөөд 1998-1999 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хууль, эрхзүйн бодлогын газрын дарга, 2016 оноос Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилогджээ. Тэгвэл энэ хүмүүсээс Элчин сайд Р.Болдыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилох нь тодорхой болсон тухай эх сурвалжууд дурдаж эхлэв.

Харин тагнуулын байгууллагын дараагийн удирдлагын таамагтай зэрэгцэн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг өөрчлөх талаар дахин дуулдаж эхлэв. Х.Энхжаргал даргыг солих тухай мэдээлэл өнөө үед шинэ биш ч гэлээ түүнийг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болсон гэх мэдээлэл хүмүүсийн гайхширлыг төрүүлэв.

Улмаар мэдээлэл нь үнэн эсэх нь эргэлзээтэй ч Х.Энхжаргал даргыг “бууж өглөө гэж шүүмжлэх ч хүмүүс ч байв. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг чөлөөлөхөөр олон арга хэрэглэсэн ч бүгд мухардалд орсон. Сүүлийн жишээ л гэхэд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд УИХ-ЫН даргад ээлжит бус чуулган хуралдуулж Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх санал хүргүүлсэн юм. Үүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж буйгаа илэрхийлэн хоёр удаа УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн байдаг. Уг нь хуульдаа Авлигатай тэмцэх газрын даргыг дөрөвхөн үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөр заасан байдаг.

Тухайлбал, өөрийн хүсэлтээр, эрүүл мэндийн шалтгаанаар, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн байгууллагаар тогтоогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан бол чөлөөлөх хуулийн заалттай. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн санал хуультай зөрчилдсөн нь ил болсон. Гэлээ ч Х.Энхжаргал даргыг солих асуудлыг орхилгүй түүний оронд томилох хүмүүсийг ярьж эхэлжээ. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Монголын ардчилсан холбооны даргаар тус тус ажиллаж байсан Б.Билэгтийг томилох магадлал өндөр байгаа аж.

Б.Билэгт нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болоод Ерөнхийлөгч Х.Баттулга нарын ойрын хүн гэгддэг. Тэрбээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлж байхад Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон боловч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй зөрчилдсөнөөр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байв.

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг засгийн эрх барьж байх үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдсон байна. Улмаар 2016 онд Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд одоо Тагнуулын ерөнхий газрын даргын таамагт ороод буй бригадын генерал Ц.Амгаланбаярыг томилжээ.

 

Зураг