Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Орос-Хятадын худалдааны эргэлт $100 тэрбумд хүрч байгааг Путин зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Алс Дорнодын Владивосток хотод болж байгаа Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нар өчигдөр уулзжээ.

Уулзалтын үеэр Путин “Өнгөрсөн онд манай хоёр орны худалдааны эргэлт $87 тэрбумд хүрсэн. Энэ жил $100 тэрбум хүрэх нь тодорхой боллоо” гэж Ши Жиньпинд хандаж хэлсэн байна.

Жилийн өсөлт 30 хувиас даваад байгааг тэр мөн дуулгасан юм. Путин бас энэ жил анх удаа Владивостокт айлчлан ирж байгаа Ши Жиньпинд талархаад Хятадын талаас 1,000 орчим төлөөлөгч ирснийг “манай хоёр орны харилцаа хэр том болсныг харуулж байна” хэмээн онцолжээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Орос-Хятадын харилцаанд та хувь хүнийхээ хувьд ихээхэн анхаарал тавьдгийг бид мэднэ. Таныг Орос оронд хүлээн авч зочилж байгаадаа таатай байна” гэсэн юм.

Дараа нь удирдагчид “Алс Дорнодын гудамж” нэртэй үзэсгэлэнд зочилж, өөрсдийн гараар шарвин бэлдэж зооглоод араас нь хатуу ундаагаар даруулжээ.

 
 
 

 

Эх сурвалж: ТАСС