Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Маргаантай арлуудын асуудлыг түргэн шийднэ гэж хүлээх нь гэнэн хэрэг

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дорнын Эдийн Засгийн Чуулганд оролцохоор Владивостокт айлчлан очсон Японы ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай өчигдөр уулзжээ.

Тэдний ярианы нэг гол сэдэв нь хоёр орны хооронд маргаантай байгаа арлуудын асуудал байв. Уулзалтын үеэр Путин эдгээр арлуудын маргаан тийм түргэн шийдэгдэхгүй гэдгийг Абэд хэлсэн байна.

“Уг асуудлыг бид олон арван жил ярьж байгаа. Тиймээс түргэн хугацаанд шийднэ гэж хүлээх хэрэггүй, ингэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно” гэж Путин ярьжээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Гэхдээ бид Орос, Японы аль аль талын хүсэлд нийцэх, хоёр орны ард түмний хүлээж авахуйц шийдлийг олоход бэлэн байна” хэмээн мэдэгдсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр ЗХУ-ын эзлэн авсан гэж үздэг Өмнөд Курилын дөрвөн арлын маргаан энэ хоёр улсыг энхийн гэрээ байгуулахад саад болж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд талууд маргаантай арлууд дээр хэд хэдэн эдийн засгийн хамтын ажиллагааг эхлүүлсэн. Мөн өнгөрсөн оноос эхлэн эдгээр арлуудын оршин суугч асан Японы иргэд тусгай нислэгээр төрөл төрөгсдийнхөө шарилыг эргэх боломжтой болсон юм.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн хурал дээр Шинзо Абэ “Маргааныг шийдвэрлэхийн тулд ерөнхийлөгч Путинтай би бүх боломжоороо хамтран ажиллах болно” гэж мэдэгджээ.

Мөн ирэх онд Владимир Путин Японд албан ёсны айлчлал хийхээр болсныг талууд мэдэгдсэн байна.

Өнөөдөр Владивостокт эхэлж байгаа Дорнын Эдийн Засгийн Чуулганд Японы ерөнхий сайдаас гадна Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин анх удаа оролцож байгаа. Өмнөд ба Хойд Солонгосын тэргүүнүүд энэ удаагийн чуулганд оролцох боломжгүй болсон нь долоо хоногийн дараа тэд гурав дахь удаагаа Пёньянд уулзахаар болсонтой холбоотой.

Өмнөд Солонгосын талаас ерөнхий сайд Ли Нак Ён оролцож байна.

 

Эх сурвалж: AFP