Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Дэлхийд тархсан сан монгол өв" төслийн хүрээнд бүтээх 20 боть нь үнэлэгдэшгүй бүтээл болно

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлгийн нэг болох "Дэлхийд тархсан монгол өв" төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. “Дэлхийд тархсан сан монгол өв" төсөл нь дэлхийн улс орон бүрт байх монголын өвийг бүртгэн 20 боть каталог болгон гаргах зорилготой юм.

"Монголын түүхэн дэх хамгийн том төсөл"

Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун "Дэлхийн 34 улс оронд Монголчуудын ул мөртэй холбоотой өв, дурсгалууд байгаа. Монголын түүх, соёлыг өргөн хүрээнд судлах, шинэ материал, эх хэрэглэгдэхүүнээр баяжуулах, судалгааны бааз суурийг нэмэгдүүлэх, шинэ шатанд гаргахад Монголын төдийгүй дэлхийн улс орнуудад хадгалагдаж буй өв санг эргэлтэд оруулахад төслийн зорилго оршино. Энэ төсөл бол Монголын түүхэн дэх хамгийн том төсөл болох юм. 

Өнөөдөр бид хэлэлцүүлгээ хийж байна. Цаашид зөвлөлөө байгуулаад ажиллана. 

Төслийн хүрээнд

  1. Монголын түүх, соёл, өв уламжлалтай холбоотой өв санг нэгтгэн системтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалж
  2. Нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн цахим санг байгуулах
  3. Монголын түүх, соёлтой шууд болон дам хамааралтай дурсгалуудын судалгааг нэгтгэн хэвлэн нийтлүүлж гаргах
  4. Монголын болон гадаадын эрдэмтэн судлаачид.сонирхогчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулалтад оруулах
  5. Монголын дэлхийн улс оронд хадгалагдаж буй соёлын өвийг дотоод болон гадаадад сурталчлах юм" гэв.
"Монголын аялал жуулчлалын салбарт бодитой хувь нэмэр оруулах ажил"
 

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл "Дэлхийд тархсан монгол өв маш өргөн цар хүрээтэй ажил. Зөвхөн Монголын өв дэлхийд маш их тархсан. Одоогоос хоёр жилийн өмнө бид ярилцаад эдгээр өвүүдийг сайн бүртгэж авах ёстой юм байна гэж үзсэн. Ингээд төсөл хэрэгжүүлэхээр болж өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Хэлэлцүүлэгт Монголын соёлын өвтэй холбоотой голлох мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний байгууллагууд, төлөөллүүд оролцож байна. Төслийг санхүүжүүлэх хөрөнгийг Монголоосоо гаргах нь оновчтой гэсэн эхний байр суурь гарсан байгаа.

Каталог нь 20 боть гарахаас одоогоор эхний цөөн хэд нь хэвлэгдээд гарчихсан. Дараагийн ботиудыг гаргах асуудлыг одоо хэлэлцэж байна. Ер нь энэхүү ажилд ихээхэн хөрөнгө гарахаар төлөвлөгдөж байна. Гэхдээ эхний ээлжинд гарч ирсэн 20 боть нь үнэлэгдэшгүй бүтээлүүд болно. Урт хугацаандаа Монголын аялал жуулчлалын салбарт бодитой хувь нэмэр оруулах ажил юм" хэмээн онцоллоо.

Каталог нь

  • “Орос дахь Монголын өв “Солонгос, Иран дахь Монголын өв”
  • “Унгар, Австри дахь Монголын өв”
  • “Хятад дахь Монголын өв”
  • “БНХАУ-ын Тайван дахь Монголын өв”
  • “Польш дахь Монголын өв”
  • “Япон дахь Монголын өв”
  • “Франц болон баруун Европ дахь Монголын өв”
  • “Турк болон Төв Азийн орнууд дахь Монголын өв”
  • "Умард Евроцдахь Монголын өв”
  • “Америк дахь Монголын өв”
  • “Герман дахь Монголын өв”
  • "Энэтхэгийн салбар тир дэх Монголын өв” гэсэн бүсчлэлээр бүтээгдэнэ.