Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Apple-ийг Америкт үйлдвэрлэлээ явуулахыг уриаллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хятадтай хийж буй худалдааны дайнд хохирохгүйн тулд Apple компани үйлдвэрлэлээ Америкийн нутаг дэвсгэрт шилжүүлэх хэрэгтэйг Дональд Трамп өнгөрсөн Бямба гарагт дахин уриалжээ.

Хэрвээ Хятадаас авах барааны импортын татварыг нэмэгдүүлбэл Apple Pencil, AirPods, Apple Watch, HomePod, Mac Mini зэрэг бүтээгдэхүүнүүдийн үнэ 25 хувиар өсөж, Америкийн хэрэглэгчдэд дарамт болохоор байгааг өнгөрсөн долоо хоногт Apple компани Вашингтоны засаг захиргаанд ирүүлсэн захидалдаа дурдсан юм.

Тэгвэл ерөнхийлөгч Трамп твиттер хуудсандаа “Хятадад импортын өндөр татвар оноосноос Apple-ийн бараа үнэтэй болж магадгүй. Гэхдээ ямар ч татварын нэмэгдэлгүй, бүр хөнгөлөлт эдлэх хялбар шийдэл бас байгаа. Ингэхийн тулд бараа бүтээгдэхүүнээ Хятадад биш, АНУ-д үйлдвэрлэх хэрэгтэй. Шинэ үйлдвэрүүдийг даруй байгуулж эхлэх ёстой” гэж бичжээ.

Apple компанийн хувьд Mac Pro компьютеруудаа АНУ-д угсардаг бол бусад ихэнх бүтээгдэхүүнээ Хятадад үйлдвэрлэдэг.

Тус компанийн гүйцэтгэх захирал Тим Кук АНУ-д гурван шинэ үйлдвэр байгуулах амлалт өгсөн тухай Трамп энэ оны эхээр мэдэгдэж байв.

Гэхдээ яаж ч хөнгөлөлт үзүүлсэн Америкт үйлдвэрлэсэн бараа Хятадад үйлдвэрлэснээс хямд байж чадахгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Хятад улс хямд ажиллах хүч, олон төрлийн эд анги үйлдвэрлэгчид нэг дор зэрэгцэн оршдог зэргээрээ томоохон компаниудын сонирхлыг татдаг юм.

2014 оны Marketplace report судалгааны тайланд Хятадад үйлдвэрлэснээр нэгж iPhone-ий зардал $190 орчим байгаа бол АНУ-д үйлдвэрлэснээр уг зардал $600 хүрч, нэгж iPhone-ий үнэ $2,000 орчим болно гэж тооцоолж байжээ.

 

Эх сурвалж: The Verge