Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэльд маргааш АНУ-ыг эсэргүүцсэн бүх нийтийн жагсаал болно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн засгийн газар маргааш буюу Мягмар гарагт АНУ-ыг эсэргүүцсэн бүх нийтийн жагсаал зохион байгуулах болсноо зарлажээ.

Саяхан ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдах зорилгоор АНУ-ын албаныхан Венесуэлийн цэргийнхэнтэй уулсан гэх мэдээлэл тараад байгаа нь ийм жагсаал зохион байгуулах шалтгаан болсон байна.

Үндсэн хуулийн ассамблейн дарга Диосдадо Кабелло “цэргийн эргэлт зохион байгуулахын тулд Вашингтоныхон доод тал нь гурван удаа армийн зарим офицеруудтай уулзсаныг баталсан” гэж мэдэгджээ.

Тэр бас өнгөрсөн сарын 4-нд болсон цэргийн парадын үеэр Мадуро руу чиглэсэн дроны халдлага үйлдэгдсэнийг үүнтэй холбоотой гэж дүгнэсэн байна.

Эрх баригч намын хурал дээр үг хэлэхдээ Кабелло “Ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлогыг АНУ-ын тал зохион байгуулсан. Үүнд эргэлзэж байгаа хүн байна уу?” гэж гишүүдээс асууж байжээ.

Саяхан Нью Йорк Таймс сонин АНУ-ын эрх баригчид Венесуэлийн цэргийнхэнтэй уулзсан тухай мэдээлсэн ч энэ уулзалт дроны халдлагатай холбоотой эсэх талаар баримт дурдаагүй юм.

Үүний дараа Венесуэлийн гадаад хэргийн сайд Хорхе Арреаза “Экстремистүүдийн хүчирхийллийг дэмжих зорилготой уулзалтад АНУ-ын засаг захиргааныхан оролцсоныг зөвтгөх ямар ч аргагүй” гэж твиттер хуудсандаа бичжээ.

АНУ-Венесэулийн харилцаа 1999 онд социалист ерөнхийлөгч Уго Чавез төрийн эрхэнд гарснаас хойш эрс муудаад байгаа. Тэр 2013 онд хорт хавдраар нас барах хүртлээ ерөнхийлөгчийн албыг хашсан юм.

Одоо Дональд Трамп түүний залгамжлагч Николас Мадурог “дарангуйлагч” хэмээн нэрлэж, эдийн засгийн бодлогыг нь эрс шүүмжилдэг.

Мадуро ч улс орных нь эдийн засгийн хямралын гол буруутныг Вашингтоны засаг захиргаа гэж үздэг юм.

 

Эх сурвалж: AFP