Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Батхуяг: АШУҮИС-ийн шинэ удирдлагууд гүтгэсэн учир АТГ-т хандлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын дарга асан Ц.Батхуяг өөрийгөө шалгуулахаар өнөөдөр АТГ-д хандлаа. Тус сургуулийн захирал Ж.Цолмон, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал Д.Отгонбаатар нар өөрийг нь гүтгэсэн хэмээн үзжээ.

АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын дарга асан Ц.Батхуяг "Өнгөрсөн сард Ц.Цогзолмаа сайдын томилгоогоор АШУҮИС-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр Ж.Цолмон томилогдож ирсэн. Үүний дараагаар намайг болон манай хамт олон, захирлыг 385 сая төгрөг зувчуулсан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Тендерт оролцон будлиантуулж, тендерт оролцсон компаниудтай үгсэн хуйвалдаж өөртөө давуу байдал үүсгэсэн гэх гүтгэлгийг олон нийтийн болон хэвлэл мэдэллийн хэрэгслээр маш их цацсан. Ийм зүйл байхгүй учир энэ их гүтгэлгийг шалгаж бидний нэр төрийг сэргээж өгнө үү гэж АТГ-т хандаж байгаа юм. 

Тендер цахимаар явдаг болчихсон учраас ямар ч өөрчлөлт хийх хууль эрхзүйн акт байхгүй. АТГ-аас бидний гэм буруугүйг тогтоовол гүтгэлэг явуулсан хүмүүс албан ёсоор уучлалт гуйж нэр төрийг сэргээх байх гэж найдаж байна" гэв.

Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариууллаа.

- Ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй юмуу хувийн өш хонзонтой юмуу яагаад ийм мэдээлэл гарсан юм бол?

- Отгонбаатар гэдэг хүнийг урд нь би танихгүй. Гэхдээ Ж.Цолмонг эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байхад хамт ажиллаж байсан юм байна лээ. Өнгөрсөн онд МУИС-ийн санхүүгийн дарга байсан. Тэнд байхад нь 2017-2018 оны тайлангаар аудитын газар хязгаарлагдмал дүгнэлт гаргасан байна. Хязгаарлагдмал дүгнэлт гэдэг нь санхүүгийн зөрчилтэй гэсэн үг. Ийм зөрчилтэй хүн манай сургуульд ирж байгаа нь харамсалтай.

- Ж.Цолмон захирал танай сургуульд ирснээр өнөөдрийн байдлаар хэчнээн халгаа сэлгээ хийсэн байгаа вэ?

- 15 орчим хүн байна. Өөрийнхөө багийг бүрдүүлнэ гэсэн үндэслэлээр халж байгаа сурагтай.