Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хуванцар хаягдлыг автомашины түлш болгон хувиргах аргыг туршиж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхий хуванцар хог хаягдлаар дүүрээд байгаа. Тэгвэл Их Британий Суонси Их сургуулийн (University of Swansea) эрдэмтэд энэ их нөөцийг автомашины түлш болгон хувиргах туршилтыг амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.

Доктор Мориц Кюхнелын баг хуванцар хаягдлыг устөрөгч (hydrogen) болгон хувиргах аргыг туршиж байгаа юм. Хэрвээ амжилттай болвол нэг өдөр бүх хуванцар хаягдал нь автомашины түлш үйлдвэрлэх түүхий эд болж хувирах ажээ.

Доктор Кюхнел “Жил бүр дэлхий даяар олон тэрбум тонн хуванцар хаягдал бий болдог ч үүний өчүүхэн хэсэг нь дахин ашиглагддаг. Тиймээс бид тэр ашиглагдахгүй байгаа хэсгийг хэрэгтэй зүйл болгохыг хичээж байна” хэмээн BBC сувагт ярьсан байна.

Тэд эхлээд хуванцрыг жижиглээд дээр нь фото каталист нэмдэг. Энэ бол нарны гэрлийг шингээж, химийн эрчим хүч болгон хувиргадаг бодис юм.

“Манай ажиллагаа ‘photoreforming’ гэгддэг зарчмаар явагддаг. Нарны энергийг химийн энерги болгон хувиргадаг хагас дамжуулагч нано хэсгүүдийг (quantum dots гэдэг) ашиглана гэсэн үг” гэж Кюхнел тайлбарлажээ.

Ингэсний дараа тэд хуванцрыг шүлтийн уусмалд хийж, нарны гэрэл тусгахад гадаргуу дээр нь хөөснүүд бий болж эхлэх ба үүнийг “устөрөгчийн хий” (hydrogen gas) гэдэг юм байна.

Нано хэсгүүд нарны гэрлийг ашиглан хоёр зэрэг урвал үүсгэдэг гэнэ. Нэг нь уснаас устөрөгчийн хий гаргах, нөгөө нь хуванцрыг задлах.

Ингэж гаргасан хийг устөрөгчийн хөдөлгүүртэй автомашинд түлш болгон ашиглах боломжтой.

Уг үйл ажиллагаа нь хуванцрыг дахин боловсруулах ажлаас хямд өртөгтэйг судлаачид онцолжээ. Тухайлбал нэг тонн хуванцар хаягдлыг дахин боловсруулахад зардал нь $4,000 орчим болдог гэнэ.

Тоёота корпораци 2030 он гэхэд дэлхий дахинд нийлээд нэг сая цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй автомашин зарах төлөвлөгөөтэй байгаа. 

Хуванцраас түлш гаргах технологийг үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэхэд дахиад хэдэн жилийн хугацаа бий. Гэхдээ тус төсөл хэд хэдэн компани, сангаас хангалттай санхүүжилт аваад байгаа гэнэ.

Одоо доктор Кюхнелын баг туршилтын хэмжээг өргөтгөж, илүү их хэмжээний хуванцрыг нэг дор хувиргах, бас ашиглах хуванцрын төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Одоогоор тэд PET, PLA, PU төрлийн хуванцруудыг ашиглаж байгаа бол цаашлаад PE, PP, PVC төрлийн хуванцруудыг ашигладаг болох зорилт тавьжээ.

 

Эх сурвалж: CNET