Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Цэндбаатар: 2020 оны олимпт оролцсоныхоо дараа мэргэжлийн боксын спортод хүч үзнэ

Үндэсний шуудан сонин
2018 оны 9 сарын 7
Үндэсний шуудан

Шар тивийн олимп өндөрлөөд тав хонож байна. Энэ удаагийн Азийн наадмаас манай улсын тамирчид 25 медаль хүртэж амжилтаа ахиулсан билээ. Тэгвэл энэ удаагийн Азийн наадмын тав дахь алтан медалийг эх орондоо авчирсан олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатартай ярилцлаа.

 

-Юун түрүүнд Азийн наадамд амжилттай оролцож, алтан медаль хүртсэнд нь баяр хүргэе?

-Баярлалаа.

-Энэ жилийн хувьд Монгол Улсад боксын спорт үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож байгаа. Таны хувьд Азийн наадмын аварга болж Монголын боксын холбоо болон үе, үеийн боксчдод сайхан бэлэг барилаа. Энэ талаар?

-Манайд тэртээ 70 жилийн өмнө  боксын спорт үүссэн. Үеийн тамирчид, багш дасгалжуулагчид болон боксын спортыг дэмждэг нийт монголчууддаа түүхт 70 жилийн ойн мэндийг хүргэе. Тийм учраас надад өндөр хариуцлага оногдсон. Индонезид би өмнө ерөнхийлөгчийнх нь цомын тэмцээнээр очоод түрүүлж байсан. Цагийн зөрүү байхгүй, цаг агаар нь тохиромжтой гээд надад амжилт үзүүлэх боломж их байсан. Тийм ч учраас энэ удаагийн тэмцээнээр бол надад юу л байна бяр л байлаа.

-Өнгөрсөн зургаадугаар сард “Улаанбаатарын цом” олон улсын тэмцээнд түрүүлснээр Азийн наадамд оролцох эрхээ олж авсан уу?

-Тэгсэн. Манай боксын холбоо, үндэсний шигшээ баг, Монголын олимпын хороо намайг дэмжиж зардал мөнгийг маань гаргаад тэмцээнд явуулснаар миний амжилт хурдан ахиж байгаа гэж боддог. Энэ онд би Казахстаны ерөнхийлөгчийн цомын тэмцээнд оролцож ирээд илүү сайжирсан. Ирсэн даруйдаа “Улаанбаатарын цом” тэмцээнд түрүүлж, Азийн наадамд явахаар болсон.

-Азийн наадмын эхний тулаан хүнд тулаан болов уу гэж харагдсан. Таны хувьд ямар байсан бэ?

-Хамгийн эхний тулаанаа Иракын тамирчинтай хийсэн. Энэ тамирчин өмнө нь Д.Отгондалай ахтай тоглоод хожигдож байсан. Эхний тоглолт бага зэрэг хүнд болсон. Ер нь бэлтгэл сайн байсан ч биеэ бариад бие халж өгөхгүй хүнд байсан. Гэвч 5:0-ээр хожсон.

 
Гэрэл зургийг mpa.mn

-Дараа дараагийн медалийн төлөөх тулаанууд хэр байв?

-Хүрэл медалийн төлөө Туркестаны тамирчинтай тоглосон. Надаас өндөр, хоёр тулаан хийж гарч ирэхдээ хүнд цохилтуудыг хийж ирсэн. Нэлээн эвгүй тамирчин байсан. Миний бэлтгэл илүү байгаа, надад дутах юм байхгүй гэж бодоод гараад тоглотол надаас зугтаад эхэлсэн. Цохилт хүчтэй орж байгаа юм байна гэж улам өөртөө итгэлтэй болоод 5:0-тай хожсон. Мөнгөн медалийн төлөө Хятадын нэг номерын тамирчинтай тоглосон. Өмнө нь Казахстаны ерөнхийлөгчийн цомын тэмцээнээр хожиж байсан болохоор ямар ч асуудалгүй хожсон. Аваргын төлөө залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Узбекистаны тамирчинтай тулалдсан. Нэлээд хүчтэй өрсөлдөгч байсан.

Өмнө нь би 56 кг-д тоглодог байхдаа Узбекистаны тамирчинд Казахстаны ерөнхийлөгчийн цомын тэмцээний мөнгөн медалийн төлөө хожигдож байсан. Түүнээс хойш би өөртөө Узбекистаны тамирчинд хожигдохгүй. “Ахиад таарах л юм бол хожно” гэж хэлж байсан. Хэлсэндээ хүрч аварга болсон. Тулааны үед шүүгчийн талаас бага зэрэг юм байсан. Юм л болвол надад сануулаад л тоолохоор цохилт ороод байхад тоолохгүй. Эсрэг талд шүүгээд байсан. Би үүнд нь аль болох тайван байж, шүүгчтэй маргалгүй тулалдсан. Тоглолтын төгсгөлд би 3:2-тай хожиж алтан медаль авсан. Алт авсандаа итгэхгүй байлаа.

-Миний санаж байгаагаар хамгийн анх 17 настай хүү насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 49 кг-д түрүүлж гарч ирсэн. Ер нь хамгийн анх хэзээнээс, яагаад боксоор хичээллэж эхэлсэн юм бэ?

-Хамгийн анх 2013 онд Б.Ган-Эрдэнэ ахыг хожиж насанд хүрэгчдийн улсын аварга болж байлаа.

Анх 2008 оноос боксоор хичээллэсэн. 2008 оны Бээжингийн олимпыг үзээд л ямар ч мөрөөдөлгүй байсан хүүхэд мөрөөдөлтэй болж эхэлсэн. Э.Бадар-Ууган ах, Ч.Сэрдамба ах хоёр олимпын алт, мөнгөн медаль авахыг харсан.

Амьдралаа энэ спортдоо зориулна.

Тухайн үед “Бокс гэдэг чинь ямар амархан юм бэ. Тоглоом шиг юм аа” гэж бодоод боксоор хичээллэсэн. Б.Энхтайван багшийн “Баянгол” секцэнд анх бүртгүүлж байлаа. Одоо ч багш маань надад зөвлөдөг. Боксын спорт хүнд гэдэг нь анхны бэлтгэлээс мэдрэгдсэн. Миний бодож байснаас огт өөр байдал намайг угтсан. Гэсэн ч би шантралгүй 11 жил бокс тоглож байна. Гэхдээ би одоо л боксыг дөнгөж ойлгож эхэлж байна. Миний чаддаг зүйл бокс тоглохоос өөр юм байхгүй. Тийм болохоор амьдралаа энэ спортдоо зориулна.

-Шийтгэл хүртэж, хүнд гэмтэл авч, түр спортоосоо хөндийрсөн 2017 он таны хувьд нэлээн хүндхэн байсан болов уу?

-Тэр нэг жил надад үнэхээр хэцүү байсан.Тухайн үед ингээд л миний спортын зам дуусдаг юм байна л гэж бодогдож байсан. Хэлэхэд хэцүү байна. Ямартай ч одоо би тэр хүнд үеийг давж гараад ирсэн. Тийм хэцүү байдалд ороход миний өөрийн ч бас буруу байсан. Үүнээс сургамж аваад хүнийг таньж сурлаа. Хүмүүсийн аль нь муу аль нь сайн болохыг ялгаж сурлаа. Зарим хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй миний төлөө байсан. Эргээд боксоо тоглоход минь туслаад хажуугаас өргөөд өгсөн шигшээ багийн хамт олондоо баярладаг. Ер нь тэр хүнд үед намайг орхиогүй хүмүүст маш их баярлаж байна. Одоо би хичээж тэдний итгэлийг алдахгүй байхын төлөө зүтгэнэ.

-Таны оролцох дараагийн тэмцээн ямар тэмцээн бэ. Энэ жилийн хувьд эрэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байхгүй шүү дээ?

-Энэ жилийн хамгийн том тэмцээн Азийн наадам байлаа. Азийн наадмын аварга болно гэж бодсонгүй. Зүгээр нэг тэмцээнд орж байгаа юм шиг тоглосон. Түүнээс заавал аварга болно гэж зорьж бодоогүй. Урд байгаа тамирчнаа хожиж л байвал аварга болох эсэх нь хамаагүй. Яасан ч яах вэ гэсэн бодолтой л тоглоод байлаа. Тэгсэн нэг мэдсэн аваргын төлөө тоглолт тулаад ирсэн байсан. Энэ үед өмнөх Азийн наадмаар Д.Отгондалай ах энэ жинд аварга болсон. Тэгэхээр би бас аварга болж 60 кг-ын Азийн наадмын аваргыг эх орондоо авч үлдэх хэрэгтэй юм байна гэх бодол төрсөн. Өмнө нь хожигдож байсан тамирчнаа хожсон юм чинь одоо юунаас айхав гээд аваргын төлөө тоглоод Азийн наадмын аварга боллоо. Ер нь бол шигшээ тоглолтод тулж ирээд л аварга болъё гэж бодсон.

-Олимп болоход одоо ердөө нэг жил гаруйн л хугацаа үлдлээ. Өмнөх олимпт 56 кг-д орж байсан. 2020 оны олимпоор 60 кг-даа тулалдана гэсэн бодолтой байна уу?

-2020 оны олимпт  60 кг-д орно. Надад одоо өөр дээрээ ажиллах их зүйл байна. Бэлтгэлээ илүү сайн хийх хэрэгтэй байна. Надад дутагдаж байгаа олон зүйл байсныг анзаарсан. Өөрийгөө бас болоогүй байна л гэж бодлоо.

-Өөрийгөө харахад юу дутуу байна вэ?

-Илүү хүчээ нэмээд, ажиллагаагаа илүү сайжруулах хэрэгтэй байна. Тэгснээр цохилт илүү хүчтэй болно.

-Ирэх олимпт нэлээн туршлагатай хүч үзэх байх. Өмнө нь олимпын наадам л ороод үзсэн туршлага байгаа учир?

-Өмнөх олимпт оролцоход сэргэлт авахад хэцүү байсан. Тэр дундаа медалийн төлөө тоглолтод Риогийн 12 цагийн зөрүү надад их хэцүү байсан. Би эхний үед жингээ үзүүлчхээд, орой тулалдаж байсан болохоор сэргэж чадаад байсан юм. Харин хүрлийн төлөөх тоглолтын өмнө жингээ үзүүлчхээд л хэдхэн цагийн дараа тулалдсан болохоор амарч, сэргэлт авч чадаагүй. Энэ удаагийн олимп бол манайхтай цагийн зөрүү бага Япон Улсад болно. Мөн би өөрийн өмнөх алдаа давтахгүй хичээж бэлтгэл сургуулиа сайн базааж оролцоно гэж бодож байгаа. Токиогоос дутуу зүйлээ гүйцээгээд, авах ёстой медалиа аваад Монгол түмнээ баярлуулахын төлөө хичээнэ.

-Өмнө нь олимпын аварга болоод мэргэжлийн бокс руу орно гэж байсан. Таны энэ бодол хэвээрээ байна уу. Яагаад заавал мэргэжлийн бокст орохыг зорьж байна вэ?

-Тийм, хэвээрээ байгаа. Өмнө нь би мэргэжлийн бокст ганц, хоёр удаа тулалдаж үзсэн. Яагаад гэхээр энэ бол миний мөрөөдөл. Би одоо ингээд мөрөөдлөө санах болгонд сэтгэл дотор минь их сайхан байдаг.

Мэргэжлийн бокст ороод илүү том зүйлд хүрч дэлхийд цуутай тулаанч болохыг хүсдэг. 

Миний мөрөөдлийн хамгийн наад зах нь олимпын наадам. Мэргэжлийн бокст ороод илүү том зүйлд хүрч дэлхийд цуутай тулаанч болохыг хүсдэг. Би олимпын наадмаас медаль авсан ч бай үгүй ч бай мэргэжилд орно.

-Тэгэхээр 2020 оны олимпын дараа мэргэжлийн бокст орно гэж ойлгож болох уу?

-2020 он дуусгаад л би ямар ч асуудалгүй мэргэжлийн бокст хөл тавина гэж бодож байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Амжилтаа улам бүр ахиулж Монгол түмнээ баярлуулаарай?

-Баярлалаа. Энэ завшааныг ашиглаад намайг дэмждэг хүмүүстээ талархал илэрхийлмээр байна. Намайг буруу явахад минь зөв зүг рүү чиглүүлсэн гурван сайхан ах байдаг. Ах нартаа баярлалаа. Мөн “Сүлд” спорт хороо, “Ажнай" корпораци, Монголын боксын холбоо, Үндэсний олимпын хороо, шигшээ багийн хамт олон, багш нар, гэр бүл, найз нөхдөдөө баярлалаа. Мөн спортод хайртай нийт монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна.

Зураг