Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Цагаан ордонд байгаа урвагчийг илчлэхийг Нью Йорк Таймс сониноос шаардлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Нью Йорк Таймс сонинд өөрийгөө Цагаан ордонд ажилладаг ахлах албан тушаалтан гэж нэрлэсэн хүн “Би бол Трампын засаг захиргаанд ажилладаг түүнийг эсэргүүцэгчдийн нэг” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлүүлсэн юм.

Нэрээ нууцалсан зохиогч АНУ-ын ерөнхийлөгчийг Америкийн үнэт зүйл, Бүгд Найрамдах Намын мөрийн хөтөлбөрийг үл тоодог, ард түмний дайсан гэж нэрлэсэн байна. Тэр “Асуудлын гол нь манай ерөнхийлөгч ямар ч ёс суртахуунгүй хүн юм” гэжээ. Улмаар одоогийн засаг захиргаанд ажилладаг олон хүн бүрэн эрхийн хугацааг нь дуусах хүртэл ардчилсан засаглалыг Трампаас хамгаалах зорилготойгоор тэвчээртэй ажиллаж байгааг нийтлэлийн зохиогч бичсэн байна.

Энэ нийтлэлийг гарахын урд өдөр нэртэй эрэн сурвалжлах сэтгүүлч Боб Вүүдвардын Трампын хөшигний арын ажил, амьдралыг илчилсэн номын тухай нийтлэл гарч дуулиан дэгдээсэн юм. Уг ном дараа долоо хоног худалдаанд гарах гэж байгаа бөгөөд Цагаан ордны одоогийн эзний эмх замбараагүй, гэнэтийн, бодлогогүй шийдвэр гаргадаг байдал, албан хаагчид нь түүнийг “тэнэг мангуу” гэж хочилдог тухай бичсэн ажээ. 

Нью Йорк Таймсын нийтлэл гарсны дараа уурссан Трамп твиттер хуудсандаа нэр үл мэдэгдэх зохиогчийг “УРВАГЧ” хэмээн нэрлээд тус сониноос уг хүний нэрийг илчлэхийг шаардсан байна.

“Хэрвээ нэрээ нуусан албан тушаалтан үнэхээр байгаа бол Нью Йорк Таймс сонин үндэсний аюулгүй байдлыг бодолцон түүнийг илчлэх ёстой!” гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.

 Дараа нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс сонинд гарсан нийтлэлд харамсаж байгаагаа илэрхийлээд нийтлэлийг бичсэн хүнийг “өрөвдмөөр, балмад, биеэ тоосон этгээд” гэж хатуу шүүмжилсэн байна.

Тэр “2016 онд 62 сая орчим иргэн ерөнхийлөгч Дональд Трампын төлөө саналаа өгсөн. Харин Нью Йорк Таймсд нийтлэл бичсэн нэр үл мэдэгдэх этгээдэд хэн ч санал өгөөгүй” гэж шүүмжилжээ.

Ийнхүү Дональд Трамп өөрийнх нь эсрэг Цагаан ордон дотроос ажиллаж байгаа нэг хүнийг илрүүлэх ажилтай болоод байна.

 

Эх сурвалж: AFP