Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Парагвай, Израйль улсуудын хооронд дипломат маргаан дэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Парагвайн ерөнхийлөгч, Израйлийн ерөнхий сайд нар шинэ элчин сайдын яамны нээлтийн үеэр

Өмнөд Америкийн Парагвай улс элчин сайдын яамаа Иерусалемаас Тель Авив руу буцаахаар болсон нь Израйлийн эрх баригчдыг бухимдуулж, хоёр орны харилцаа муудахад хүргэлээ.

Өнгөрсөн тавдугаар сард Парагвайн засгийн газар элчин сайдын яамаа Иерусалемд шилжүүлэхээр болж байв. Ингэснээр тэд АНУ, Гватемал улсуудын дараа Израйлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй нийслэлд элчингээ нүүлгэсэн гурав дахь улс болсон юм.

Израйль улс Иерусалем хотыг нийслэлээрээ зарласан ч дэлхийн олон улс хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь энэ хотыг Палестинчууд ирээдүйн тусгаар улсынхаа нийслэл болох ёстой гэж маргадаг.

Парагвайн ерөнхийлөгч асан Хорацио Картес өөрийн биеэр Иерусалем дахь шинэ элчин сайдын яамныхаа нээлтэд оролцож, Израйлийн эрх баригчдын талархлыг хүлээж байжээ. 

Гэвч өнгөрсөн сард Парагвайн ерөнхийлөгчөөр сонгогдсон Марио Абдо Бенитез уг шийдвэрийг цуцалж, элчин сайдын яамаа Тель Авив руу буцаахаар болсныг өчигдөр зарласан юм.

Тэр энэ шийдвэрээ Ойрх Дорнодод энх тайван байдал тогтоох олон улсын хүчин чармайлтад Парагвай улс хувь нэмрээ оруулж буйн илрэл гэж тайлбарлажээ.

Энэ мэдэгдлийн дараа удалгүй Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Парагвай дахь элчин сайдын яамаа хааж, элчин сайдаа эгүүлэн татах шийдвэр гаргасан байна.

Харин Палестины засаг захиргааныхан Парагвайн шинэ ерөнхийлөгчийн шийдвэрийг талархан хүлээж авчээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Израйлийн нийслэлээр Иерусалем хотыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан нь Вашингтоны засаг захиргааны уламжлалт бодлогыг орвонгоор нь эргүүлсэн явдал болж байв.

Дэлхийн бусад их гүрнүүд уг шийдвэр нь Ойрх Дорнодод хүчирхийллийг эрчимжүүлэх аюултайг анхааруулж байсан юм.

Тавдугаар сард АНУ-ын элчин сайдын яамны Иерусалем дахь шинэ байрны нээлтийн арга хэмжээнд Трампын охин Иванка, хүргэн Кушнер нар оролцох үеэр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, 58 палестин хүн Израйлийн цэргүүдэд алагдaж байжээ.

 

Эх сурвалж: Reuters