Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк, Твиттерийн захирлууд Сенатын гишүүдэд байцаагдав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сошиал сүлжээний Фэйсбүүк, Твиттер компаниудын дээд удирдлагуудаас мэдүүлэг авах сонсгол өчигдөр АНУ-ын сенатын гадаад бодлогын хороонд зохион байгуулагджээ.

Тус сонсголд Фэйсбүүкийн хоёрдугаар хүн гэгддэг Шэрил Сандбэрг, Твиттерийн гүйцэтгэх захирал Жэк Дорси нар оролцсон байна. Сонсголын гол зорилго нь эдгээр компаниудын эрхлэн ажиллуулдаг платформд гадаад улс орнуудын зүгээс үзүүлж буй нөлөөний талаар мэдээлэл авах байв.

Фэйсбүүк, Твиттер компаниудыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн Оросын засгийн газрын нууц ажиллагааны гол хэрэгсэл болсон гэж үзэж байгаа.

Сандбэрг, Дорси нар энэ үеэр сонгуулийн үр дүнд нөлөөлөх гадаад орнуудын оролдлогоос бүрэн сэргийлж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч, цаашид энэ чиглэлд их зүйл хийхээ амлажээ. Сандбэрг “Бид асуудлыг илрүүлж, хариу арга хэмжээ авахдаа хэт удаан байснаа хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл огт болох ёсгүй байсан” гэж сенатын гишүүдэд хэлсэн байна.

Уг сонсголын өмнө Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербэрг Вашингтон Пост сонинд ярихдаа өөрийн компанийг “маш нарийн зохион байгуулалттай, сайн санхүүжилттэй, улам бүр ухаалаг болж байгаа дайсан”-тай ширүүн тэмцэл хийж байгааг өгүүлжээ.

Твиттерийн гүйцэтгэх захирал Жэк Дорси “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэрэгслийг маань манай улс орныг хагаралдуулах зэвсэг болгон ашиглаж байгаад бид харамсаж байна. Ийм асуудалтай тэмцэхэд бид бэлэн биш байснаа хүлээн зөвшөөрч байна” гэж сенатын сонсголын үеэр твиттер хуудсандаа бичсэн байна.

“Доромжлол, хэл амаар үйлдсэн халдлага, троллын арми, хүн болон ботоор явуулж байгаа суртал нэвтрүүлэг, худал хуурамч мэдээлэл, хагаралдуулах өгөөш зэрэг нь олон нийтийн хүрээнд эрүүл үзэгдэл биш. Харьцангуй цөөн тооны хорон санаатнууд Твиттерийг ашиглан өргөн хэмжээнд нөлөөлж байгаа нь муу хэрэг” гэж тэр нэмж бичжээ.

Дорси өнгөрсөн хугацаанд Оростой холбоотой 3,843 хаягийг устгаснаа энэ үеэр мэдээлсэн байна. Энэ сонсголд оролцох ёстой байсан Google компани дээд түвшний удирдлагаа илгээхээс татгалзсан тул суудал нь хоосон байсан юм.

Энэ нь зарим сенаторуудыг бухимдуулж, тэдний нэг Марко Рубио Google компанийг “биеэ тоосон” байгууллага хэмээн хатуу шүүмжилжээ.

 

Эх сурвалж: AFP