Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Цалинг цаашид инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 9 сарын 6
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

- Боловсролын салбарын цалингийн асуудал сүүлийн хэдэн өдөр олны анхааралд орж байна. Засгийн газраас ямар бодлого баримталж байна вэ?

- У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд нэг онцлог байгааг олон нийт анзаарч байгаа байх. Бид тэтгэврийг гэхэд дандаа инфляцийн түвшинтэй уялдуулан нэмж байгаа. Нэмэхгүй байж байснаа гэнэт огцом нэмэхээр дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг явдал өмнө нь байсан. Тэгвэл одоо тийм юм байхгүй. Төрийн албан хаагчдын цалингийн хувьд ч ялгаагүй. Ерөнхийдөө 2014 онд төрийн албан хаагчдын цалинг жаахан нэмсэн байдаг. Түүнээс хойш 2015, 2016, 2017 онд нэмээгүй шүү дээ. Харин одоо Засгийн газар цаашдаа төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулаад нэмье гэж байгаа юм. Гэнэт огцом байдлаар нэмэх нь юмны үнийг хөөрөгдөх эрсдэлтэй.

Гэнэт огцом байдлаар нэмэх нь юмны үнийг хөөрөгдөх эрсдэлтэй. 

Сангийн яамны хувьд эдийн засгийн бодлогыг зөв явуулах, үр дүнг нь нь эерэг байлгахын тулд цаашдаа юмны үнэд нөлөөлөх нь үү гэдэг тооцоо судалгааг маш нарийн хийсэн. Хамгийн зөв арга нь инфляцийн түвшинтэйгөө уялдуулаад жил болгон нэмээд л явах юм. Хэрвээ инфляцийг нэмэгдүүлэхгүй бол цалин нэмэхгүй байж болно. Инфляцийг алдчих юм бол төрийн албан хаагчдын бодит орлого буурах учраас түүнтэй уялдуулаад нэмэгдүүлэх ёстой гэдэг зарчмаар л хандаж байгаа.

- Та бол инфляцийн түвшинтэй уялдуулна гэж байна. Нөгөө талд МҮЭХ, ажил хаясан багш нар бодит тоо, амлалт хүсээд байна л даа?

- Цалин нэмэхтэй холбоотой асуудлуудыг бид нэлээд урт хугацаанд ярьж байж шийдсэн. Энэ хэмжээнээс өөрчлөгдөөд явах юм бол эдийн засагт нөлөөлөх сөрөг үр нөлөө их. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өр тавьж цалин нэмнэ л гэсэн үг. Өр ямар хэмжээний дарамт учруулдгийг бид өөрсдөө мэдэж байгаа шүү дээ. Зээл авч бизнес эрхэлдэг, зээл аваад хүүхдээ сургуульд сургаж байгаа хүмүүс хүүгийн төлбөр гээд ямар юм болдгийг мэдэж байгаа. Яг түүнтэй адил асуудал улс дээр байж байгаа л хэрэг. Миний санаж байгаагаар 2012 оны төсвөөр Монгол Улсын Засгийн газар авсан зээлийнхээ хүүд 37 тэрбум төгрөг төлж байсан.

Гэтэл намайг Сангийн сайдын ажлыг авч байхад 1.4 их наяд төгрөгийг зөвхөн авсан зээлийнхээ хүүд төлж байгаа юм. Монгол Улсын нийт ахмадуудад олгодог тэтгэвэр, мөн халамжаар олгодог тэтгэмжүүд бүгд нийлээд буюу тэтгэврийн сангийн хэмжээ 1.7 их наяд төгрөг байдаг юм шүү дээ. Бараг түүнтэй тэнцүү хэмжээний мөнгийг зөвхөн авсан зээлийнхээ хүүд төлж байсан. Үүнийг болиулж, буулгаад төсвийг цэгцлээд явж байна. Өндөр өртэй үедээ түүнийгээ ихэсгэхгүй байх ёстой биз дээ. Ний нуугүй хэлэхэд бид байгаа хэмжээндээ л нэмсэн. Үүнээс гадна Улаанбаатар хотын утаа, сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэх ёстой. Тэгэхээр нөхцөл байдлыг ойлгож байгаа олон хүн байгаа гэж би итгэж байгаа.

- Засгийн газар цалин үүнээс илүү нэмж чадахгүй гэдэг бэрхшээлээ хэллээ ч ажил хаялт үргэлжилж байна. Тэгэхээр дахиж хэлэлцээ хийх болов уу?

- Үүн дээр ойлголцох шаардлагатай. Сангийн яам тэр гурван талт гэрээ хэлцлийн тал нь биш л дээ. Гэхдээ ойлголцох шаардлагатай. Мөн байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг сайн ойлгох ёстой. Засгийн газрын хувьд үүнээс өөр хувилбар байхгүй шүү дээ. Бид байгаа бүх боломжоо дайчлаад л гаргаж байгаа зүйл.

- Цалин нэмэхгүй гэчхээд үргүй зардал их гаргалаа гэдэг шүүмжлэлийг хэлэх хүмүүс бий. Төрийн удирдлагын орон тоог цөөлөх зэргээр хэмнэлт гаргаад цалин нэмэх боломж бий юу?

- Ер нь төсвийг нэлээд таначихсан л даа. Цалинг 50 хувиар нэмнэ гэдэг үндсэндээ нэг их наяд төгрөг гэсэн үг. Ийм хэмжээний хэмнэлт гаргаж байж цалин нэмж таарна. Хэмнэлт гаргаад цалин нэмээд явах боломж байгаа ч тэр хэмнэгдэх мөнгө маань бага л байхгүй юу. Хэмнэлт гаргах асуудал зарчмын хувьд зөв. Үүн дээр Засгийн газар ажиллаж байгаа. Гэхдээ их наядаар нь мөнгө гаргаад явах боломж бол байхгүй. Бодит байдал нь тэр. Мөн энэ мөнгө зөвхөн нэг жилдээ биш шүү дээ. Цаашдаа жил бүр нэмэгдээд явдаг. Энэ жил нэг их наядыг нэмлээ гэхэд дараа жил мөн л дахиад гаргах шаардлагатай болно. Ингээд арван жилээр аваад  үзэхэд арван их наяд төгрөг юм. Ийм хэмжээний тогтвортой орлогыг бид эхлээд бий болгох учиртай. Тийм болохоор бид орлого, зарлагаа хараад төсөв дээр учруулах дарамтаа бодоод зохицуулалтаа хийж явдаг учиртай. Бидний хувьд дан ганц төрийн албан хаагч гэлтгүй 3.2 сая хүнийхээ эрх ашгийг бодох ёстой шүү дээ.

2012, 2013 оныг эргээд саная л даа. Баахан мөнгө хэвлээд “Сайн хувьцаа" гэхэд л 300 мянган төгрөг тараасан. Энэ мэтээр “Сайн оюутан”, “Сайн хашаа”, “Сайн малчин" хөтөлбөрүүд байна. Дээр нь 1.5 тэрбум ам.доллар аваад мөн л тараасан. Үр дүн нь юу болов. Тийм үргүй зардал гаргаж, эдийн засгийн буруу бодлого явж байхад бас Үйлдвэрчний эвлэлийнхэн маань дуу хоолойгоо сайн хүргэж байх ёстой л доо. Эдийн засгийн буруу бодлого явна гэдэг нь маргааш төрийн албан хаагчдын цалин эргээд Монгол Улсын нийт 3.2 сая хүний амьдралд сөргөөр нөлөөлөх зүйл. Тэр үед нь “Та нар мөнгө хэвлэж болохгүй шүү” гээд жагсаж буруу бодлоготой тууштай тэмцэж байх ёстой. Өөрөөр хэлбэл буруу зүйл дээр бас дуу хоолойгоо нэгтгэж байгаасай гэж хүсэж байгаа.

- Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмбэл их наяд төгрөг болно гэлээ. Төрийн албан хаагчдын цалингийн сан нийт хэдэн төгрөг байдаг вэ?

- Төрийн албан хаагчдын нийт цалингийнхаа сан одоо хоёр их наяд орчим байгаа. 50 хувь гэхээр нэг их наяд болно.

- Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн урамшууллыг цалингийн нэмэгдэл болгосон гэж ойлгож болох уу?

- Ер нь тийм. Анх урамшуулал гээд олгоод эхлэхэд олон нийт эсэргүүцсэн шүү дээ. Манай төрийн албан хаагчид, эрүүл мэнд, боловсролын салбарынхан ч гэсэн нэг удаагийн биш тогтмол цалин нэмэгдэх эх үүсвэртэй байх нь чухал гэж үзэж байсан. Тийм учраас үндсэн цалин нэмэгдээд явж байгаа. Энэ мэтээр жил бүр инфляцтай уялдаад цалин нэмэгдээд явна. Цаашдаа барих зарчим юм.

- Та Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн нь боломжийнхоо хэрээр хийсэн алхам гэж байна. Ер нь нөхцөл байдал ямар байгаа вэ?

- 2012-2016 оны хооронд цалинг нэг удаа буюу 2014 онд нэмж байсан. Тэр хугацаанд юу болов гэхээр 1,386 төгрөг байсан ам.долларын ханш 2,000 төгрөгт хүрсэн. Монгол Улсын өрийн хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн өсөлт саарсан. Засгийн газрын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн хэмжээгээр бол 80 хувьтай байсан юм. 2017 оны эхний нэгдүгээр сард шүү дээ. Энэ нь 2018 оны төгсгөл гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувь буюу бүхэл бүтэн ДНБ-ий 20 хувьтай тэнцэхүйц хэмжээг“ээр буурч байгаа. Өрийн дарамт ингэж буурч байна. Гэхдээ энэ дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувьтай тэнцэхүйц өр гэдэг бол өндөр үзүүлэлт. Ер нь хэвийн хэмжээгээр бол 40 хувиас доошоо байх ёстой гэж үздэг. Тэр 40 хувь руу орохын тулд бид дахиад гурван жил нэлээд тууштай, зөв бодлого явуулах шаардлага байгаа.

Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувьтай тэнцэхүйц өр гэдэг бол өндөр үзүүлэлт.

Мөн Засгийн газар 180 мянган төрийн албан хаагчаасаа гадна 3.2 сая иргэнээ бодох ёстой шүү дээ. Хувийн хэвшилд өнөөдөр сая гаруй хүн ажиллаж байна. Хэрвээ хувийн хэвшлийн орлого нь сайн байвал тэнд ажлын байр, цалин хөлс нэмэгддэг. Тэгэхээр Засгийн газрын хувьд хувийн хэвшлээ ч сайн бодож ажиллах учиртай. Тиймээс яах аргагүй Монгол Улсынхаа зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх шаардлагатай болно. Зээлжих зэрэглэл нэмэгдэж байж хүү буурдаг, ханш тогтвортой байхаас гадна Монгол Улс руу хөрөнгө оруулалт нэмэгддэг. Тэгж зээлжих зэрэглэл нэмэгдэж байж манай дотоодын бизнесменүүд ч гэсэн бизнесээ тэлдэг. Зээлжих зэрэглэл унаад байвал бизнесийн эрсдэл нь улам нэмэгдэж үйл ажиллагаагаа хумиад байна. Тийм болохоор үүний тулд бид яах аргагүй Монгол Улсынхаа өрийг буулгах ёстой шүү дээ.

- Тэгвэл үүний төлөө ямар ажил хийв?

-Дөрөв, таван төсөвтэй явж байсан зүйлийг нэг төсөвтэй болгосон. Төсвийн алдагдлыг тасралтгүй буулгаж байна. Арилжааны банкуудад мөнгө өгчхөөд эргээд өндөр хүүтэй зээлж байснаа зогсоосон. Бүх мөнгөө эргүүлээд арилжааны банкуудаас авсан. Өндөр хүүтэй зээлийг буцаагаад бүгдийг нь төлөөд явж байгаа. Тэр мөнгийг арилжааны банкууд аваад эргээд аж ахуйн нэгж, бизнесүүд рүү зээл болгоод гаргаж байна. Энэ нь эргээд бизнесийг тэтгэж байгаа хэрэг. Урьд нь юу болдог байсан гэхээр арилжааны банкууд байгаа мөнгөө Засгийн газарт зээлүүлчхээд сууж байдаг байхгүй юу. Яагаад гэхээр Засгийн газар эргээд мөнгөө авахад хамгийн эрсдэл багатай байсан. Тэр хэрээр бизнес хумигддаг. Дагаад хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн ажилгүйдэл нэмэгдэж, цалин орлого буурдаг, компаниуд дампуурдаг ийм зүйл явагдаж байлаа.

Төрийн албан хаагчдынхаа цалинг бага байгааг бид мэдэж байгаа. Тиймээс ч эдийн засгийг эрүүлжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих бодлогынхоо хүрээнд байгаа бүх нөөц боломжоо ашиглаад сая цалин нэмсэн. 2017 оны намраас эхлээд сувилагчдын цалинг нэм гээд яамдын газрын дарга хийж байсан хүмүүс хүртэл үсээ хусаад явж байсан шүү дээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас ажлын байрны судалгааг нь аваад үнэхээр хүүхдийн сувилагч эсвэл мэс заслын сувилагч нарын цалин ажлын ачааллаасаа бага байна гэж үзээд цалингийн шатлалыг хоёроор нэмэгдүүлсэн. 500 мянган төгрөгийн цалинтай сувилагч шатлал хоёроор нэмэгдсэнээр 600 мянган төгрөгийн цалинтай болж байгаа. Шатлал нэмэхээс гадна дахиад инфляцийн түвшинтэй уялдуулаад найман хувиар нэмнэ шүү дээ. Тэгэхээр 500 мянган төгрөгийн цалин авдаг хүүхдийн сувилагчийн цалин 650 мянга болж нэмэгдэж байгаа.

Үүнээс гадна ерөнхий сувилахуйн сувилагч байлаа гэхэд дахиад нэг шатлал нэмэгдэнэ. Цэцэрлэгийн багш мөн ялгаа байхгүй 750 мянган төгрөгийн цалинтай байсан бол нэг шатлал дээр дахиад найман хувь нэмэгдэхээр боломжийн хэрээр нэмэгдэж байгаа юм л даа. Иймэрхүү зүйлсийг бид яг байгаа нөөц боломжийнхоо хүрээнд хийсэн. Үүнийг олон нийт ч ойлгож байгаа болов уу гэж бодож байна.

- Өрийн хувьд?

- 2018 онд Засгийн газар Чингис бондын 500 сая ам.долларын өрийг төлсөн. Димсан нэртэй нэг тэрбум юанийн өрийг төлсөн. Үүнээс гадна арилжааны банкнуудаас авчихсан байсан өндөр хүүтэй дотоодын бондуудыг бид бүгдийг нь цаг хугацаанд нь төлсөн. Сонгуулийн өмнө мөнгө хэвлэж байгаад хийсэн сайн хөтөлбөрүүдээс “Сайн хувьцаа”-наас бусдыг нь дуусгалаа. Гэх мэтийн өрийн дарамтуудаа шийдээд явж байгаа.

- Та өрийн дарамтын талаар ярьж байна. Ер нь манай улс хэзээ өрийн дарамтаасаа гарах юм бол?

- Би түрүүн хэлсэн. 40 хувь РУУ оруулахад гурав, дөрвөн жил шаардлагатай гэж. Одоогийн явуулж байгаа бодлогыг үргэлжлүүлбэл шүү дээ. Тэгэхгүй явж байсан бодлогодоо тууштай биш хазайгаад ингэе тэгье гээд яваад байх юм бол өрийн хэмжээ дорхноо эргээд өсчихнө. Одоо эдийн засгийнхаа зөв бодлогыг тууштай явуулаад өрийг буулгаад авчих ёстой. Мөн хувийн хэвшил хөгжих боломжуудыг сайн хангаж егөх ёстой. Өөрөөр хэлбэл долларын ханш тогтвортой, үнийн өсөлт багатайн дээр Монгол Улсын валютын нөөц ихтэй, төсөв нь алдагдал багатай, төсөв мөнгөний бодлого нь зөв ийм л орчныг хүсэж байгаа. Хэрвээ үүнийхээ дагуу эдийн засгийн зөв бодлого явагдаж байвал бизнес эрхэлж байгаа хүмүүс зөв бодлого явж байгаа боломжийг ашиглаад бизнесийнхээ хүрээг нэмэх ийм л зорилготой. Ер нь санхүү, мөнгө өөрөө сахилга бат шаарддаг зүйл байхгүй юу. Ийм ч учраас бид төсвийн сахилга бат, хууль дүрэм дээрээ хатуу байх ёстой гэдгийг Сангийн яам, Засгийн газар хатуу баримталж байгаа.

- Сөрөг хүчний зүгээс давж биелсэн төсвийн орлогыг цалин нэмэгдүүлэхэд зарцуулсангүй гэх шүүмжлэл хэлж байсан удаатай. Төсвийн давж биелсэн орлого хаашаа яваад байна вэ?

- Нэг юмыг ойлгох ёстой. 2018 оны төсвийг батлахдаа 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж өгсөн. Тэгээд Сангийн яамыг 1.4 их наяд төгрөгийн зээл ав гэсэн эрхтэй хийсэн. Алдагдалтай төсөв гараад ирэхээр бид давсан орлогыг алдагдалтай төсвийг зээл авахгүйгээр явуулахад л ашиглаж байгаа. Өөр тэнд янз бүрийн юм байхгүй шүү дээ. Энгийнээр тайлбарлавал, орлогоо 500 сая төгрөг гэж хэлчхээд зарлагаа хоёр тэрбум төгрөгөөр тавьчхаад орлого нь тэрбум болохоор одоо 500 саяыг зарцуулна гэж болохгүй биз дээ. Яагаад гэвэл угаасаа зардал нь хоёр тэрбум юм чинь. Манай төсөв яг л тийм байгаа юм. Тэгэхээр бизнесийн үйл ажиллагаа идэвхжээд татвар нэмж орж ирж байгаа нь Сангийн яам зээл авах шаардлагагүй л болгочхож байгаа байхгүй юу.

- Цалин нэмэх асуудал дээр ОУВС-тай хамтарсан хөтөлбөр нөлөөлж байгаа юу?

- Манайх чинь өрөө төлж чадахаа байгаад хандив цуглуулж эхэлсэн шүүдээ. АНУ, Солонгос, Япон, Хятад ч бай ОУВС-гийн хөтөлбөргүйгээр мөнгө өгөхгүй. Яагаад гэхээр эдийн засгийн буруу бодлого явагдаад өгсөн мөнгө нь эрсдэлд орчих вий л гэж бодож байгаа. Эдийн засгийн бодлого нь зөв болоогүй тохиолдолд хэн ч мөнгө өгөхгүй. Ингээд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж тэр хөтөлбөрийг дагасан хөнгөлөлттэй зээлүүдийг авна. Засгийн газар тодорхой амлалт өгч байж энэ мөнгийг авч хэрэгжүүлж явж байгаа. Тэгэхээр хамтраад тодорхой нөхцөл тавиад тодорхой зорилгын төлөө явж байгаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй харилцан ойлголцох учиртай. Тэгэхгүй мөнгийг нь авчихдаг амласан зүйлээ хийдэггүй хулхи зан гаргаж болохгүй шүү дээ.

Ер нь цаашдаа Монгол Улс дэлхийн том орнуудтай, санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Өнөөдрөөр бидний харилцаа дуусчихгүй. Маргааш, нөгөөдөр, тав арван жил, 100 жилийн дараа ч энэ харилцаа явж байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас хамтарч ажиллаж байгаа тохиолдолд хүндэтгэлтэйгээр ийм асуудал байна, бид ийм бодолтой байна, ингэж шийднэ гэж байнгын ойлголцож, зөвшилцөж явах нь зүйтэй л гэж үзэж байгаа. Түүнээс мөнгийг нь авах болохоороо авчихдаг. Тэгээд бодлогоо хамаагүй орхичихдог байж болохгүй л дээ.

- Сая нэмсэн цалингийн нэмэгдлийн асуудлаар ОУВС-тай тохиролцсон гэж ойлгож болох уу?

- Цалин нэмэхээ бид ойлголцсон. Цалин тэтгэврийг ер нь цаашдаа яаж нэмэх үү гэдэг дээрээ ч ойлголцсон.

- Саяхан УИХ-ын гишүүн Л .Энхболд мэдээлэл хийж ихээхэн хэмжээний нүүрс хууль бусаар хилээр гарсан тухай хэллээ. Та Засгийн газраас гарсан ажлын хэсгийг ахалсан юм билээ. Үнэхээр ийм хэрэг гарсан уу?

- Үүн дээр хууль зөрчсөн маш олон үйлдлүүд бий. Хууль зөрчсөн байгууллагуудыг АТГ, тагнуул, цагдаад шалгуулах бүх материалыг бид өгчихсөн байгаа. Олон ноцтой асуудлууд тэнд бий.

- Тухайлбал?

-Нийт монголчууд хувь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компани байна. Яахаараа түүний талбай руу тодорхой хэсэг нь хувийн, тодорхой хэсэг орон нутгийн компаниуд ороод нүүрс авдаг юм. Хэн зөвшөөрөл өгдөг юм, хэмжээг нь яаж тогтоодог юм. Ямар үнээр хаана, ямар нөхцөлөөр борлуулагдаж вэ гэдэг асуудлуудыг яах аргагүй хууль хяналтын байгууллагууд үзэж шалгах ёстой. Нэг жишээ хэлэхэд 2016 онд таван машин 450 орчим удаа хилээр хоосон ороод гарчихсан. Ерөнхийдөө 340 мянган тонн нүүрс бүртгэлгүй л ороод гарчихсан асуудал бий. Түүнд чинь татвар байх ёстой. Энэ мэт олон асуудал тэнд байгаа юм. Жишээлбэл, уулынхаа ажлын төлөвлөгөөг батлуулаад жилд бид төчнөөн сая тонн нүүрс олборлоно гээд явах ёстой. Гэтэл тэр тоо нь зөрүүтэй. Тэр битгий хэл хилээр гарсан машин, төрийн байгууллага дээр байдаг тоонууд нь зөрүүтэй байгаа.

Хилийн байгууллагад хэчнээн машин гарсан гээд нэг тоо байхад гааль дээр бүрдүүлэлт хийгээд гарсан машины тоотой зөрөх жишээтэй. Үүнийг бас шалгах ёстой. Гэрээ хийгдчихсэн нүүрсний хэмжээ, хилээр гарсан нүүрсний хэмжээ хоёр зөрөөд байгаа. Дээр нь гарч байгаа нүүрсний чанарын асуудал бий. Уг нь бол миний үзэж байгаагаар гарч байгаа машин нүүрс болгоноос сорьц авч түүнд нь тохирсон татвар авах ёстой. Одоо бол тийм сорьц авч байгаа зүйл байхгүй. Гэх мэт олон асуудал байгаа юм. Ингэж Монгол Улсын баялаг хилээр үнэгүй гарч байгаа эрсдэл байгаа учраас Засгийн газар нэлээд өргөн хүрээтэй орж шалгасан. Хууль хяналтын байгууллагынхантайгаа хамтарсан. Ингээд тогтоогдсон зүйлүүдийг бүгдийг нь хууль хяналтын байгууллагууд руу шилжүүлчихсэн. Шалгагдаад явж байгаа.

Зураг