Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Хоккайдо аралд хүчтэй газар хөдөлж, хүний амь үрэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Японы хойд арал Хоккайдод өнгөрсөн шөнө 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, хөрсний нуралт үүссэнээс иргэдийн сууцнууд дарагдаж, нэг хүн амь үрэгджээ.

Мөн олон тооны хүн сураггүй болсон байна. Ацума тосгон бүхэлдээ уулын хөрсний нурангинд дарагдсаныг NHK сувгийн нисдэг тэрэгнээс авсан зураг харуулжээ.

Нуралтын улмаас 10 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэний заримын биеийн байдал хүнд байгаа гэнэ. Мөн 20 орчим хүн сураггүй болжээ.

Замууд хаагдаж, олон газарт цахилгаан тасарсан байна. Одоогоор амиа алдсан нь мэдэгдэж байгаа 82 настай эрэгтэй газар хөдлөлтийн үеэр гэрийнхээ шатнаас унасан гэнэ.

Шөнийн 3:08 цагт газар хөдөлсөн бөгөөд цунами үүсэх эрсдэл байхгүйг Японы Цаг уурын хүрээлэн мэдээлжээ.

Газар хөдлөлтийн төв цэг Саппоро хотоос зүүн өмнө зүгт 68 км зайтай, 37 км гүнд байгааг тогтоосон байна.

Ерөнхий сайд Шинзо Абэ өглөөний 6:00 цагт шуурхай хуралдаан зарлаж, аврах ажиллагааг зохион байгуулах ажилд оржээ. Байшин барилгад дарагдсан хүмүүсийг аврах нь засгийн газрын нэн тэргүүний зорилт гэж тэр мэдэгдсэн байна. Газар хөдөлсөн бүс нутгийн цөмийн цахилгаан станцуудад ноцтой гэмтэл гараагүйг засгийн газар мэдээлжээ.

Өнөөдөр тус бүсийн олон сургууль хаалгаа барьж, 2.95 сая өрх гэр цахилгаангүй болоод байна. Газар хөдлөлтийн дараа бага хэмжээний цуврал чичиргээ бүртгэгдсэний хамгийн хүчтэй нь 5.4 магнитуд хэмжээтэй байсан гэнэ.

 

Эх сурвалж: Japan Today