Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга “Нэг хот-Нэг стандарт” зорилт дэвшүүллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн засаг дарга С.Батболд “Нэг хот-Нэг стандарт” гэсэн зорилт дэвшүүлж, үйл ажиллагааныхаа чиг шугам болгож буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр, “Нийслэлд амьдарна гэдэг иргэд нь нийслэлийн стандартад нийцсэн үйлчилгээ авна гэсэн үг. Улаанбаатарыг удирдана гэдэг хотоо дэлхийн хотуудын стандартад хүргэнэ гэсэн үг. Хотын даргын хийх ажил ердөө л энэ.

Бага тойргоос Багахангай, төв талбайгаас захын хороолол хүртэл нийслэл хотын 4,700 ам дөрвөлжин километр дэвсгэр нутагт нэг л стандарт байх ёстой. Агаарын чанар, сургуулийн хүрэлцээ, гадна тохижилт, нийтийн тээвэр, барилга орон сууц гээд хотын амьдралын хэм хэмжээ болсон үзүүлэлт өдөр шөнө шиг өөр өөр байх ёсгүй гэсэн бодлого хотын удирдлагын багийн гол үзэл санаа.

Манай нийслэлийн үлгэр загвар, зорилго зорилт бол Сингапур. Бид тэдний стандартад ойртон дөхөж, гүйцэж хүрэх ёстой. Энэхүү зорилтын үр дүнг товчхондоо нийслэлийн 1.4 сая иргэн бүрт нэг л стандарт томьёолон ойлгосон ч болно. Нийслэлийн засаг даргаар ажиллаж ирсэн өнгөрсөн 800 хоногийн ажлаа ч би энэ зорилгод зангидаж ажилласан" хэмээн ярилаа.

Хотын дарга үргэлжлүүлэн дараах жишээнүүдийг танилцуулав.

  • Эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил. Нэгдсэн III эмнэлэг, Гэмтэл согогын үндэсний төвийн гаднах зам талбайг үйлчлүүлж байгаа иргэдэд ая тухтай байх стандартад хүргэж тохижуулсан. 
  • “Баянхошуу”, “Сэлбэ” шинэ дэд төв. Гэр хорооллын иргэдэд дэд бүтцийг нь хүргэж өгөх их ажлын эхлэл нь энэ юм.  Эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ, хангамж бүхий эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлсэн, бие даан хөгжсөн, дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох нь энэ том төслийн зорилго. Гэр хороолол маань орон сууцны хороолол болох эхлэл энэ.
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв. Зургаан буудалд төрийн үйлчилгээний 4 дэх төвөө байгуулсан. Төрийн үйлчилгээ авах гэж төв рүү цаг үрэх хэрэггүй болсон.

Эдгээр цөөхөн жишээ бол “Нэг хот-нэг стандарт” гэдэг их ажлын эхлэл гэдгийг хотын дарга онцлон хэлэв.

"Налайхын замыг дөрвөн эгнээ болгох асуудал бараг шийдэгдсэн"

Хотын даргын өнөөдөр өгсөн мэдээллийн чухал хэсэг нь нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын тухай байлаа. Тодруулбал,

  • Түгжрэлийг бууруулахын тулд томоохон гүүрүүд барьж байна. Яармагийн гүүр 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад орно, Баянзүрх болон Сонсголонгийн гүүр ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад орно. Зайсангийн гүүрийг гоёмсог байдлаар барихаар төлөвлөж байна. 2019 онд тодорхой шийдэлд хүрнэ.
  • 2016 оноос эхэлж яригдсан Налайхын 20.9 км замыг 4 эгнээ болгох асуудал бараг шийдэгдсэн. Ирэх хоёр долоо хоногт Сангийн яам БНХАУ-ын холбогдох байгууллагатай тохиролцож, ирэх оны гуравдугаар сард замын барилгын ажлыг эхлүүлнэ.
  • Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн уулзвар хүртэл үүсч байгаа түгжрэлийг шийдэхээр дөрвөн эгнээ болгон өөрчлөхөөр болсон. Зүүн аймгууд болон хоёр дүүрэг рүү чиглэсэн хөдөлгөөн үргэлж түгжрэл үүсгэдэг энэ замыг 14 хоногийн дотор зам хаахгүйгээр шуурхай барих ажээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн товчоог татан буулгаж, мөнгө хураадаггүй болж буй аж.
  • Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлын зам энэ оны 11 дүгээр сард нээлтээ хийж,  ирэх оны дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орно.
Иргэдийн мэдээлэлд үндэслэн 129 орц, гарцыг чөлөөлжээ

Түүнчлэн хотын удирдлагуудын зүгээс иргэдийн оролцоо, соёлд суурилсан цөөнгүй ажил амжилттай хэрэгжиж буйг С.Батболд дарга хэлсэн. Тухайлбал, түрээсийн унадаг дугуйны “UBike” төсөл. Дугуйг гэртээ аваачдаг, эвддэг байдал өөрчлөгдөж Улаанбаатарчууд дугуй түрээсийн соёлд суралцаж байгаа аж. Хотын зүгээс дугуйн замыг нэмэгдүүлэх сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Мөн иргэдийн мэдээлэлд тулгуурласан “Зам чөлөөл” аяны хүрээнд 129 орц, гарцыг чөлөөлжээ.