Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн насанд хүрсэн хүн амын дөрөвний нэг нь эрүүл байх хэмжээний хөдөлгөөн хийхгүй байгааг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) сүүлчийн судалгаагаараа дэлхийн насанд хүрсэн хүн амын дөрөвний нэг нь, голдуу баян чинээлэг орны иргэд хангалттай хөдөлгөөн хийхгүй байгаагаас эрүүл мэнд нь эрсдэлд орсныг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл 1.4 тэрбум насанд хүрэгч эрүүл байх хэмжээний хөдөлгөөн хийлгүй, идэвхгүй амьдарч байгаа гэнэ.

Манай дэлхийн эмэгтэйчүүдийн гуравны нэг, эрэгтэйчүүдийн дөрөвний нэг нь ширээний ард, телевизийн урд удаан суух, байнга автомашин унах зэргээр хөдөлгөөнөө хязгаарлаж байгаа ажээ. Үр дүнд нь зүрх судасны өвчлөл, хоёрдугаар төрлийн чихрийн шижин, сэтгэцийн өвчин, зарим төрлийн хорт хавдар тусах эрсдэлтэй амьдарч байгааг The Lancet Global Health сэтгүүлд нийтлэгдсэн тайланд өгүүлсэн байна.

ДЭМБ насанд хүрсэн хүний долоо хоногт идэвхтэй хөдлөх хэмжээг дундаж эрчимтэй 150 минутын, нэмэгдүүлсэн эрчимтэй 75 минутын хөдөлгөөн байх ёстой гэж тодорхойлжээ.

Үүнд дугуй унахаас эхлээд алхах, гүйх, фитнес дасгал, гэрийн ажил зэрэг хөдөлгөөн багтаж байна.

Хамгийн хөдөлгөөн багатай насанд хүрэгчидтэй орнуудад Кувэйт (67 хувь), Америкийн Самоа (53 хувь), Саудын Араб (53 хувь), Ирак (52 хувь) багтжээ. АНУ-ын насанд хүрсэн эрчүүдийн 32 хувь, эмэгтэйчүүдийн 48 хувь хангалттай хөдлөхгүй байгааг тогтоосон байна.

Барууны орнуудад хөдөлгөөнгүй амьдрагчид сүүлийн 15 жилд 2001 оны 31 хувиас 2016 оны 37 хувь болж нэмэгдсэн нь хамгийн муу үзүүлэлт болжээ.

Монголын хүн амын хувьд эрэгтэй, эмэгтэй аль алины хөдөлгөөний хомсдолтой хэсгийг 0-20 хувь гэсэн хамгийн бага ангилалд оруулснаас өөр дэлгэрэнгүй мэдээлэл дээрх тайланд дурдагдаагүй байна.

 

Эх сурвалж: WHO