Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Сирийн ерөнхийлөгчийг устгуулах хүсэлтэй байсныг шинэ номонд бичжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Уотергэйтын хэргийг анх ил гаргаж байсан Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлч Боб Вүүдвардын “Fear: Trump in the White House” номын сонирхолтой хэсгүүдээс өчигдөр Вашингтон Пост сонинд нийтлэгджээ.

Есдүгээр сарын 11-нд албан ёсоор худалдаанд гарах энэ номонд Дональд Трампын Цагаан ордонд өнгөрүүлсэн эхний 20 сарын ажил амьдралыг дэлгэрэнгүй бичсэн юм.

Номонд Трампын засаг захиргааны дотоод үйл явдлууд, эмх замбараагүй байдлыг ил гаргаснаараа онцлог. Дональд Трамп дээрх нийтлэлийн дараа твиттер хуудсандаа шинэ номыг худал, хуурмаг агуулгатай, гүжир гүтгэлэг гэж няцаасан байна.

Энэхүү номын нэг хэсэгт 2017 оны дөрөвдүгээр сард Сирийн засгийн газар иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсний дараа Трамп ерөнхийлөгч Башар Аль Ассадын амийг хөнөөлгөх хүсэлтэй байгаагаа Пентагоны тэргүүнд хэлж байсныг бичжээ.

Генерал Мэттис тухайн үед үүнийг гүйцэтгэх зөвшөөрөл авахаа Трампад амлаж байсан ч оронд нь химийн байгууламжуудад агаарын цохилт өгөх төлөвлөгөө боловсруулан батлуулж байсан гэнэ. Үүний дараа Мэттис хамтран ажиллагсаддаа Трампыг “тав, зургаадугаар ангийн хүүхэд шиг” аашилсныг ярьж байсан гэж бичжээ.

Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн алба номонд бичсэн зүйлсийг зохиомол түүх гэж няцаасан байна. НҮБ дэх АНУ-ын төлөөлөгч Никки Хэйли “Би уг асуудлаар хэлэлцэхэд оролцож байсан ч Ассадыг устгах тухай ерөнхийлөгч ярьж байсныг ганц ч удаа сонсоогүй” хэмээн ярьсан байна.

Номын зохиолч Вүүдвард нь 1970-аад оны үед Уотергэйтын дуулианыг анх бичиж алдаршсан нэгэн бөгөөд АНУ-ын засаг захиргааны хөшигний арын амьдралыг харуулсан хэд хэдэн ном бичиж байжээ.

Тэр Цагаан ордонд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсээс мэдээлэл олж авсан бөгөөд эх сурвалжаа хатуу нууцалж байгаа гэнэ.

Номын өөр нэг хэсэгт Трампын эдийн засгийн зөвлөх асан Гари Кон ерөнхийлөгчийн ширээн дээрээс Өмнөд Солонгостой хийсэн худалдааны гэрээнээс АНУ-ыг гаргах шийдвэрт гарын үсэг зурахаар бэлдээд байсан албан бичгийг хулгайлж байсныг бичжээ.

Трампын протекшнист эдийн засгийн бодлогыг эсэргүүцдэг байсан Кон ийм аргаар аюултай, эрс хатуу шийдвэр гаргахаас сэргийлж байсан гэнэ.

Тэр бас Канад, Мексиктэй байгуулсан Хойд Америкийн Чөлөөт Худалдааны Гэрээнээс АНУ-ыг гаргахаар бэлдсэн байсан бичгийг ийм аргаар мартуулж байсан гэж зохиолч бичжээ.

Үүний үр дүнд Трамп дээрх хоёр гэрээнээс бүрмөсөн гаралгүй үлдэж, өнөөдөр шинэчлэн байгуулах ажил үргэлжилж байгаа гэнэ.

Мөн Цагаан ордны албаныхан Трампыг далдуур юу гэж ярьдаг байсан тухай номонд бичсэн байна. Тухайлбал Цагаан ордны тамгын газрын дарга Жон Кэлли бусад хүмүүстэй ярихдаа Трампыг “тэнэг” гэж нэрлээд “Бид Галзуучуудын хотод амьдарч байна. Энэ бол миний амьдралдаа хийж байсан хамгийн муухай ажил” гэж байжээ.

Трамп бас өөрийн тойрон хүрээлэгчдээ элдвээр хэлж тохуурхдаг байсныг бичсэн байна. Тухайлбал тэр худалдааны сайд Уилбур Россыг өмнө нь хэн байсныг үргэлж сануулж, ерөнхий прокурор Жэф Сэшнсийг “сэтгэцийн асуудалтай”, “өмнөдийн тэнэг” хэмээн ярьдаг байжээ. 

Өчигдөр Трамп твиттер хуудсандаа Сэшнсийг тэгж хэлж байгаагүйгээ илэрхийлж “Би хэзээ ч хэнийг ч, тэр дундаа Сэшнсийг ийм үгээр тодорхойлж байгаагүй. Өмнөд мужаас гаралтай байх нь харин ч бахархам хэрэг. Тэр биднийг хагаралдуулах гэж ийм зүйл бичсэн!” гэсэн байна.

Жон Кэлли бас өчигдөр Трампыг хэзээ ч "тэнэг" гэж хочилж байгаагүй, энэ бүхэн худал зохиомол зүйл гэж мэдэгджээ.

Ийнхүү Цагаан ордны далд амьдралыг илчилсэн бас нэг ном ирэх долоо хоногт худалдаанд гарахаар болсон байна.

 

Эх сурвалж: Reuters