Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: 50 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний хууль бусаар олгогдсон газрыг хураалаа

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулдаг "Хот ба сэтгүүлч" дөрөв дэх удаагийн уулзалт  боллоо.

Уулзалтын эхэнд Засаг дарга нийслэл хотод хийгдсэн онцлох ажлуудыг танилцууллаа.

"Бизнесийн байгууллага хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг хот шүүрч авахгүй"

Тэрбээр "Намрын их ажил эхэлж байгаа энэ өдрүүдэд хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгье.

Би хотын даргын ажлаа аваад 800 орчим хоног болсон байна. Энэ хугацаанд шийдвэрлэсэн асуудлуудаас хамгийн эхэнд онцлох асуудал бол Улаанбаатар хот өргүй болсон талаар юм. 2016 оны долоодугаар сард намайг ажил авах үед хот 100 тэрбум орчим төгрөгийн өртэй байсан. Энэ өрийг бүрэн төлж барагдуулсныг  дуулгая. Одоо Улаанбаатар хот гадна дотны санхүүгийн байгууллагуудтай харьцахад ямар ч асуудалгүй болсон. Мөн дүүрэг, агентлаг болгонд байсан дансыг хааж, зөвхөн нэг дансаар хотын бүх гүйлгээг хийж байгаа. 

Хоёрдугаарт, бизнесийн байгууллага хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг хот шүүрч авахгүй байх зарчим баримталж байна. Хот өөрийнхөө дэргэд баахан улсын үйлдвэрийн, орон нутгийн өмчит байгууллага байгуулж алдагдалтай ажилладаг байдлыг таслан зогсоохоор ажиллаж байгаа. Энэ ажил дээр Улаанбаатар хотын худалдааны танхим голлох үүрэгтэй ажиллаж, хувийн хэвшилд хотын зүгээс ирэх дарамтыг багасгахад анхаарч байна. 

"Нийслэлийн тулгамдсан олон асуудлыг эрх зүйн байдлыг дээшлүүлэх замаар шийдвэрлэх боломжтой" 

Гуравдугаарт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж, УИХ-д өргөн барьсан. УИХ дээр эхний хэлэлцүүлгийг хийх байнгын хорооны шийдвэр гарчихсан учраас намрын чуулганд багтаад шинэчилсэн төслийг батлуулахаар ажиллах болно. 

Энэ хуулийг баталж өгвөл нийслэл Улаанбаатар хот өөрөө тусгай статустай болно. Өнөөдөр Улаанбаатар хот 40,000 хүнтэй аймгийн статустай байгаа. Тусгай статустай болсноор өөрөө төсвөө бүрдүүлдэг, татвараа тогтоодог болох гэх мэт олон өөрчлөлт орно. Одоо бол хотын дарга аль яаманд дээр очоод манай сургуулийг засаад, замыг шинэчлээд өгөөч гээд явж байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаасаа хойш огт шинэчлэгдээгүй. Тэр үед нийслэл хот 400,000 хүн амтай байсан бол одоо 1,370,000 хүн амтай. Өнөөдрийн нийслэлд тулгамдаж байгаа олон асуудлыг эрх зүйн байдлыг дээшлүүлэх замаар шийдвэрлэх боломжтой гэсэн гарцыг бид харсан.

 Улаанбаатар хот 40,000 хүнтэй аймгийн статустай.

Шинэчлэн найруулсан хуулийн төсөлд төвлөрлийг сааруулах, дэд төвүүдийг хөгжүүлэх, шинэ дэд төвд суурьшсан иргэдэд хөнгөлөлт үзүүлэх гэх мэт олон асуудал орсон" гэв. 
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Засгийн газрын ачаалал ч 50 хувиар буурах судалгаа гарчээ.

Тодруулбал, Улаанбаатарт нийт хүн амын 52 хувь аж төрж, улсын эдийн засгийн 64 хувийг хотын эдийн засаг бүрдүүлж байгаа юм. 
"Сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн талбайд худалдаа үйлчилгээний болон орон сууцны барилга барихыг хориглосон"

Үргэлжлүүлэн хотын дарга "Би газрын асуудлаар реформ хийнэ гэж гарч ирсэн. Улаанбаатар хотод дөрвөн уулын дунд хувьчлах газар байхгүй. Гэтэл зарим иргэн, ААН-ийн нэр дээр их хэмжээний, олон тооны газар байгаад байна. Нэг компани 10 гаруй газартай байх тохиолдол байна.

Тиймээс хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг цуцалж, газрыг нийслэл буцаан мэдэлдээ авч байгаа. Газрын албанаас надад ирүүлсэн хамгийн сүүлийн мэдээгээр хууль зөрчиж олгогдсон 58 байршлын 570 мянга орчим метр квадрат газрыг хурааж авсан байна. Энэ нь 50 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний газар гэсэн үг. 

Дараагийн нэг чухал шийдвэр бол сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн талбайд дахин худалдаа үйлчилгээний болон орон сууцны барилга барихыг хориглосон шийдвэр гаргаад байна" гэсэн мэдээлэл өглөө.