Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тулга: Монголдоо анхдагч хүнсний эслэгтэй сүүн ундааг үйлдвэрлэлээ

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2018 оны 9 сарын 5
Зууны мэдээ

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа “Соёд” компанийн ерөнхий захирал Б.Тулгыг урилаа.

 

-Монголд анх удаа хүнсний эслэгтэй сүүн ундаа үйлдвэрлэж эхэлжээ. Ер нь хүнсний үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэхэд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

-Монголд байхгүй шинэ ундааг үйлдвэрлэхийг зорьсон. Ингээд компаниа байгуулан хүнсний эслэгтэй сүүн ундааг Япон технологиор үйлдвэрлэж байна. Шинэ зүйлийг эхлүүлж байгаа учраас зарим бэрхшээлтэй тулгардаг.

Гэхдээ нэгэнт эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харахын төлөө зорьж ажиллаж байна. 1919 онд Японд анхны сүүн хүчлийн ундаа үйлдвэрлэгдэж эхэлсэн байдаг. Бид шар буурцагнаас гаргаж авсан хүнсний уусдаг эслэгээр “Калпис” сүүн ундааг хэрэглэгчиддээ зориулж байгаа юм. Энэ ундаа нь цусан дахь холестеринийг багасгахын зэрэгцээ бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлнэ. Түүнчлэн ходоод гэдсэн дэх ашигтай бактерийг нэмэгдүүлж, дотоод эрхтэн системийг сайжруулна. Зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас сэргийлнэ. Цөс хөөнө. Тиймээс бид бусад компаниудтай хамтран ажиллахад нээлттэй гэдгээ энэ дашрамд хэлье.

-Японы брэндийг Монголд үйлдвэрлэхийн тулд ямар шаардлага тавьдаг вэ. Мэдээж үндэснийхээ брэндийг өөр улс оронд гаргахын тулд тухайн улсаас зөвшөөрөл авах байх?

-“Calpis” брэнд Японых боловч манай компани дотооддоо үйлдвэрлэхийн тулд тус компанитай олон удаа уулзан туршлага судалсны дараагаар үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Мэдээж үнэр, амт гаргах технологийг нутагшуулах хэрэгтэй. Түүнчлэн тодорхой хэмжээгээр үйлдвэрлэн Японд тест хийлгэсэн. Хүнсний эслэгтэй сүүн ундааны амтыг бүтээхийн тулд  тодорхой шат дамжлага явна. Монголчуудад зориулан үйлдвэрлэж буй ундаа маань Японы хэрэглэгчдийн таашаадаг амтнаас илүү хүчтэй гэж болно. Яагаад гэвэл тус улс сул амттай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Бүр тодруулбал, элсэн чихрийн орц бага байх жишээтэй. Түүнээс гадна манай үйлдвэр хэрэглэгчиддээ зориулан эрүүл мэндийн цуврал бүтээгдэхүүнийг санал болгож байгаа юм.

 

Бид “Kalpis” сүүн ундааг үйлдвэрлэхийн өмнө “Drink me” цуврал бүтээгдэхүүнийг гаргасан. Тухайлбал, зөгийн бал, лемоны найрлагатай усыг хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэсэн. Мөн нэрс, жүржийн жүүс болон зөгийн бал, лемонтой цайг үйлдвэрлэсэн. Энэ дашрамд хэлэхэд, “Калпис” сүүн ундааг чацарганы амттай болгохоор зорьж байна.

-Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст боловсон хүчний асуудал тулгамддаг. Танай үйлдвэрийн тухайд?

-Манай улсын хувьд мэргэжилтэй боловсон хүчний хомсдолд орсон гэхэд хилсдэхгүй. Энэ нь бизнес эрхлэгч бүрийн “толгойн өвчин” болдог. Сүүлийн үед залуус ачаалал даах чадвар дутаж байна уу гэж хардаг. Тухайлбал, цалин буусны дараа нэг хэсэг алга болчихно. Ер нь аль ч салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын хувьд мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах янз бүрийн хөшүүргийг хэрэглэж байх хэрэгтэй санагддаг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд тухайн ажилтны хөдөлмөрийн бүтээмж ямар түвшинд байгааг мэдэх шаардлагатай. Гэтэл юу хийж чадах, ямар бүтээмжтэй ажиллахаа харуулахаас өмнө хэдэн төгрөгийн цалин авахаа асууна. Түүнчлэн тодорхой албан тушаал хашихыг илүүд үзэж байгаа нь нийтлэг үзэгдэл болжээ. Их, дээд сургууль төгсөөд ирсэн залуусын хувьд шууд албан тушаалд томилоход зарим бэрхшээл тулгардаг. Ажлын туршлагагүй, ажиллах арга барилд суралцаагүй, багаар ажиллах чадвар эзэмшээгүй атлаа шууд удирдах албан тушаалд томилох нь бизнесийнхний хувьд нухацтай бодох асуудал байдаг. Магадгүй онолын мэдлэг эзэмшихдээ онц, сайн суралцсан байж болох ч ажил дээр гарахаар зарим үед чадахгүй зүйл их гардаг шүү дээ.

-Нэг талаас таны хэлсэн зүйл бодит байж болох ч дийлэнхдээ цалинтай холбоотой асуудал гардаг. Мэдээж аль аль талдаа анхаарах учиртай болов уу? 

-Ажилд орохоор ирсэн хүмүүс “цалин хэд вэ” гэж асуудаг. Мэдээж хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй учраас хэдэн төгрөгийн цалин авах вэ гэдгээ асууж болно. Гэхдээ цалинг нэмж болно гэдгийг тооцоолохгүй байх шиг. Тухайн хүн юу хийж чадах вэ, тогтвор суурьшилтай ажиллах уу гэдгээс хамааран нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, цалин хөлсийг нь нэмэх талаар харилцан ярилцаж, тохиролцож болдог. Хамгийн гол нь чадварлаг боловсон хүчнээ алдахгүйн тулд үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид аль болох авч үлдэхийн төлөө явдаг. Үнэхээр сайн ажилтныхаа нийгмийн болоод бусад асуудлыг нь шийдвэрлэснээр үйлдвэрийн хөгжилд далайцтай хувь нэмрийг оруулах болно. Магадгүй үйлдвэрийн эзэн, компанийн захирлын өмч мэт боловч үнэн хэрэгтээ тэнд ажиллаж буй хүмүүст бүгдэд нь хамаатай болсон байдгийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, манай үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулбал ажилтнууд цагтаа цалингаа авахаас гадна амьдрал нь илүү баталгаатай болох юм. 10 ажилтантай үйлдвэр 100 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж бодъё. 50 хувь нь бүтээгдэхүүний зардал, 20 хувь нь бусад урсгал зардал, 20-25 хувь нь цалинд зарцуулагдлаа гэхэд үлдсэн 5-10 хувь нь компанийн ашиг мэт харагдавч үүнийг үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд л зарцуулдаг. Хэрэв үйлдвэр өргөжвөл ажлын байр нэмэгдэнэ. Ингэснээр илүү олон хүний амьдрал баталгаатай болж нийгэмд тодорхой хувь нэмрээ оруулахын зэрэгцээ улсын эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ шүү дээ.

-Монголд гарааны бизнес эрхлэхэд тулгамдаж байгаа асуудал нь юу вэ. Бусад орнуудад янз бүрийн хөшүүрэг байдаг юм билээ. Тодруулбал, манай урд хөрш гарааны бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд эхний таван жил татвараас чөлөөлдөг гэх мэт?

-Бэрхшээлийг тоочоод байвал барагдахгүй. Бизнесийнхний хувьд ямар ч асуудал гарсан өөрсдөө үүрээд гардаг. Сүүлийн үед анзаараад байхад хөрөнгө оруулалтаа үр дүнгүй болгох вий гэх болгоомжлол илүү байх шиг. Мэдээж бизнест унаж, босох үе бий. Манай улсын хувьд бусад орнуудтай харьцуулахад бизнес хийх орон зай байгаа. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бий. Харин ямар салбарт орж ажиллах вэ гэдгээ маш сайн судлах хэрэгтэй. Мөн ачаалал даах чадвартай байх ёстой. Миний анзаарснаар судалгаа дутуу хийснээс үүдэн дампуурах эрсдэлд хүрдэг юм болов уу.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн. Гэхдээ бизнест төр хэт оролцоотой байх нь зарим талаараа унагах аюултай гэдгийг үйлдвэрлэгчид ярьдаг юм билээ?

-Тодорхой бизнесийг төрөөс салган хувийн хэвшилд даатгасан нь дээр гэж боддог. Төрийн нүсэр бүтцийг аль болох цомхон байлгах нь илүү өгөөжтэй. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл, тусламжид гарааны бизнес эрхэлж байгаа компаниуд хамрагдах боломж нь хомс. Тодорхой түвшинд ажиллаж байгаа үйлдвэрлэгчдэд илүү нээлттэй байдаг. Ядаж л барьцаа хөрөнгийн асуудлаас эхлэн тухайн бизнес оршин тогтнох эсэхээс үүдэн болгоомжилдог байх. Нэг талаараа болгоомж хэрэгтэй ч нөгөө талаас нь харвал шинэ тутам гарч ирэх бизнесийн дэмжих хөшүүрэг хэрэгтэй. Ялангуяа технологийн шинэчлэл хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед бид дэлхийтэй хөл нийлэн алхахын тулд хором бүрийг алдалгүй ашиглах учиртай. Үүний тулд шинэ соргог зүйлийг дэмжих тодорхой бодлогыг төрөөс баримтлах хэрэгтэй юм болов уу гэж хардаг. Түүнчлэн төрийн тогтвортой бодлого, хууль эрх зүйн орчны зохицуулалтын талаар хүмүүс ярих болжээ. Хамгийн гол нь цаасан дээр буусан бичиг ямар ч сайн найруулгатай, бусад улс орнуудаас илүү давуу талтай байлаа ч хэрэгжихгүй бол хэнд ч хэрэггүй шүү дээ.

Зураг