Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Заамар сумын иргэд АМГТГ болон МХЕГ-т шаардлага хүргүүлэхээр иржээ

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Төв аймгийн Заамар суманд "Алт I" хөтөлбөрийн хүрээнд нийт 52 мянга гаруй га талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдож, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй нутаг дэвсгэр юм. Энэ нь Хайлааст багийн нийт газар нутгийн 75 хувийг эзэлдэг аж.

 
Гэрэл зургийг: mpa.mn

"Гэтэл саяхан баталсан Алт II хөтөлбөрийн хүрээнд тус сумд буй туул голын хамгаалалтын бүс, малчдын бэлчээр газар болон ашигт малтмалын тухай хуулиар хориглосон, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт нийт 21,000 га талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, газар нутгийн ихэнх нь үүнд орсон" гэж Хайлааст багийн иргэдийн төлөөлөгч Б.Отгонбаяр мэдээлэв.

Иймд Заамар сумын ард иргэд Улаанбаатар хотыг зорьж ирэн сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Хайлаастын III багийн нутаг, Их тохойрол гэх газарт "Эко алтан заамар компани"-д 2,534 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.

Тус компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд удаа дараалан эсэргүүцэж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, холбогдох яам тамгын газруудад хандсаны үндсэн дээр БОАЖЯ-аас өнгөрсөн долоодугаар сард 2018/2 тоот дүгнэлтийг гарган тус лицензийг цуцлах саналыг АМГТГ-т хүргүүлсэн юм.

Дээрх дүгнэлтэд үндэслэн лицензийг цуцлах байсан ч АМГТГ-аас энэ сарын наймны өдөр "Ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдоогүй тул тусгай зөвшөөрөл ирүүлсэн баримт бичгийг хянан үзнэ үү" гэж БОАЖЯ-нд хариу бичиг ирүүлжээ.

Үүнд нутгийн иргэд ерөнхий чиг үүргийн дагуу ажилладаг БОАЖЯ-аас гаргасан шийдвэрийг үл харгалзан АМГТГ-аас тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа "Эко алтан Заамар" ХХК-ийн тайлбарыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн "том толгойллоо" гэж үзээд байгаа юм.

Өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг тус компанид хийсэн шалгалтаар "Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тодотголоо БОАЖЯ-аар батлуулаагүй" хууль зөрчин олборолтын үйл ажиллагаа явуулж байгаа тул тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргасан удаатай.

Гэвч компани МХЕГ-ын тавьсан лацыг дур мэдэн авч одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгааг мэдээлэхээр нутгийн иргэд Улаанбаатарт зорьж ирсэн гэдгээ хуваалцсан юм.

Үүнээс гадна Заамар суманд алтны лиценз эзэмшдэг "Эрдэнэсийн эрэг" ХХК орон нутгийн иргэдийг хагалан бутаргах, Төв аймгийн цагдаагийн ажилтнуудаар гэрчийн мэдүүлэг авах нэрээр иргэдийг эрүүдэн шүүж, дарамтлах, ИТХ-ын төлөөлөгч нарыг зохиомол хэрэгт хутган дарамталж байгаа талаар мөн мэдээлсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч Л.Амгаланбаяр "Эдгээрээс жишээ болгон дурдвал, Монгол Улсад рецидив гэмт явдлаараа олны танил болсон Х гэх иргэн өнгөрсөн жилийн наймдугаар сард хоёр хүний хамт Заамар сумын Засаг дарга Б.Самбуугийн албан өрөөнд орж дарамталж, эрүүл мэнд, амь насанд нь ноцтойгоор заналхийлсэн тохиолдол гарсан. 
Тэрбээр "Эрдэнэсийн Эрэг бол манай компани тийм учир та нар гарын үсэг зурж, баталж л таараа, батлахгүй бол хийгээгүй хэргийг чинь хийсэн болгож АТГ-т шалгуулж, хорино" гэх мэтээр сүрдүүлсэн тохиолдлууд хэд хэд гарсан" гэлээ.

Иймд Заамарын ард иргэд Улаанбаатар хотыг зорин ирж АМГТГ болон МХЕГ-уудад хэд хэдэн шаардлага хүргүүлэхээр бэлдээд байгаа аж.