Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын эрх баригчид 2013 оноос хойш 13,000 гаруй вэбсайтыг хаажээ

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Image: gizmodo.com

БНХАУ нь өндөр шүүлтүүр, дэг журам, хяналттай улс гэдгийг дэлхий андахгүй. Гэсэн хэдий ч тус улсын хатуу хяналт санаанд оромгүй тоо баримт үүсгэснийг Хятад улс саяхан ил болгосон юм.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлаас саяхан зарласан мэдээллээр БНХАУ 2015 оноос хойш, ердөө гурван жилийн хугацаанд цахим орчин дахь 13,000 гаруй вэбсайтын эрхийг нь хасаж, үйл ажиллагааг нь зогсоожээ.

Үүнээс гадна, Хятадын нийгмийн сүлжээн дэх 10 сая гаруй хүний бүртгэл бүхий хаягийг устгаж, түдгэлзүүлсэн байна. Шалтгаан нь тэр хүмүүсийн дийлэнх нь өөрийн жинхэнэ нэрээ ашиглахаас татгалзаж, хуурамч нэр ашиглах гэсэн оролдлого гаргасан явдал ажээ.

Энэ талаар Хятадын төрийн мэдлийн Шинхуа агентлагийн тайлбарласнаар "Эдгээр алхам нь эрх барьж буй намын урт удаан засаглал, улс орны энх тайван, тогтвортой байдал болон нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахын төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд юм" гэж мэдээлжээ.

БНХАУ худал мэдээлэл, цуу яриа, терроризм гэх мэт зүйлсэд ард иргэдээ өртүүлэхгүй, аль болох төрөөс гаргасан шүүлтүүртэй мэдээллийг хүргэх тал дээр ихэд анхаарч ажилладаг. Үүний тод жишээгээр ойрын хэдэн сарын хугацаанд Хятадын хууль хяналтынхан цахим ертөнц дэх хяналт шалгалт болон хуулийг илүү чангатгах арга хэмжээнүүд авч ажиллаж байгаа ба эдгээр хяналт нь ирээдүйд сулрах бус, улам чангарах болно гэж гаднын эх сурвалжууд мэдээлж байна.

 

Эх сурвалж: Engadget.com