Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр манай тамирчид 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль зүүлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Азийн Спортын 18 дугаар наадмын бокс, самбо бөхийн төрөлд өрсөлдсөн манай тамирчид өнөөдөр 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль зүүцгээж байна.

Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд ОУХМ Э.Цэндбаатар Узбекистаны боксчин Шункор Абдурасуловыг 3:2 харьцаагаар ялж алтан медаль зүүлээ. Дараа нь эрэгтэйчүүдийн 64 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Б.Чинзориг Узбекистаны боксчин Икболжон Холдаровт 5:0 харьцаагаар ялагдаж мөнгөн медалийн болзол хангасан юм.

Ийнхүү манай боксчид Азийн Наадмыг 1 алт, 1 мөнгөн медальтай дуусгаж байна.

Мөн өнөөдөр болж байгаа самбо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн -68 кг-ийн жинд манай хоёр тамирчин Ц.Батцэцэг, М.Даваасүрэн нар хүрэл медалийн төлөө хоорондоо барилдахаар шалгарчээ.

Самбочид өчигдөр 1 алт, 2 мөнгөн медаль зүүсэн бол өнөөдөр нэг хүрэл медаль нэмж тэмцээнээ амжилттай дуусгаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын баг тамирчид 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 25 медальтай оролцогч улсуудаас 16 дугаарт жагсаж байна.