Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

ikon.mn
2018 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэ жил ерөнхий боловсролын 814 сургуульд 597.2 мянган суралцагч суралцах бөгөөд нийт сургуулийн 563 нь хөдөө орон нутагт, 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах юм.

Харин Сэргэлэн сумын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид таван сурагч шинээр элсэн суралцахаар бүртгүүлснээс өнөөдөр дөрөв нь иржээ.

Тус сургууль 1935 онд байгуулагдаж, 1980 онд 320 хүүхдийн хүчин чадал бүхий болж, өргөжин тэлсэн байна. Гэвч, Сэргэлэн сумын сургууль нь Зуун мод сумтай ойр байрладаг учир хамран сургалтын хувь жилээс жилд буурч, энэ сургуульд сурах тойргийн ихэнх хүүхэд аймгийн төвд суралцах болсон байна.

Хичээлийн жилд 14 багш, 13 ажилтан, 67 хүүхэдтэйгээр Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийнхан хичээлийн шинэ жилийн нээлтээ өнөөдөр өглөө хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр зарлиг гаргаж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласантай холбогдуулан Сэргэлэн сумын дунд сургуулийнхан хичээлийн шинэ жилийн нээлтээ “Эх хэлээ дээдэлье” уриатай хийж, хичээлийн шинэ жилийн анхны хонхыг тус сургуулийн “шинэхэн” элсэгчид дуугаргаж тус сургуулийн хичээл эхэллээ.

 

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Энд цугласан Сэргэлэн сумын нийт иргэд, багш, ажилчид, есдүгээр сарын 1-ний өдөртөө бэлтгэн ирсэн хүүхэд, багачууд та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Энэ өдөр Монголын баярын өдөр юм. Нийт багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баяр хүргэн мэндчилж байна.

Бид энэ удаад зориудаар Улаанбаатар хоттой хамгийн ойр оршдог сумдын нэг Төв аймгийн Сэргэлэн сумын сургуулийн хамт олон та бүхэн дээр ирж, хичээлийн шинэ жилийн баярыг тань хуваалцаж байна. Дараа, дараагийн есдүгээр сарын 1-ний өдрүүдэд алслагдсан сумын сургууль, алслагдаж байгаа, эзэнгүй болж байгаа сумдын сургууль дээр очих болно” гээд хүүхэд багачууд, багш нарт сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсэн ерөөв.

 

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сэргэлэн сумын дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын М.Хонгорзул багштай бага ангийн эхний цагийн хичээлд сууж, сонирхжээ. 

 

Эх сурвалж: President.mn