Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дубайд болох үзэсгэлэнд Монгол Улс Ерөнхий сайдын түвшинд оролцохоо нотолсонд Эмиратын Төрийн сайд талархав

ikon.mn
2018 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай улсад айлчилж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан Төрийн сайд хатагтай Рийм Бинт Ибрахим Аль-Хашимиг хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс Булангийн орнууд, түүний дотор Эмираттай явуулж буй харилцаанд ач холбогдол өгч ажиллаж байгааг тэмдэглэж, Эмиратын талын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар байгуулагдсан Тайширын усан цахилгаан станц шиг томоохон төслүүдийг цаашид хэрэгжүүлэх боломж байгааг онцолж, хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Эмиратын Төрийн сайд Монгол Улсад анх удаагаа зочлон ирж байна гээд найрсаг дотно хүлээн авч байгаад талархал илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа мэдэгдлээ.

Төрийн сайдыг дагалдан ирсэн албан ёсны төлөөлөгчид 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд болон Хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцохоос гадна 14-р сургууль, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 
Хатагтай Рийм Бинт Ибрахим Аль-Хашими нь 2020 онд Дубай хотноо зохион байгуулагдах ЭКСПО-2020 олон улсын үзэсгэлэнгийн зохион байгуулах үндэсний хорооны Ерөнхий захирлын албыг хашдаг. Монголын тал уг арга хэмжээнд Ерөнхий сайдын түвшинд оролцохоо нотолсонд талархал илэрхийлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотоллоо.

Айлчлалын хүрээнд Төрийн сайд Рийм бинт Ибрахим Аль-Хашими Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Ерөнхий сайдын Гадаад бодлогын Зөвлөх Б.Мөнхжинтэй уулзалт хийжээ.

 

Эх сурвалж: ГХЯ