Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ганцхан үүнийгээ ядаж зөв зохион байгуулж ЧАДАХГҮЙ ГЭЖ үү?!

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий Боловсролын Сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт маргааш орон даяар болох гэж байна.

Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын 814 сургуульд нийт 597.2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 563 нь хөдөө орон нутагт, үлдсэн 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах юм. Харин сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгийн хувьд энэ жил нийт 1,435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 546 цэцэрлэг хувийнх, үлдсэн нь төрийн өмчит цэцэрлэг талаар БСШУСЯ мэдээлсэн билээ.

Тэгвэл нийслэлд үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн эдгээр төрийн болон хувийн сургууль, цэцэрлэгүүдэд урсгал засварын ажил хугацаандаа хийгдээгүй болон барилгыг буулгасан хэд хэдэн сургууль, цэцэрлэгүүд байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар мэдээлсэн юм.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн шинэ жилд урсгал засварын ажил хугацаандаа хийгдээгүйн улмаас хичээлийн шинэ жилд багтаж хүүхдээ авахгүй нийт 13 цэцэрлэг болон хэд хэдэн сургуулиуд байгаа юм.

Хичээлийн шинэ жил удахгүй болж,  есдүгээр сарын 1-н өнөө маргааш болов уу гэлтэй гэнэт ухаарсан мэт тулгаж эхэлдэг сургууль, цэцэрлэгийн засварын ажил жил бүр удааширч, эхэлснийхээ дараа дуусгах гэж яарч хийдэг, нэг жилийн настай засварын ажлын асуудал энэ жил ч мөн хэвээр байна.

Яарч хийсэн засвар хичээлийн шинэ жил эхэлснээс нэг, хоёр сарын дараа дуусаж сурагчдыг яаруулан хичээлээ эхлүүлэхэд сургууль дүүрэн үнэртсэн будаг, шохой тоос байдгийг зарим эцэг, эх нар мэдэх байх.

Тэгвэл хавар тавдугаар сарын сүүлээр сургууль, цэцэрлэг амарсны дараа, сургууль эзэнгүй, бүхэл бүтэн гурван сарын хугацаа байхад яг ямар шалтгаанаар засвар, барилгын ажлыг хичээл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө эхэлж, хүүхдүүдийг будаг үнэртсэн, тоос шохой дүүрэн сургууль угтдаг шалтгаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай өчигдөр уулзаж тодруулга авсан юм.

Б.Баярсайхан “Тендер авчихаад ажлаа хийдэггүй компаниуд байна. Мөн олон тендерт зэрэг оролцож шалгарч нэгийг нь хийгээд нөгөөг нь орхигдуулдаг ч компаниуд байгаа юм. Цаашид төрийн ажлыг гацааж, түмний хүүхдүүдийг хохироогоод байгаа эдгээр компаниудыг эзнийх нь нэртэй хамт олон нийтэд зарлаж байх болно” гэж тайлбарлажээ.

Мөн уулзалтад оролцсон БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Отгонбаяр “Тендерт нэг компани ялахаар нөгөө компаниуд нь заргалдаж, ШӨХТГ болон шүүхэд гомдол гаргадаг. Энэ маргаан нь сунжирсаар 1.5-2 жил хүртэл үргэлжлэх нь ч бий. Хугацаа алдах тусам инфляцийн түвшинтэй уялдаж, тухайн барилгын зардал өсдөг. Жилийн дараа 800 саяар өссөн тохиолдол ч бий, эцэст нь төр л хохирч үлддэг” хэмээн тайлбарласан юм.

Энэ асуудлын талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ч мөн энэ сарын 27-ны өдөр хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулж хийсэн мэдээллийн үеэр тайлбар хийсэн юм.

Тухайлбал “Манай яамны хувьд хамгийн их бүтээн байгуулалтын ажилтай байгаа. Энэ хичээлийн жилээс эхлээд он дамжин хэрэгжих 280 төслийн 80 гаруй хувьд тендер зарлагдсан. Тендерт ялагдсан компаниуд ихэнх тохиолдолд Сангийн яаманд гомдол гаргадаг учраас ялсан компанитай гэрээ байгуулах ажил удаашралтай байна. Гэсэн ч тендерт ялсан компаниудын 60 орчим хувьтай гэрээ байгуулсан байгаа. Бидний зүгээс ажлаа аль болох хурдан явуулж 2019-2020 оны хичээлийн жилд 27 сургуулийн өргөтгөл, 142 шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээнэ гэсэн зорилт тавиад явж байгаа” гэсэн юм.

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажил уудаширалтай буйг гэрчлэх бүтээн байгуулалт бол барилгын ажил нь бүхэл бүтэн долоон жилийн хугацаатай явагдаж буй нийслэлийн Баянзүрх дүүргийн 126-р сургууль юм.

Өнгөрсөн 28-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн шалгалтын үр дүнг танилцуулахад улсын 18-р цэцэрлэг гэхэд энэ сард улсын комисс хүлээн авч, үйл ажиллагааг үргэлжлүүлж болох зөвшөөрөл олгосон байсан ч суурийн давхарт хөрсний ус нэвчиж, хоёр цаг тутамд насосоор шавхалт хийгдэж, чийгтэй орчинд хүүхэд багачууд цахилгаанд цохиулах, бусад осол гарах эрсдэлтэй байсан зөрчлийг илрүүлж хичээлийн шинэ жилд үйл ажиллагааг нь эхлүүлэх боломжгүйг тогтоосон зөрчлийн талаар бид мэдээлсэн билээ. Энэ нь улсын сургууль, цэцэрлэгүүдэд байшин, барилгатай холбоотой янз бүрийн асуудлууд байгааг харуулж байна.

Боловсролын салбарынхан эдгээр барилгын засварын ажлын удашралтай байдал нь ихэнхдээ тендерийн эрх авсан компанийн удаашралтай байдал болон компани хоорондын зөрчлөөс үүдэлтэй байдаг гэж тайлбарлаад байна.

Үүнээс харахад барилга, засварын ажлыг гурав, дөрөвдүгээр сард зарлан, хичээл завсарлагмагц барилгын ажлыг эхлүүлж, намар хичээл эхлэхэд бэлэн болгох зохицуулалтыг хийх хэрэгтэй харагдаж байна.

Нэг хоёр сараар хоцорсны дараа ашиглалтад ордог сургуулийн барилгад хүүхдүүд хичээллэж эхлэхэд дүүрэн будаг үнэртсэн, шохой тоос дүүрэн барилга угтдаг. Хичээлийн танхим, коридор, спорт заалын хана, тааз, шал гээд бүгдийг нь хурц будгаар будсан байдаг. Эдгээр бүрэн хатаагүй будгийн үнэрт хүүхдүүд хичээл хийж суухын аргагүй үнэртэй байдгийг зарим эцэг эх, багш нар ч ярьж байгаа юм.

Гэтэл сургууль цэцэрлэгийн засварт ашигладаг ахуйн хэрэглээний будгуудын 70 хувь нь хар тугалганы агууламжтай байдаг ба хүний бие болон байгаль орчинд хор хөнөөлтэйг судлаачид нотолсон.

Хар тугалганы бохирдолд бага хэмжээгээр өртөхөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, архаг, хурц хордлого үүсгэдэг байна. Мөн мэдрэлийн зүрх судасны, бөөрний, хоол боловсруулах, цусны эргэлтийн, нөхөн үржихүйн зэрэг олон системийг хордуулах нөлөө үзүүлдэг аж. Хар тугалганы нөлөө нь хүний оюун ухаанд нэн хортой ба бага насны хүүхэд энэхүү хордлогод илүү мэдрэмтгий байдаг.  Хар тугалганы бохирдолд өртсөн хүүхдүүд оюуны чадамж муутай болж, түргэн уур, уцаартай болдог байна. 

Хар тугалганы бохирдолд өртсөн хүүхдүүд оюуны чадамж муутай болж, түргэн уур, уцаартай болдог

Насанд хүрсэн хүн голдуу мэргэжлээс шалтгаалсан хордлогод өртдөг бол хүүхдийн хордлогын үндсэн шалтгаан нь хар тугалгатай будагтай байранд амьдарч, хичээллэж байгаагаас шалтгаалж, хар тугалганы бохирдолд өртөх гол эх үүсвэр нь болдог талаар нэгэн судалгаа баталжээ.

Гаднын өндөр хөгжилтэй орнуудад гэр, сургууль, хүүхдийн тоглодог байгууламжуудын дотор болон гадна засал чимэглэлийн будагт агуулагдах хар тугалганы агууламжийг хянах хууль, дүрэм тодорхой зохицуулалт баталсан байдаг.

Харин Монголд үүнтэй холбоотой ямар нэгэн хууль тогтоомж байдаггүй. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн барилга, засварын ажил хийгдэхэд хүүхдийн биед хор хөнөөлгүй, хар тугалгын агууламжийн хэмжээ бага будаг сонгож хэрэглэх заавар, зөвлөмж, стандарт огт байхгүй байсаар иржээ.

 

Бид урд хөрш болох БНХАУ-аас хамгийн их барилгын материалын эд зүйлс оруулж ирж хэрэглэдэг. Тэгвэл хамгийн өндөр хар тугалганы агууламжтай будаг БНХАУ-д үйлдвэрлэгддэгийг Зориг Сангийн хамт олны хийсэн судалгаагаар нотлогдсон юм.

Хамгийн өндөр хар тугалганы агууламжтайгаар шар, улбар шар, улаан будгууд байдаг тухай бид мэдээлж байсан билээ.