Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Унгар улсын Үндэсний Ассамблейн гишүүн Хорват Ласло манай улсад айлчилж байна

open.parliament.mn
2018 оны 8 сарын 31
open.parliament.mn
Зураг зураг

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандангийн урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга ноён Хорват Ласло манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан ноён Хорват Ласлог Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд Монгол Улс, Унгар Улстай 1950 онд дипломат харилцаа тогтоож, харилцан Элчин сайдын яамдаа харилцан нээсэн. Энэ үеэс хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж, ялангуяа сүүлийн жилүүдэд боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарт эрчимжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн хоёр орны өндөр, дээд хэмжээний айчлалууд тогтмолжиж, хууль тогтоох байгууллагуудын харилцаа улам бүр нягт болж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн юм.

Тэрбээр, “Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсаас сургах оюутны тоог нэмэгдүүлж, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байдаг. Миний бие 1993 онд Унгарын Засгийн газрын тэтгэлгээр танай сайхан оронд суралцаж, доктор болсон. Боловсролын салбарын хамтын ажиллагаа нь Монгол, Унгарын харилцааны чухал хэсэг юм. Унгар улс 1990 оноос хойш манай улсад нийт 2.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Эдийн засгийн харилцаа улам өргөжих төлөвтэй байна. Тухайлбал, Унгарын улсын Засгийн газрын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Биокомбинат ТӨҮГ-ыг өртгөтгөхөөр тохиролцсон” гээд цаашид эмийн үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, усны менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал болохыг онцлов.

 

Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга ноён Хорват Ласло эрхэм гишүүдэд найрсаг дотноор угтан авч буйд талархал илэрхийлээд “Унгар, Монгол ард түмний харилцаа өнө эртний түүхэн уламжлалтай. Хүннү гүрнээс угсаа гарал нэгтэй гэдэг. Энэ ч утгаараа бидний түүх, соёл нэг гэхэд хилсдэхгүй. Дэлхий дахин глобальчлагдаж буй өнөө цаг үед улс орон оршин тогтнох чухал зүйл нь соёлоо хадгалж үлдэх юм.

Манай хоёр орны парламентад найрамдлын бүлгүүд ажиллаж байгаа нь сайшаалтай бөгөөд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Цаашид бид эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа чухалчлах нь зүйтэй” гээд  хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд хоёр орны нийгэм, улс төрийн тогтолцооны талаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.