Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

4-12 дугаар ангид орох Эрүүл мэндийн хичээлийн ЗУРГААН СЭДЭВ

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 8 сарын 31
iKon.MN
 

2014 оноос хойш ЕБС-д орохоо больсон Эрүүл мэндийн хичээлийг энэ жилээс эхлэн ЕБС-ийн IV-XII ангид оруулах шийдвэр өнгөрсөн онд гарсан билээ. Энэхүү шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа болон бэлтгэл ажлын талаар ЭМЯ-ны Эрүүл мэндийн боловсрол, дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Дөлгөөнөөс тодрууллаа.

-Эрүүл мэндийн хичээл энэ хичээлийн жилээс эхлэн дахин орохоор болсон. Хөтөлбөр бэлэн болсон уу? Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

- Гээгдсэн гэх эрүүл мэндийн хичээл нь ЕБС-иудад "Хүн ба нийгэм", "Биологи", "Биеийн тамир" гэх мэт бусад хичээлүүдэд хавсрагдан ордог байсан. Харин энэ хичээлийн жилээс эхлэн Эрүүл мэндийн болон БСШУС-ын сайд нарын хэлэлцээрийн дагуу дахин бие даасан хичээл болон орох тушаал гарсан. Ингээд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг гарч ажиллаад энэ есдүгээр сарын 1-нээс тус хичээлийг ороход бэлэн болоод байна.

Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр нь үндсэн 6 сэдэвтэй. Үүнд:

  1. Хувийн болон орчны эрүүл мэнд
  2. Хооллолт, хөдөлгөөн
  3. Сэтгэцийн эрүүл мэнд
  4. Хорт зуршил
  5. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд
  6. Жендэрт суурилсан хүчирхийлэл 

Түүнчлэн ЭМЯ-ны зүгээс уламжлалт анагаах ухаан сэдвийг ахлах ангид орохоор нэмж оруулж өгсөн. Учир нь Монголчууд эрт дээр үеэс уламжлалт анагаах ухааны дагуу эмчилгээ хийж, энэ нь их үр дүнтэй байж ирсэн. Тухайлбал, өвлийн улиралд чацаргана, аарц хэрэглэвэл ханиад томуу хүрэхгүй байж, биеийн дархлаа сайжирдаг. Тиймээс орчин үеийн хүүхдүүдийн тэр бүр мэдэхгүй энэхүү хичээлийг нэмж оруулахаар болсон юм.

-Зургаан сэдвээр эрүүл мэндийн хичээлийг орно гэлээ. Дөрөвдүгээр ангид тэр сэдэв, тавдугаар ангид энэ сэдэв нь орно гэх зэргээр хувааж өгсөн үү?

-Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт орсон зургаан сэдэв нь бүх ангид тодорхой цагаар орно. Гэхдээ цагийн хуваарилалт нь өөр. Жишээ нь, 4-6 дугаар ангид хооллолт, хөдөлгөөнийг түлхүү, долоодугаар ангид нөхөн үржихүйн эрүүл мэнд хичээлийг арай урт цагаар орох гэх мэт.

-Ямар сургалтын материалын дагуу хичээл орох вэ? 

-ЭМЯ, БСШУСЯ-наас гарсан хамтарсан ажлын хэсэг нь дээрх 6 сэдвээр сургалтын материалыг боловсруулж эцэслэгдсэн. Сургалтын материал нь бага, суурин, бүрэн дунд гэсэн гурван төрөл гарч байгаа. Харин 1-3 дугаар ангид эрүүл мэндийн хичээл нь Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм, биеийн тамир гэсэн хичээлүүдэд хавсарч өмнө орж байснаараа орно. Одоогоор 18,000 ширхэг сургалтын материал хэвлэгдэн гарсан байгаа. 

Мөн ЭМЯ-ны зүгээс 1-12 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан сургагч багшийн гарын авлагыг ДЭМБ-ын санхүүжилтээр бэлтгэж, хэвлэлтэд ороход бэлэн болсон байгаа. Энэхүү гарын авлагад гараа хэрхэн зөв угаах, шүдээ яаж өвтгөхгүй байлгахаас авхуулаад хүүхдийн мэдэх ёстой бүх энгийн болон нарийн зүйлсийг тусгаж өгсөн. Гарын авлага хэвлэгдсэний дараа ЕБС-ийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт өгнө.

-Хичээлийг ямар багш нар орох вэ?

-Наймдугаар сарын 13-17-ны хооронд 5 хоногийн хугацаатай нийт 21 аймаг 9 дүүргийн 90 сургагч багшийг бэлтгэн цааш орон нутагт сургалт явуулж Монгол Улсын хэмжээнд нийт 2,700 багшийн бэлтгэсэн. Эрүүл мэндийн хичээлийг орох багш нар нь бүгд өмнө нь биологи, эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн суурьтай хүмүүс байгаа. Есдүгээр сарын 1-нээс эхлэн бүгд хичээлээ заахад бэлэн болсон. 

-Ер нь эрүүл мэндийн хичээл орохын ач холбогдлын талаар?

-Эрүүл мэндийн хичээл нь хүүхдүүдийг өвдсөнийхөө дараа биш, өвдөхгүйгээр урьдчилан сэргийлж, эрүүл мэнд гэж хэчнээн чухал асуудал болохыг багаасаа ойлгодог болгох зорилготой. Мөн болзошгүй буруу алхмуудаас сэргийлж, наад зах нь зөв хооллодог дадал зуршилтай болно.