Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Миний бодлого бол төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр антен байрлуулахгүй

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга С.Батболд өнөөдөр Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци болон үүрэн холбооны оператор компаниудын удирдлагуудтай уулзлаа. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон нийслэлийн Хүүхдийн зөвлөлийн хурлаар цэцэрлэг, сургуулийн дээвэр дээр байрлуулсан үүрэн холбооны антенуудыг үе шаттай буулгах талаар үүрэг даалгавар өгсөнтэй холбоотойгоор ийнхүү уулзсан юм. 

Улаанбаатар хотын хэмжээнд 24 сургууль, 12 цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн холбооны антен байрлаж байгаа жагсаалтыг нийслэлийн зүгээс гаргажээ. Бага насны хүүхдүүд өдөржин өнждөг энэхүү барилга байгууламж дээр антен байрлаж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн гомдлыг эцэг, эхчүүд удаа дараа тавьсны дагуу ийнхүү хотын дарга үүрэг өгчээ. 

Уулзалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хороо болон үүрэн холбооны оператор компаниуд байр сууриа илэрхийлсэн юм. Иргэдээс ирсэн дээрх гомдол болон нийслэлийн Засаг даргын өгсөн үүргээс үүдэн үүрэн холбооны оператор компаниуд, Мэдээлэл холбооны операторуудын ассоциациас ХХЗГ-т хүсэлт гаргажээ. Энэ нь үүрэн холбооны бааз станц суурилсан нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон эмнэлгийн нийт 18 байршилд “MNS 5594:2015 Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшин” стандартыг хангаж байгаа эсэх талаар хэмжилт хийж, дүгнэлт гаргаж өгөх тухай юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Ийнхүү ХХЗГ 270 орчим хэмжилт хийхэд сургууль, эмнэлгийн дээр байрлуулсан антенуудын соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшин Монголын болон олон улсын стандартад зөвшөөрөгдсөн хэмжээнээс 78-3,500 дахин бага байсан талаар ХХЗХ-ны Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын дарга З.Амгалан мэдээлээ. 

Монгол Улсын хэмжээнд 4,500, Улаанбаатар хотод 1,800 бааз станц байдаг аж. Энэ станцуудыг 200-300 метрийн зайтай өндөрлөг газарт байрлуулах шаардлагатай байдаг бөгөөд үүрэн холбооны операторууд анхнаасаа төлөвлөлтийн зургаа гаргаж, олон улсын стандарт хангасан орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг болохыг Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир хэлсэн юм.

Түүнчлэн үүрэн холбооны операторуудын ашиглаж байгаа тоног төхөөрөмж, түүнээс ялгарах радио долгион хүний эрүүл мэндэд хортой, амь насанд халтай гэсэн нэг ч дүгнэлт гарч байгаагүйг оператор компаниудын төлөөлөл хэлж байв. Тухайлбал “Жи Мобайл” компанийн тэргүүн дэд захирал С.Баярсайхан “Бид анхнаасаа санаатайгаар сургууль, цэцэрлэгийн барилгын дээвэр дээр төхөөрөмжөө байрлуулаагүй. Яалт ч үгүй нийслэлийн гэр хороололд байгаа хамгийн өндөрлөг цэг, дэд бүтэц нь сургууль, цэцэрлэг байж таарсан тул тухайн үед байрлуулсан. Тэр хавьд илүү өндөр барилга баригдвал бид хүссэн хүсээгүй шилжүүлнэ. Тиймээс хотын дарга компаниудад үе шаттайгаар энэ асуудлыг шийдэх хугацаа өгч, уян хатан хандаасай гэж хүсэж байна” гэсэн бол Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат “Бид зөвхөн Монголд биш олон улсад дэлхий нийтээрээ ашиглаж байгаа, стандарт хангасан тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, Монголдоо нутагшуулж байна. Гэтэл хүүхэд нялхаст хортой гэсэн хиймэл айдсыг нийгэмд төрүүлж байна” гэсэн юм.

Скайтел компанийн удирдлагуудын зүгээс ч мөн нийслэлийн Засаг даргын мэдээллийг шинжлэх ухаанч, судалгаанд тулгуурласан байлгахын тулд хамтран ажиллаж, мэдээллээр хангахаас гадна Ажлын хэсэг байгуулж, соронзон орны нөлөөлөл орон сууцнуудад ямар байгааг судлахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. 

Харин эцэст нь Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Дэлхий нийтээрээ маргаж байгаа энэ сэдэв дээр та бүхэн хүүхдүүдэд ямар ч хоргүй гэж хэлэх эрх байхгүй. Би жирийн эцэг хүний хувьд хүүхдүүдээ гар утаснаас хол байлгахыг хичээдэг. Миний бодлого, байр суурь бол ямар ч байсан сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн холбооны антен байрлуулахгүй. Харин Ажлын хэсэг байгуулж өгье. Та бүхэн оролцоод ажиллаж болно. Хүсэлтээ гаргаад гэр хороололд цамхгаа барьж болно. Бяцхан хүүхдүүдийн эрүүл мэндэд үнэхээр санаа зовж байгаа учраас ийм байр суурьтай байна” гэсэн юм.