Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: "Stamford" сүлжээний луйврын хохирлын хэмжээ цаашид ч өсөх магадлалтай

Г.Нацаг-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 29
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Залхуу хэрнээ шүүмжлэмтгий. Худалч хэрнээ итгэмтгий. Хамгийн гол нь гэнэт баяжиж элбэг хангалуун амьдрахыг хүсдэг нь хүний төрөлхийн араншин. Энэ араншинд нь тулгуурлаж ашиг хонжоо олох гэсэн гэмт этгээдүүдийн арга улам нарийсаж пирамид тогтолцоонд шилжсэнээс хойш 100 жилийг ардаа үджээ. Тиймдээ ч улс орон бүр энэ төрлийн гэмт хэрэгтэй Эрүүгийн хуулиар хориглох замаар зохицуулалт хийж тэмцэн, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж чадсанаар Европ, Америк тивд үндсэндээ устсан гэж үздэг юм билээ.

Гэтэл Ази тив тэр дундаа манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэргийн золиос болох нь олширч байна. Албан бус тоогоор зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш 100 орчим сүлжээний луйвар манай, улсад бүртгэгдсэн гэх. Гэхдээ энэ нь нийтийг хамарсан томоохон сүлжээний луйврын хувьд шүү дээ. Хамгийн ойрын жишээ гэхэд Казахстаны “Жи тайм”, “Ултимэйт сайклер”, “Монгол Жи тайм” буюу “Юнит сайклер”, “1-9-90.ком” гэсэн дөрвөн сүлжээнд олон мянган иргэн итгэж 50 орчим тэрбум төгрөгөөр хохирсон гэх мэдээлэл бий. Тэгвэл дахин нэг луйврын гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр мэдээллээ.

Тодруулбал, Ирландын “Stamford trading technologies" гэх компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байсныг илрүүлсэн байна. “Stamford” гэх сүлжээний луйвартай холбоотой Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн нийт 14 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд одоогоор 39 иргэн хохирогчийн мэдүүлэг өгчээ. Уг сүлжээний луйварт 17 мянган иргэн бүртгүүлсэн бөгөөд сүлжээг хариуцаж байсан ОХУ-ын иргэн Евгений Персов нь 7,000 орчим иргэнээс 100 тэрбум төгрөг босгосон байна. Эх сурвалжийн өгүүлснээр түүнээс энэ сарын 16-нд мэдүүлэг авчээ.

СҮЛЖЭЭЧИД ӨӨР ХООРОНДОО ХОЛБООТОЙ

Олон шатлалт маркетинг луйврын тогтолцоонд өртөж, хохирохгүй байх сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагаас тогтмол бэлтгэж хүргэдэг. Судалгаагаар сүүлийн зургаан сарын хугацаанд 111 төрлийн сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг 900 мянган иргэнд хүргэжээ.

Ингэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байтал сүлжээний луйварт иргэд олноор элсэж хохирч буй нь цаанаа нэг сэжимтэй байх магадлалтай гэсэн хардлага цагдаагийн байгууллагад байдаг юм байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр хэд хэдэн төрлийн сүлжээний луйварт хамгийн түрүүнд элсэж, бусдыг уриалан дуудаж элсүүлсний дараа бусдаас түрүүлж мөнгөө авч хохиролгүй үлддэг хэсэг иргэнийг илрүүлжээ.

Эндээс үзвэл, манай улсад дэлгэрсэн, гаднын улсаас оруулж ирсэн гэх сүлжээний луйврын олонх нь дээрээ нэг толгойтой байх магадлалтай юм.

ХИЙ ДАНС-ХООСОН итгэл

Сүлжээний луйварчид хэний ч сонссон итгэмээргүй өсөлтийг санал болгосныхоо баталгаа болгож, шинээр элссэн хүн бүрийн нэр дээр нэрийн данс үүсгэж өгөх явдал юм. Гэхдээ энэ нь аль нэг банк, санхүүгийн байгууллагын нэр дээрх данс биш.

Харин сүлжээний луйвар хийхээр байгуулсан компанийн нэр дээрх цахим данс юм. Уг дансанд анх хөрөнгө оруулсан мөнгөн дүнд тохирох урамшуулал буюу хүү нь сар бүр орох бөгөөд үүнийг нь иргэд хөрвүүлэлт хийж авах ёстой.

“Жи тайм” болон бусад сүлжээний луйварчид яг ийм зарчмаар иргэдэд хий данс үүсгэж хоосон итгэл найдвар төрүүлж байсан. Тэгвэл “Stamford” сүлжээний луйврын хохирогч болсон гэж үзэж мэдүүлэг өгсөн 39 иргэнээс бусад нь мөнгөө эргүүлж авах боломжтой байх гэсэн хоосон итгэл найдвар тээж буй ажээ. Учир нь дээр хэлсэн тэдний хий дансанд урамшууллын багагүй мөнгө хадгалаастай хэвээр байгаа юм байна. Гэхдээ чухам ямар арга замаар, яаж авахаа мэдэхгүй байгаа аж.

Тэдний хэлснээр сүлжээний цахим хуудас хэвийн ажиллаж эхэлбэл дансан дахь мөнгөө хөрвүүлэлт хийж авах боломжтой гэсэн. Гэвч нэгэнт луйвар гэдэг нь хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон учир өөрсдийгөө хохирогч болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга зам “Stamford’’-д итгэж хөрөнгө оруулалт хийсэн 17 мянган иргэнд үгүй бололтой.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн 17.3-аар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, сүлжээний луйварт бусдыг уриалан дуудсан, санаачилж, бусдыг залилан мэхэлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуулиар зүйлчилсэн атал гэр бүл, найз нөхдийнхөө нэрийн өмнөөс дур мэдэн бүртгүүлсэн тохиолдол цөөнгүй гарчээ.

Албан бус мэдээллээр 35 мянган иргэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж, 56.5 тэрбум төгрөгөөр хохирсон байх магадлалтай. Гэхдээ энэ тоо нь зөвхөн бэлэн мөнгөөр элсч, бараа материал захиалсан иргэдийн тоо гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлсэн юм. Тиймээс хохирлын хэмжээ цаашид өсөх хандлагатай гэлээ.

Зураг