Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Төмөрбаатар: Хөвсгөл аймагт 30 жил лиценз шинээр олгохгүй

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 29
Үндэсний шуудан
Зураг зураг

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатартай ярилцлаа.

-Хөвсгөлийг уул уурхайгүй аймаг болгох ИТХ-ын шийдвэр гарсан тухай мэдээлж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай аймаг 2014 онд 50 дугаар өргөргөөс хойш газар нутгаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан юм. Харин өнгөрсөн хавар аймгийн ИТХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулаад 50 дугаар өргөргөөс урагших бүх газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.

-Гэхдээ Хөвсгөл аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байна гэсэн мэдээлэл гарч үүнийг аймгийн удирдлагуудтай холбодог?

-Яахав, энд ойлголцлын зөрүү л яваад байгаа юм. Бид аймгийнхаа газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан. Гэвч одоо яг хүчин төгөлдөр олгогдчихсон хайгуулын болон ашиглалтын 27 лиценз байна. Бидний хувьд Ашигт малтмал, газрын тосны газраас олгочихсон лицензийг цуцлах эрхгүй. Тэдгээрийг хасаад үлдсэн газар нутгаа орон нутгийнхаа тусгай хэрэгцээнд авсан.

Тиймээс цаашдаа 30 жил ямар ч байсан Хөвсгөл аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын лиценз шинээр олгохгүй гэсэн үг. Ганц жишээ хэлэхэд таван сумын 18 газар ашиглалтын лиценз-авъя гэсэн санал холбогдох яамнаас ирсэн. Түүнд бид боломжгүй гэсэн хариу өгсөн.

-Саяхан зөвшөөрөлгүй нүүрсний уурхай үйл ажиллагаа явууллаа гэсэн мэдээлэл гарсан?

-Хорих ангийн мэдэлд олон жил болж байгаа нүүрсний уурхайн талаар асууж байх шиг байна. Бид хорихын удирдлагуудтай уулзсан. Уул техникийн нөхцөл нь хүндэрчихсэн, тоног төхөөрөмж байхгүй болохоор нэг компанитай хөрс хуулалтын гэрээ байгуулсан гэсэн. Дээрээсээ ирсэн төлөвлөгөө нормын дагуу ажиллаж байгаа юм билээ. Манай аймгийн хувьд Могойн гол, Жилчиг булаг, Хорихын гээд гурван нүүрсний уурхай бий. Өөр юм байхгүй.

-Уул уурхайгаас татгалздаг юм байж. Тэгвэл аймаг орлогоо нэмэг-дүүлэх ямар боломжууд байгаа юм бэ?

-Хөвсгөл аймгийн бүх л салбарт тодорхой ахиц дэвшил гарч байгаа. Гэхдээ бас татаас авдаг аймаг шүү дээ. Биднийг ажил авахад 100 төгрөг тутмын 9.10 төгрөгийг орон нутаг өөрөө олдог байсан. Одоо 13.50 төгрөг болсон байна. 2018 оны хүлээгДэж байгаа гүйцэтгэлээр 16.50 төгрөг болчих болов уу гэж бодож байгаа. Хамгийн гол нь өөрсдөө мөнгө олно гэдэг чинь өөрсдөө орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн үг шүү дээ.

Аймаг өөрөө мөнгө олохгүй болохоор Орон нутгийн хөгжлийн санд төсөл хөтөлбөрийн хэдэн төгрөг ирдэг. Тэр нь хүн ам ихтэй аймагт бараг аманд ч үгүй, хамарт ч үгүй л юм болчхоод байгаа. Тэгэхээр орон нутаг өөрөө орлогоо нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Тухайлбал?

-Нэгдүгээрт, орон нутгийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх чиглэлд ажиллаж байгаа. Жишээ нь, биднийг ажил авч байхад Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчит компаниуд 684 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. 2017 онд аймгийн ИТХ түүний тэргүүлэгчид яг энэ орон нутгийн өмчийн ашиглалтын менежментийг сайжруулах чиглэлээр 76 удаагийн тогтоол, шийдвэр гаргасан байдаг юм. Үр дүнд нь энэ жил хоёр тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан байна.

Дээр нь орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн бааз суурийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Тухайлбал, бид орон нутгийн хөрөнгөнөөс тодорхой хэмжээгээр гаргаж байшин бариулж, тоног төхөөрөмж авч “Хоймор нутгийн чулуу" гээд төсөл санаачлаад явж байна. Хөвсгөлийн боржин, Эрхэлийн гантиг хоёрыг Монгол Улсын брэнд болгох ёстой байхгүй юу. Одоо ашиглалтад орчихсон эхнийхээ бүтээгдэхүүнийг гаргаад л явж байх жишээтэй. Мөн мод боловсруулах үйлдвэр, малын түүхий эд боловсруулах үйлдвэр гэх мэтээр эхлүүлсэн ажлууд бий.

-Таныг юун түрүүнд аялал жуулчлалыг л ярих болов уу гэж бодож байлаа?

-Хөвсгөл аймгийг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур бүс нутаг гэж нэрлэдэг. Мөн үү гэвэл мөн. 2017 онд 92,354 гадаад дотоодын аялагч Хөвсгөл далай, Дархадын хотгороор явсан байдаг. Энэ нь аймгийн төсөвт нөлөөлөөгүй ч гэсэн иргэдийн сүү цагаан идээ, мал мах борлогдох талаараа эдийн засгийн ач холбогдол бий. Гэхдээ 2017 онд гадаад, дотоодын 90 гаруй мянган жуулчин авсан боловч яг Хөвсгөл аймгийн төсөвт 7.1 сая төгрөг л орсон байдаг.

-Тусгай хамгаалалттай газар нутгийн хураамж гэх мэт мөнгө үү?

-Үгүй ээ. Нийгмийн даатгалын шимтгэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар гэх мэтээс л орсон мөнгө 7.1 сая төгрөг болсон.

-Бага мөнгө байна?

-Энэ бол маш чамлалттай мөнгө. Монгол Улсад аялал жуулчлалын хууль байхгүй. Аймгийн хурал бол мастер төлөвлөгөөг баталсан. Хөвсгөл аймагт аялал жуулчлалын ямар бүтээгдэхүүнүүд байдаг, юуг үзэж харж болох талаар төлөвлөгөөг боловсруулж баталлаа. Ер нь Хөвсгөл аймаг аялал жуулчлалаар дагнан хөгжинө гэвэл хэцүү шүү дээ. Тэгэхээр том зургаар нь брэнд бүтээгдэхүүн, үздэг газруудыг олшруулахыг зорьж байгаа.

Сүүлд гэхэд бид орон нутгийн өмчтэй 50:100 гэсэн цогцолбор байгууллаа. Зарим жижиг ажлуудыг дуусгаад цогцолборыг ашиглалтад оруулбал гадна дотнын хүмүүс очиж үздэг газар нэгээр нэмэгдэнэ.

-Барилга байгууламжийн ажил аймагт нэлээд идэвхэжсэн харагдсан?

-Улсын төсвөөр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн өргөтгөлүүдийн ажил явж байна. Мөн бидний барьж байгаа зарчмаар бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэмжээнд Хөвсгөл аймагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтууд  хийгдэх ёстой. Жишээ хэлэхэд, төрөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр хувийн байгууллага таван суманд төвлөрсөн уурын зуух барилаа. Нэг талаас ажлын байр нэмэгдэж байна.

Нөгөө талаар жишээ нь Галт сумын байгууллагууд гэхэд 860-аад машин мод түлдэг байсан шүү дээ. Харин хувийн компани ороод, хөрөнгөө гаргаад бүх халаалтыг нь холбосон. Түүнчлэн “Тэнүүн хангай” компанитай хамтарч сая орчим ам.долларын өртөгтэй махны үйлдвэр ашиглалтад оруулсан. Ашиглалтад оруулснаар тогтвортой ажлын байр 120 орчмоор нэмэгдэж байгаа. Малчдыг мөнгөжүүлэхэд ч хувь нэмэртэй ажил болсон.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас хойд Хөвсгөл далайг тойрсон хэдэн суманд 38 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэр хүрээнд зам харгуйгаас эхлээд аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, нутгийн иргэдэд чиглэсэн тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэх мэт чиглэлээр нэлээд ажлууд явж байна.

-Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар чөлөөлсөн боловч эргүүлээд томиллоо. Яг юу болов?

-Ерөнхий сайдын Засаг даргыг томилсон захирамжийг Үндсэн хуулийн Цэц төрийн албанд гурван жилээс доошгүй хугацаанд ажиллаагүй гэсэн шалтгаанаар хүчингүй болгосон. Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Лхагвасүрэнгийн Ганболд 2010-2013 оныг хүртэл гурван жил есөн cap 15 хоног аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхөөр ажилласан. Түүнийг нь шүүх тогтоосон байдаг.

Тиймээс аймгийн намын хороо түүний тэргүүлэгчид Засаг даргын асуудлыг хэлэлцсэн. Аймгийн ИТХ-ын ээлжит бус хурал хуралдаж Засаг даргаар ажиллаж байсан Л.Ганболдыг нэр дэвшүүлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн ИТХ-ын саналыг хүлээж аваад шаардлага хангасан учраас захирамжаа гаргасан.

-Яагаад Л.Ганболдыг Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн юм бэ?

-Манай нам бол тодорхой дүрэм, журамтай нам. Лхагвасүрэнгийн Ганболд гэдэг хүн бол аймгийн намын хорооны дарга. Аймгийн намын хорооны дарга аймгийн Засаг дарга байх ёстой. Хоёрдугаарт, Дарга хийж байгаа хүнд сайн, муу юм зөндөө байгаа. Ажлыг нь боломжийн байна гэж үзсэн учраас үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэж хамтын шийдвэр гаргасан.

Зураг