Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр уулын бүсэд аюулгүй авирах, аврах ажиллагааны "Алтай Таван Богд-2018" сургалт боллоо

ikon.mn
2018 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Онцгой Байдлын Ерөнхий Газар, Монголын Уулчдын Үндэсний Холбоо хооронд 2018 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу өндөр уулын бүсэд авирах аюулгүй ажиллагаа, аврах ажиллагааны "Алтай Таван Богд-2018" сургалтыг 2018 оны 8-р сарын 20-оос 26-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг, Алтай Таван Богд ууланд зохион байгууллаа. Тус сургалтыг JCI хайкинг клуб хамтран зохион байгуулсан бөгөөд Оросын Холбооны Улсын Уулын холбооны салбар холбоо болох Бурядын Уулын Холбооноос 3 сургагч багш уригдан оролцлоо.

Энэхүү сургалт нь Онцгой Байдлын Ерөнхий Газар, Баруун бүсийн аймгуудын Онцгой Байдлын Газрууд буюу Баян-Өлгий аймаг, Ховд аймаг, Завхан аймаг, Говь-Алтай аймгийн удирдлагууд, аврагчид, мөн Зэвсэгт хүчний 341-р анги болон Уулын тусгай баталион 331-р ангийн байлдагч нарт тусгайлан зориулагдсан бөгөөд ОХУ-ын Онцгой Байдлын Газрын (МЧС России) Байкал орчмын эрэн хайх отряд, Буряд улсын эрэн хайх отрядын аврагч-сургагч, Спортын мастер уулчид ирсэн нь онцлог байлаа. Түүнчлэн, тус сургалтанд Монголын Уулчдын Үндэсний Холбооны гишүүн клубууд болох Хайрхан Аялагч Клуб, Улаанбаатар аялагч клуб, Хязгааргүйд Мац уулын спортын клуб, Тэнгэр уулчдын клуб, Мазаалай клуб, Саммит клуб, Хаан Банкны уулын клубээс тус тус 10 уулчин оролцов.

Тус сургалтын хүрээнд Алтай Таван Богд уулын Малчин оргилд (д.т.д 4056 метр) 65 хүний бүрэлдэхүүнтэй, Хүйтний оргилд (д.т.д 4374 метр) 14 хүний бүрэлдэхүүнтэй тус тус авиралтыг аюул осолгүй, амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд манай хүчний байгууллагуудын авран хамгаалах ажиллагааны аврагчдыг өргөн бүрэлдэхүүнтэй хамруулсан ба Монголын уулчин-аврагч, уулын цэргүүдийн чадавхийг сайжруулахад чухал үр дүнтэй болсон бөгөөд цаашид энэхүү чиглэлийн сургалтыг үе шатлалтай үргэжлүүлэх эхлэл болсон.

Мөн түүнчлэн монголын уулын спортын түүхэнд манай улс Оросын Холбооны Улсын Уулын холбоотой дахин харилцаагаа сэргээж түүний салбар холбоо болох Буряд улсын Уулын Холбоотой “Хамтын Ажиллагааны Санамж Бичиг”-т гарын үсэг зурсан нь хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн түүхэн үйл явдал боллоо.

Монголын Уулчдын Үндэсний Холбоо
2018 оны 8-р сарын 28-ны өдөр