Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

120 км урт дараалал үүссэн Гашуунсухайт боомтод анхаарч, 185-р тогтоолоо эргэн харахыг Ерөнхий сайдаас хүслээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 120 орчим км урт дараалал үүсжээ. Нүүрс ачсан, ачаагүй машинууд ийнхүү урт цуваа үүсгэн, уурхайгаас нүүрс тээвэрлэн хилээр гаргаад буцаж уурхайд ирэх ганц рэйсийн төлөө 14-20 хонох зарцуулах болсон талаар “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ийнхүү нүүрс тээврийн замд үүссэн асуудлын шалтгаан нь Засгийн газар 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдөр хийсэн хуралдаанаараа Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчилсөн нь ийнхүү нөхцөл байдлыг хүндрүүлжээ.

Жолооч нарын ярьдгаар уртын урт буюу Тавантолгойн уурхайгаас Ганц модны боомт хүртэл явах энэ чиглэлийг БНХАУ-ын хилийн нэвтрүүлэлтийг сайжруулж, хэлэлцээ хийтэл түр зогсоох шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хавар газар дээр нь очиж ажилласныхаа дараа гаргасан байсан ч хилийн ямар нэгэн хэлцэл хийж, байдлыг сайжруулалгүйгээр буцааж нээсэн нь энэ аж. Түүнээс гадна өнгөрсөн сард орсон олон удаагийн үерийн улмаас хоёр урсгалтай байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам эвдрэлээс болоод бараг ганц урсгалтай болжээ. Энэ нь нүүрс тээвэрлэдэг машинуудыг эвдэрч, осолдоход хүргээд байгаа аж.

Тиймээс жолооч нар ажлаа урагшлуулж, богино хугацаанд явахын тулд Оюутолгойн шороон замаар явж, улмаар байгаль орчны бохирдлыг нэмэгдүүлэх, стресс бухимдал үүсэх, авлига нэмэгдэх зэрэг олон таагүй байдал үүсэж, бослого үймээн гаргах дээрээ тулаад байгаа учраас Засгийн газарт өргөх бичиг хүргүүлж байгаагаа “Баян зам” тээвэрчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн М.Нямжав мэдэгдлээ. Үүнд:

  • Гаалийн хяналтын бүсэд Ерөнхий сайд бие төлөөлөгчөө 1-2 өдөр биш, нэг сарын хугацаатай ажиллуулж, бодит байдалтай танилцуулж өгнө үү
  • 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдөр гаргасан 185 дугаар тогтоолоо эргэн хараач
  • Цагаан хаданд үүссэн 120 км урт дарааллыг шийдэхийн тулд Тавантолгой-Цагаанхадны хуучин трассыг сэргээн засварлаж, посттой, төлбөр хураамжтай болгон, судалгаа, шинжилгээтэйгээр ажил болгож өгөөч.
  • Цагаанхадыг гэрэл цахилгаантай болгож өгөх амлалтаа шуурхай хэрэгжүүлж өгнө үү.
  • 200 гаруй аж ахуйн нэгж, 20 мянган ажилчин ажиллаж байгаа, улс хоорондын ачаа тээврийн гол бүс болж байгаа Цагаанхадыг засаг захиргааны нэгж, тодорхой статустай  болгож өгөөч гэсэн хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавилаа.