Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эх хэлний өдрийг угтан эрдэмтэд лекц уншина

ikon.mn
2018 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан юм.

Зарлигт дурдсанчлан “Эх хэлний өдөр”-ийг угтаж, эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ, мэдээлэл зэргийг нэвтрүүлэх, бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулах ёстой юм.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Ерөнхийлөгчийн 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 241 сургуулийн 500 орчим монгол хэл, уран зохиол, монгол бичгийн багш нарт зориулсан “Эх хэлний өдөр”-2018 лекцийг 2018 оны наймдугаар сарын 29-ны өдрийн 09:00-12:00 цагийн хооронд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дугаар дунд сургуулийн Урлагийн танхимд зохион байгуулахаар болов.

Уг арга хэмжээний зорилго нь монгол хэл уран зохиол, монгол бичгийн багш нарыг мэргэжил арга зүйгээр хангах, монгол хэл соёлоо хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, тэдэнд хэлний боловсрол олгох зорилготой юм.

Лекцэнд:

  • Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам “Даяаршлын эрин үед Монгол хэлээ хэрхэн хадгалж хамгаалах вэ?” сэдвээр,
  • Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян “Монгол хэлний дархлаа, үнэ цэн” сэдвээр,
  • Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Наминчимэд “Уран зохиолын хичээл яагаад үнэ цэнтэй вэ?” сэдвээр тус тус лекц уншиж ярилцана.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр               Дугаар 25                                     Улаанбаатар хот

Эх хэлний өдөр зарлах тухай

Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа  болсон  язгуур  соёл, өв уламжлал, төрт ёсны түүхээ дээдлэн хамгаалж, төрийн албан бичиг баримтыг хуульд нийцүүлэн хөтлөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх хэл, түүх соёлоо сурталчлах, иргэн бүр төрөлх монгол эх хэлээрээ зөв ярьж, зөв бичих бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол хэлний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалт, 20 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1 дүгээр зүйлийн 1.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн

ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

1.Жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.

2.Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг  жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

3.“Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд:

а/ Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирил үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах;

б/ “Эх хэлний өдөр”-ийг угтаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх,зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэхийг  хэвшүүлж ажиллахыг уриалсугай.

Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгасугай.

Зарлиг буулгасан:

МОНГОЛ УЛСЫН                                         ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ                                            БАТТУЛГА