Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Сувд: Бид "Театрын өдрүүд"-ийг 21 аймагт хоёр дахь удаагаа шинэлэг байдлаар хүргэнэ

М.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Өвөрхангай, Баянхонгор аймгуудаар ирэх сарын 12-17-ны өдрүүдэд аялан тоглоно. Энэ тоглолт нь жил бур тус театраас зохион байгуулдаг “Театрын өдрүүд” орон нутгийн аялан тоглолтын намрын улирлын тоглолт болж байгаа аж. Энэ жил орон нутгийн үзэгчдэд хүргэх цоо шинэхэн уран бүтээл нь өнгөрсөн хавар нээлтээ хийсэн “ Би эндээс явахгүй” жүжиг юм. Ингээд тус аялан тоглолтын талаар Улсын драмын эрдмийн театрын дэд захирал, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувдтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.

-Улсын драмын эрдмийн театр намрын улирлын нээлтийн тоглолтоо Баянхонгор, Өвөрхангай аймгуудаар аялан тоглож эхлүүлэх гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын драмын эрдмийн театр төрөөс соёлын талаар баримталж байгаа бодлогыг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө өөрсдийн ажлын төлөвлөгөөнд тодорхой тусгасан байдаг. Тийм учраас 2002 оноос эхлээд бид хөдөө орон нутгийн иргэдэд өөрсдийн уран бүтээлээр үйлчлэх, тэдэнтэй хамтран ажиллах тал дээр олон арга хэмжээ авч, үйл ажиллагаа явуулж байгаа юм. Түүний нэг нь “Театрын өдрүүд" аялан тоглолт. Энэ жил Өвөрхангай, Баянхонгор аймгуудад ирэх сарын 12-17-ны хооронд тоглоно. Үүнээс өмнө бид 21 аймгаа бүтэн тойрч аялан тоглолт хийсэн. Энэ удаагийнх хоёр дахь тойролт нь юм.

-Энэ удаагийн аялан тоглолтоороо шинэхэн уран бүтээлээ орон нутгийн үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн үү?

-Бид хөдөө орон нутагт тоглохдоо театрын тайзан дээр тоглож байгаа цоо шинэ уран бүтээлээ авч явахыг хичээдэг. Тийм учраас энэ удаад эрдэмтэн зохиолч Э.Оюуны 100 насны ойд зориулан бүтээсэн, өнгөрсөн хавар нээлтээ хийсэн “Би эндээс явахгүй” жүжгээ хөдөө орон нутгийн үзэгчдэд хүргэхээр болсон. Мөн бид бүх үзэгчдэдээ бүрэн хүрэх зорилготой учраас ахмадууд, дунд насны залуучууд, хүүхэд багачуудад зориулан тоглоно. Багачуудад зориулан “Бардам туулай”, залуучуудад зориулсан “Эцсийн зогсоол зөвхөн чи”, ахлах ангийнханд зориулан “Надаар тоглосон хайр” зэрэг уран бүтээлүүдээ тоглоно.

-Аялан тоглолт нэг аймагт гурав хоног үргэлжлэх байсан. Тэгэхээр энэ хугацаанд зөвхөн тоглолтоос гадна өөр үйл ажиллагаа төлөвлөсөн үү. Урьд орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг байсан шүүдээ?

-Аялан тоглолтын хугацаанд өмнө нь хийдэг байсан үйл ажиллагаанууд явагдана. Аймгуудад байх хугацаандаа хөдөлмөрчид, малчидтай уулзалт хийнэ. Мөн соёл урлагийн байгууллагын ажилчидтай уулзаж туршлага солилцох гэх олон ажлууд хийнэ. Үүний хажуугаар бидний ажлыг Засгийн газраас дэмжиж тухайн орон нутгаас сонгогдсон их хурлын гишүүд оролцож бидэнтэй хамтарч ажилладаг уламжлалтай.

Энэ жил ч мөн адил хамтран үзэгчдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулж байна.

-Тоглолтод оролцох уран бүтээлчдийн бүрэлдэхүүний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явна. Үүнд уран бүтээлч жүжигчид, арын албаныхан, удирдлагын баг зэрэг орж байгаа. Ирэх сарын 11 -нд Улаанбаатараас хөдлөөд 18-ныг дуустал. долоо хоногийн турш манай уран бүтээлчид хөдөө ажиллана. Эхлээд есдүгээр сарын 12-14-нд Баянхонгор аймагт, 15-17-нд Өвөрхангай аймагт тоглох болно.

-Нэг аймагт гурав хоног тоглоно гэхээр дөрвөн жүжгээ хэд хэдэн удаа тоглоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Нэг жүжгийг 3-4 удаа тоглоно гэж үзэж байгаа. Хэрэв шаардлага гарвал тав зургаан удаа тоглоход бид бэлэн. Үзэгчдийн эрэлтээс шалтгаалан бид хэдэн ч удаа тоглох боломжтой.

-Таны хувьд энэ удаагийн тоглолтын Баянхонгор аймагт тоглох тоглолтын албаны даргаар явна. Энэ нь тухайн орон нутгаас төрөн гарсан уран бүтээлчдээ таниулах ажилтай холбоотой юу?

-Мэдээж хөдөө орон нутагт төрж өссөн, тэндээс төрж гарсан уран бүтээлчид аль болох өргөнөөр энэ тоглолтод оролцож ажиллах зорилготой. Аав маань Баянхонгор аймгийн Заг сумын хүн. Энэ жил 100 насных нь ой тохиож байгаа. Мөн тоглолтын үеэр тухайн аймгаас гарсан уран бүтээлчдийг нутгийн ард иргэдэд нь таниулах, тэдэнтэй нь уулзуулах ажлыг хийнэ.

Энэ удаагийн тоглолтод Баянхонгор аймгийн уугуул залуу жүжигчин А.Чингүүн, Г.Алтангэрэл нар оролцоно. Мөн Өвөрхангай аймгаас төрөн гарч байгаа залуу жүжигчин Жаргалсайхан байна. Тийм учраас тэднийг өөрсдийнх орон нутагт таниулан алдаршуулах болно. Энэ үйл ажиллагааг дэмжиж нутгийн иргэд нь хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг.

-Энэ аялан тоглолтын нэг онцлог нь хөдөө орон нутгийн үзэгчдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ гэсэн?

-Хөдөө орон нутгийнхаа үзэгчдэд бид Улаанбаатар хотод тоглож байгаа үнээс 30-50 хувь хөнгөлөлттэй үнээр уран бүтээлээ үзүүлдэг. Энэ удаа Улсын драмын эрдмийн театр орон нутгийн үзэгчдэд 50 хувь хөнгөлөлттэй үнээр уран бүтээлээ хүргэх болно.

-Тун удахгүй Улаанбаатар хотод намрын улирлын нээлтийн тоглолтууд эхэлнэ. Ямар жүжгээр эхлүүлэхээр ажиллаж байна вэ?

-Одоохондоо энэ талаар мэдээлэл өгөхөд эрт байна. Бид есдүгээр сард аялан тоглолтоор явж ирээд аравдугаар сард түүхэн жүжгийн өдрүүд үргэлжилнэ. Намрын улирлын нээлтийн тоглолтын талаар тухайн үед нь мэдээлэл өгөх болно.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Танай хамт оломд уран бүтээлийн өндөр амжилт хүсье?

-Баярлалаа. Бидний уран бүтээлийг шимтэн үздэг театрын урлагт хайртай монгол түмэндээ баярлалаа гэж хэлье. Та бүхний алга ташилт дор бид илүү ихийг хийх урам зоригоор дүүрэн байж олон олон уран бүтээлээ туурвидаг юм шүү.

Зураг