Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Дэлгэрсайхан: Эдийн засгийн өсөлт хаана, хэнд очоод байгаа нь ойлгомжгүй байна

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр 320 мянга болгосон. Түүнчлэн ирэх есдүгээр сард багш, эмч нарын цалинтай дүйх болон түүнээс доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэхээр болсон. Мөн багш, сувилагч, цэцэрлэгийн багш нарын ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар цалинг нэмэхээр болж байна. Энэ шийдвэрийг та юу гэж бодож байна вэ?

-Ард түмний амьдралыг харахад цалин нэмэх шаардлага аль аль талдаа байна. 2010 оноос хойших бодит цалингийн индексийг харахад 150 орчим дээр байгаа. Монгол иргэний дундаж цалин 65 орчим хувиар өссөн байна гэсэн үг. Гэтэл энэ хооронд Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагын хэмжээ, төсөв нь хэд дахин өссөн. Харин иргэдийн цалин орлого, амьжиргаа түүнийгээ дагаад өсөж чадаагүй.

Ялангуяа хамгийн гол салбар болох боловсрол эрүүл мэндийн салбарт бодит цалингийн индекс 117.122 байна. Гэтэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр хэрэглээний үнийн индекс 169 байна. Энэ нь Монгол хүний орлого ерөнхийдөө, дээрх салбаруудад бүр ихээр үнийн ерөнхий өсөлтийг гүйцэх чадваргүй байна гэсэн үг. Энэ хэрээр монгол хүний амьжиргааны чанар муудаж байна. Төрийн албан хаагчдын цалинг 2014 оноос хойш хөдөлгөөгүй. Энэ нь бидний томоохон бэрхшээл болох авлигад хэрхэн нөлөөлөх вэ.

Эдийн засгийн өсөлт хаана, хэнд очоод байна вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Энэ нь иргэдийг бухимдуулж байна. Иймэрхүү байдалтай байгаа үед цалин хөлс нэмэхийг шаардаж байгаа иргэдийг буруутгах аргагүй. Ерөнхийдөө боломжийн хэрээр нэмэх нь зүйтэй. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 33 хувиар нэмлээ. Энэ бол нэлээд огцом өндөр үзүүлэлт гэж би хувьдаа харж байгаа. Өндийж байгаа эдийн засаг, ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжид өөрөөр нөлөөлж болох юм.

Хөдөлмөрийн хөлсийг бид эдийн засгийн нөхцөл бололцоотой уялдуулаад аажмаар нэмэх ёстой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ихээр тогтоосныг эс тооцвол цалин нэмэх оролдлого нь харьцангуй зөв үйлдэл юм уу, гэж бодож байна. Доод төвшнөөс нь цалингийн өсөлтийг илүү хангаж, орлогын зөрүүтэй байдлыг багасгах шаардлага бий. Учир нь нийгмийн баялгийн хуваарилалтаас болоод дийлэнх нь орлого багатай, цөөнх нь орлого өндөртэй байгаа нь үнэн. Үүнийг зохицуулдаг механизм нь цалинг нэмэгдүүлэх асуудал мөн.

-ОУВС-тай цалин, тэтгэвэр нэмэхгүй гэж тохиролцсон шүү дээ?

-Цалинг 8-30 хувь нэмэгдүүлэх боломж байгаа. Нэгдүгээрт, гадаад, дотоод орчны нөхцөл харьцангуй сайжирч байгаагаас төсвийн орлого нэмэгдэж байна. Төсвийн тэнцэл харьцангуй эерэг гарсан. Эдийн засгийн өсөлт 6.3 хувь болсон. Энэ , бол сүүлийн хэдэн жил байгаагүй үзүүлэлт. Нөгөө талдаа төсвийн сахилга бат, зөв төлөвлөлт, бодлогын шинэчлэлийг хийснээр тодорхой хэмжээний зардлуудыг хэмнэх нөөц бололцоо байхыг үгүйсгэхгүй.

Төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалт, үр ашигтай зөв хөрөнгө оруулалтуудыг хийх асуудлыг хөндөж, төсвийн шинэчлэл хийснээр бид цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг гаргаж болно гэж харж байгаа.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн нь нийгэмд үүсээд байгаа сөрөг үйл явдлыг мартуулах, ард иргэдийн санаа бодлыг өөр тийш нь хандуулах гэсэн оролдлого гэж зарим нь хэлж байгаа. Нэг ёсондоо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулна гэдэг яриаг дарах гэсэн оролдлого гэж байсан. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?

-Ер нь төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага ёс зүйн асуудал хөндөгдөж байна. Монгол Улс чөлөөт зах зээлийн, нийгмийн тогтолцооны хувьд ардчилсан замыг сонгоод гучаад жил болж байна. Гэтэл энэ их ядуурал, нийгмийн олон асуудлууд хуримтлагдсан байгаагийн гол шалтгаан нь чухамдаа төрийг авч явсан гол намууд, тэдгээрийн удирдлагууд, хэрэгжүүлсэн бодлоготой холбоотой гэж харж байна. Зарим улс 30 жилд үсрэнгүй хөгжиж байхад бид юу хийсэн билээ.

Яг өнөөдөр Монголын нөхцөл байдлыг хамгийн ихээр доройтуулж байгаа гол эзэн нь төр. Төрийн чадамж, сэтгэл орхигдсон. Төр нь иргэддээ үйлчилж чадаж байна уу. Бид ямар төр, ямар нийгмийг бий болгосон бэ гэдгээ эргэн харах цаг болсон. Ардчиллын замаар хөгжиж байна уу. Зөв эрх зүйт төртэй байж чадаж байна уу. Монгол Улс хуулийн дор байна уу. Эсвэл төрийн түшмэлийн дор засаг, захиргаа яваад байна уу гэдгийг өөрсдөөсөө асуух ёстой.

Хуульд захирагддаг эрх зүйт засаглалтай ардчилсан нийгэм мөн л бол төр, шүүх, засаглал, иргэд бүгд хуулийн дор амьдрах учиртай. Нийгэмд болсон сөрөг үйл явдлыг залруулахын төлөө цалин хөлсийг нэмэгдүүлж байна уу гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Хэрвээ тийм бол үнэхээр харамсалтай. Төр үнэхээр доройтсоны шинж. Сүүлийн үед нийгмийн сүлжээ, мэдээллийн цар хүрээ нэмэгдсэнтэй холбоотой иргэдийн тархийг угаах, санаа бодлыг нь өөрчлөхөөр оролдож байгааг нуухгүй. Үүнийг бид аль болох зөвөөр ойлгох, тайлбарлах ёстой.

-Засгийн газар ойр ойрхон солигддог. Бодлого нь гайгүй хэрэгжиж байтал огцорчихдог. Тэгээд л дахиад шинэ бодлого хэрэгжүүлдэг. Ингэсээр байтал Монгол Улс өөрийн гэсэн толгойгүй болж байх шиг ээ?

-Өнөөдрийн хийх ёстой хамгийн гол зүйл бол бид яаж яваад ийм байдалд хүрчхэв ээ. Хэзээнээс Монгол Улсын төрийн бодлого, нөхцөл байдал алдагдах үндэс суурь тавигдсан бэ гэдгээ харах хэрэгтэй. Миний ойлгож байгаагаар бид өнөөдөр нийгмийн төөрөгдөлд орчихсон байна. Тэгээд буруу замаар явж байна. Үүнээсээ гарах арга замыг эрэлхийлэхгүйгээр сохроор боломжит хувилбаруудыг хайж байна. Тэгээд гадны туршлага нэрийн дор янз бүрийн туршилтууд явуулдаг.

Түүнийгээ Монгол Улсын нийт иргэний эрх ашигт нийцсэн эсэх, тохиромжтой эсэхийг огт шалгадаггүй. Үүний нэг илэрхийлэл нь “Үндсэн хуулиа өөрчилье” гэж ярьж байгаа үйлдэл. Мөн зарим хүмүүсийн “Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох нь зүйтэй” гэсэн хийрхэл. Тэгэхээр хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол бид яагаад ийм байдалд хүрчхэв ээ гэдгээ нийгмээрээ ойлгож, сэхээрч, ухаарах ёстой.

Үүнийг улс төрийн гол намууд, эрх баригчид эхлүүлэх шаардлагатай. Хий дэмий таамаглал  дэвшүүлж, судалгаагүй, үндэслэлгүй зүйлийг нийгэмд тараах нь сайн зүйл биш. Алдаатай байгаа шалтгаанаа олоод тэрийгээ сайжруулах нь хамгийн чухал гэж харж байгаа.

-Одоогийн Засгийн газар ажлаа хийж чадаж байгаа юу?

-Харьцангуй удаан байна, Гэхдээ энэ Засгийн газрын хийсэн томоохон төслүүд өндийхөөр ядаж байгаа эдийн засгийн суурийг сайжруулах, дахин хямралд орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Томоохон уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, бусад салбарыг дэмжих чиглэлдээ харьцангуй удаан ажиллаж байна гэж харж байгаа. Засгийн газрын хийсэн сайн зүйл бий. Төсвийн шинэчлэл, өрийн бодлого, удирдлагыг харьцангуй сайжруулж чадсан.

Ямар ч байсан энэ Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-доо анх удаа монгол хүнийг өмнөө тавьсан байсан. Тэр нь хэрвээ хэрэгжвэл сайн хэрэг. Хэрвээ хэрэгжвэл гэж хэлж байгаа нь Монгол Улс маш олон бодлогын баримт бичиг гаргасан байдаг. Гэтэл эцэстээ үр дүн багатай. Хэрэгжилт дээрээ алддаг. Ер нь сүүлийн 20 жил иргэндээ үйлчилдэг төр гэж байхгүй болсон. Энэ бол бидний яриад байгаа ардчиллын гол мөн чанар байх ёстой. Энэ үед харьцангуй шинэлэг төлөвлөгөө батлуулсан. Энэ тал дээр боломжийн гэж бодож байна. Гэхдээ Засгийн газраас шаардах зүйл олон бий. Бид өнөөдөр уул уурхай, мөнгө гээд л байгаа.

Хэрвээ би Ерөнхий сайд байвал хамгийн эхэнд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны салбарыг цэгцэлнэ. Эдгээрийг цэгцтэй барьсан нөхцөлд улс орон хөгждөг бололтой юм билээ. Сайн хөгжсөн орнууд оюуныг дээдэлж хөгжсөн байдаг. Түүний нэг жишээ бол Сингапур. Сүүлийн 30 гаруй жилийн дотор асар хурдтай хөгжиж чадсан. Өнөөдөр манайд хэн нь хэнээсээ илүү баян байх гэж өрсөлддөг.

Томоохон төслүүд гацаж, төмөр замгүй сууж байна. Монгол Улсын иргэд ядуу байна. Улстөрчдийн Монгол улс, нийт иргэдийн эрх ашгаас давсан ашиг сонирхол, утгагүй өрсөлдөөн алга болоогүй цагт бид зөв хөгжинө гэдэг бэрхшээлтэй. Энэ нь сүүлдээ хүний аминд хүрч байх шиг байна. Асар том гутамшиг, төөрөгдөл. Ямар төр байна тийм нийгэм байдаг гэдэг бол үнэн. Харин иргэнээсээ болоод ийм төртэй болсон гэдгийг ойлгохгүй байгаа.

-Зээлийн хүүг бууруулахаар олон төсөл, хөтөлбөр боловсруулдаг. Гэвч үр дүнд хүрч байгаа нь ховор. Уг нь эдийн засаг тодорхой хэмжээгээр өсөж, Монголбанк мөнгөний бодлогынхоо хүүг бууруулсан. Ер нь зээлийн хүүг ямар замаар бууруулах вэ?

-Зээлийн хүү гэдэг талх, мах, хувцас гэдэгтэй адилхан таваарын үнэ гэж ойлгох хэрэгтэй. Санхүүгийн таваарын үнэ маш онцгой байдлаар тогтдог. Зөвхөн санхүүгийн таваарыг бий болгохын төлөө гарч байгаа зардал нь учирч болзошгүй эрсдэлээс хамаардаг. Үүнийг хүчээр буулгах, зөв бодлого, аргачлалаар буулгах гэсэн зам байна. Миний бодлоор хүчээр буулгана гэдэг ойлголт аргаа ядсан зүйл. Дэлхийн 70-80 оронд туршсан байдаг ч эцсийн үр дагавар нь сайн байгаагүй.

Өнөөдөр зээлийн хүү яагаад өндөр байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Нэгдүгээрт, Монгол Улс сүүлийн 20 гаруй жил эдийн засгийн бүтцээ алдсан байна. Үүний улмаас тогтвортой ажлын байр, орлоготой иргэнтэй, компанитай, төртэй болж чадаагүйгээс болоод Монгол Улсад мөнгө дутагдалтай байна. Энэ үндсэн шалтгаанаас болоод Монгол Улсад зээлийн эрсдэлийн төвшин асар их болсон. Эдийн засгийн салбаруудын савлагаа асар их. Инфляцийн болоод валютын ханшийн өөрчлөлт маш ихтэй.

Үүнээс болоод эрсдэл өндөр байна. Зээлдэгч болгон дээр энэ эрсдэл очдог, харилцан адилгүй байдгаас болоод зээл болгоны хүү ялгаатай байдаг. Гурав дахь үндсэн шалтгаан бол санхүүгийн салбараа төрөлжүүлж чадаагүй. Зөвхөн банк суурьтай эдийн засгийн тогтолцоотой. Хөрөнгийн болон даатгалын зах зээл, бусад сангууд, хөрөнгө оруулалтын институциуд хөгжиж чадаагүй байна. Эдгээр зүйлийг л хийчихвэл хүү буурна. Харин энэ тал дээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны зүгээс үүн дээр маш зөв байр суурь баримталсан гэж бий хардаг. Ажлын хэсэг байгуулж, Зээлийн хүү бууруулах үндэсний хэмээх стратегийг гаргаж ирэх ёстой гэж үзсэн.

Үндсэн санааг манай Голомт банкны эдийн засагчид гаргасан байдаг. Нийтээрээ хамжиж байж, төр засаг, Монголбанк, аж ахуйн нэгжүүд Монгол Улсыг зөв хөгжүүлснээрээ хүүг бууруулна гэдэг байр суурь үнэн. Бас нэг сайн давуу тал нь арилжааны банкууд өөрсдөө энэ санаачилгад нэгдээд хүүгээ бууруулахын төлөө хамтарч ажиллаж байгаа. Банкууд хүүг өндөр байлгахаар хүсээд байгаа юм биш. Хүү өндөр байх нь эргээд банкны эрсдэлийг нэмэгдүүлдэг талтай. Тэгэхээр жигдхэн хүү буурах нь бүх талдаа ашигтай. Үүнийг захиргааны бус аргаар шийдэх нь зүйтэй байх гэж бодож байна.

Зураг