Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын шинжээчид Мьянмарын генералуудыг геноцидын хэрэгт холбогдуулан шалгахыг уриаллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Мьянмарын дефакто удирдагч Аун Сан Су Чи, армийн ерөнхий командлагч нар

Өнөөдөр буюу Даваа гарагт НҮБ-ын шинжээчид Мьянмарын армийн командлагч болон бусад таван генералыг тус улсын үндэсний цөөнх Рохинжя иргэдийн эсрэг геноцид үйлдсэн хэрэгт холбогдуулан шалгахыг уриаллаа.

Мьянмарын баруун хойд Рахине мужид амьдардаг 700,000 орчим муслим рохинжя иргэд өнгөрсөн оны наймдугаар сард явуулсан цэргийн ажиллагаанаас зугтаж хөрш Бангладеш улс руу дүрвэсэн юм.

Уг ажиллагааны үеэр Мьянмарын армийн цэргүүд рохинжя иргэдийг бөөнөөр хядаж, хүчиндэж байсныг шинжээчид тогтоожээ.

Үндэс угсаагаар нь ялган цэвэрлэх ажиллагаагаа Мьянмарын засгийн газар рохинжя иргэдийн бослого тэмцлийг дарах ажиллагаа байсан гэж тайлбарладаг.

Гэвч НҮБ-ын илгээсэн баримт цуглуулах шинжээчид тус улсын армийн генералууд, тэдний дотор армийн ерөнхий командлагч, генерал Мин Аун Хлайныг Рахине мужид үйлдсэн геноцидын төлөө шалгагдах ёстой гэсэн дүгнэлтийг өнөөдөр гаргажээ.

Шинжээчид Мьянмарын Рахине, Качин, Шан мужуудад явуулсан армийн ажиллагааны тактикыг аюулгүй байдлыг хангах зорилготой нийцэхгүй байсныг баталсан байна.

Мөн Рахине мужид явуулсан ажиллагаа нь шинж чанарын хувьд геноцидын зорилгыг агуулж байгааг тогтоосон байна.

Шинжээчид дүгнэлтдээ тус улсын дефакто удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чиг эрх мэдлийнхээ хүрээнд цэргийн ажиллагааг зогсоох арга хэмжээ аваагүй гэж шүүмжилжээ.

Мьянмарын эрх баригчид НҮБ-ын шинжээчдийг нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй учир тэд 857 гэрчийн мэдүүлэг, хиймэл дагуулын зураглал, бодитой бичиг баримт, гэрэл зураг, видео материалыг ашиглан дүгнэлтээ гаргасан байна.

Дүгнэлтэд Рохинжя хүмүүсийн эсрэг үйлдсэн аллага, эрүү шүүлт, бэлгийн хүчирхийлэл зэрэг өргөн хүрээнд үйлдэгдсэн гэмт үйлдлүүдийг жагсаажээ.

2017 оны ажиллагааны үеэр 10,000 хүртэл тооны рохинжя иргэд алагдсан гэх Хил Хязгааргүй Эмч нар байгууллагын гаргасан тоог “бууруулсан тоо” гэж шинжээчид дүгнэсэн байна.

Бас өргөн хүрээний хүчингийн хэргийг Мьянмарын цэргүүд үйлдэж байсны дотор нэг удаадаа 40 охиныг бүлэглэн хүчирхийлж байсныг тогтоожээ. Хамгийн багадаа 10 тосгонд ийм залхаан цээрлүүлэлтийг явуулсан байна.

Дээрх үйлдлүүдийг системтэй, санаатай зохион байгуулж, цэвэрлэх ажиллагааныхаа тактик болгож байсныг шинжээчид тогтоожээ.

Энэхүү ажиллагааг шалгаж, яллах чадвар Мьянмарын шүүх системд байхгүй тулд зөвхөн олон улсын шүүхээр шийдэх боломжтой гэнэ.

Улмаар шинжээчид Мьянмарын геноцидын хэргийг Олон Улсын Эрүүгийн Шүүхэд шилжүүлж, шалгуулахыг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд хандан уриалжээ.

Бас буруутай этгээдүүдэд олон улсын хориг арга хэмжээ авах хэрэгтэйг зөвлөсөн байна.

50 сая хүн амтай Мьянмарт 18 сая хэрэглэгчтэй Фэйсбүүк сүлжээ рохинжя иргэдийн эсрэг хүчирхийлэл газар авахад чухал үүрэг гүйцэтгэснийг тогтоож, тус компанийг хүчирхийллийг хязгаарлах ажиллагаанд илүү их анхаарал тавьж, бодитой арга хэмжээ авахыг шаардсан байна.

 

Эх сурвалж: AFP