Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цогзолмаа: Банкны баталгааг хүртэл хуурамчаар үйлдсэн хүнтэй хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Тиймээс Ж.Цолмонг томилсон

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
 
Гэрэл зургийг: mpa.mn

АШУҮИС-ийн захирлын албан тушаалд Эрүүл Мэндийн Дэд Сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонг БСШУС-ын Сайдын тушаалаар томилоод байгаа юм. Уг томилгоо анхны удаагаа явагдаж байгаа биш бөгөөд энэ оны эхээр ч мөн түүнийг томилж, сургуулийн багш, ажилчид эсэргүүцэж, хамтран ажиллаж чадахгүй гэсэн шийдвэрт хүрч, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Ц.Цолзолмаа сайд нарт хандан бичиг хүргүүлж байсан удаатай. 

Тэгвэл өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн удирдлагыг сургууль, багш ажилчид, оюутнууд амарсан үеэр буюу үндэсний баяр их наадмын өмнөх өдөр томилсон талаар сургуулийн багш ажилчид эсэргүүцэж мэдээлэл хийсэн билээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан мэдээлэл хийх үеэрээ АШУҮИС-ийн захирлын томилгооны талаар тайлбар өгсөн юм. Тэрбээр "Г.Батбаатар гэж мундаг захирал ажиллаж байгаад ажлаа өгсөн юм шиг яриад байна. Ер нь төлбөр төлөөд мэдээлэл цацаж өөрийгөө хамгаалуулдаг хүмүүс хэрээс хэтэрч байна. Ганцхан жишээ дурдахад, саяхан Япон улсын хамтарсан эмнэлэг байгуулж байгаа төслийн багийнхан надтай ирж уулзсан. Тэд нар бүр үгээ хэлчихсэн явна лээ. Сургуулийн барилга ашиглалтад орох болчихоод байхад тэнд нь ажиллах ёстой эмч, сувилагч нар алга байна. Уг нь эмч, сувилагч нарыг бэлдэх эрхийг Г.Батбаатар захиралд өгсөн ч суралцсан хүмүүс нь ажлаа хийхгүй байна. 

Хөрөнгө оруулалт дээр ч гэсэн санхүүгийн маш их зөрчил гарсан нь баримтаар нотлогдсон. Банкны баталгааг хүртэл хуурамчаар үйлдсэн хүнтэй хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Тиймээс Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлаар томилсон. Эмэгтэй хүн учраас асуудалд нямбай хандах байх гэж найдаж байна" гэсэн юм.