Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

АШУҮИС-ийн захирлын томилгоог эсэргүүцэв

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн удирдлагыг сургууль, багш ажилчид, оюутнууд амарсан үеэр буюу үндэсний баяр их наадмын өмнөх өдөр томилсон талаар сургуулийн багш ажилчид эсэргүүцэж, "Тогтвортой хөгжил" багш, ажилчдын түр хороог байгуулж, өнөөдөр мэдээлэл хийгээд байна.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Анагаах Ухааны доктор Т.Баясгалан "Бидний түр хорооноос тавьж буй гол шаардлага бол улс төрийн намаас удирдах албан тушаалтныг шууд томилдог асуудлыг зогсоох юм. Төрийн албаны зөвлөлийн 2013 онд баталсан 60 дугаар тогтоолд "Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг томилох, сонгон шалгаруулалт явуулах журам" гэж байдаг. Тус журамд тодорхой албан тушаалын сул орон зай гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг заавал явуулна мөн үр дүнг олон нийтэд зарлана гэж заадаг. Мөн журамд төрийн өндөр албан тушаал хашиж буй хүн тус сонгон шалгаруулалтад нөлөөлөхийг хориглодог байна. Гэтэл хууль, эрх зүйн журмаар зохицуулагдсан энэхүү журмыг алгасаж, бид бүхний удирдлагыг томилсонд бид эсэргүүцэж байна. Хэрэв тус сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу болж, нэр дэвшигч сонгон шалгаруулалтад тэнцсэн бол бидний зүгээс ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлэхгүй байх байсан" гэсэн юм.

АШУҮИС-ийн захирлын албан тушаалд Эрүүл Мэндийн Дэд Сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонг БСШУС-ын Сайдын тушаалаар томилоод байгаа юм. Уг томилгоо анхны удаагаа явагдаж байгаа биш бөгөөд энэ оны эхээр ч мөн түүнийг томилж, сургуулийн багш, ажилчид эсэргүүцэж, хамтран ажиллаж чадахгүй гэсэн шийдвэрт хүрч, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Ц.Цолзолмаа сайд нарт хандан бичиг хүргүүлж байсан удаатай.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Монгол Улсын Гавъяат эмч, доктор, профессор И.Пүрэвдорж "Миний хувьд 44 жилийн турш АШУҮИС-д багшилж байна, намайг багшилж байх хугацаанд түүхэнд ийм зарчимгүй томилгоо өмнө нь гарч байгаагүй. Тус томилгоо нь "Юм хийсэн" хүнийг халдаг жишгийг тогтоодог болоод байна. Саяхан халагдаад буй захирлын албыг хашиж байсан Г.Батбаатар Анагаахынханы түүхэнд хүсэж мөрөөдөж байсан сургуулийн эмнэлэг болон оюутны цогцолборыг барьж гүйцэтгэсэн хүн. Анх сургуулийг хоёр тэрбум төгрөгийн орлоготой байхад хүлээн авч байсан, одоо харин сургууль маань 20 тэрбум төгрөгийн санхүүжилттэй болсон" гэлээ.

Захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарын БСШУС-ын Яамнаас гаргасан халах шалтгааныг 2017 оны аудитын дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөхөөр болсон гэжээ. Гэтэл АШУҮИС-ийн төлөөллийн хэлж буйгаар 2017 оны дөрөвдүгээр сард ирсэн аудитын дүгнэлтэд "АШУҮИС ямар нэгэн зөрчилгүй" гэсэн дүгнэлт гаргасан юм.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Ж.Цолмон АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилогдсоны дараа сургуулийн хэд хэдэн газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлж, өөрийн хүмүүсийг томилж байгаа ба ажил нь нэгэнт цэгцэрсэн, урагштай явж байсан төсөл, бүтээн байгуулалтууд зогсонги байдалд ороод байгаа талаар мэдээлэв. Үүний тод жишээ бол АШУҮИС өөрийн санхүүжилтээр барьж буй хотхоны бүтээн байгуулалтын ажил энэ асуудлаас болж зогсонги байдалд оржээ.