Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчит 11 их, дээд сургуулийн төлбөр 10-15.6 хувиар нэмэгджээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Их, дээд сургуулийн төлбөр дунджаар болон тус бүрдээ хэдэн хувиар нэмэгдсэн талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төрийн өмчийн 17 их, дээд сургууль байдаг. Тэдний хоёр буюу БХИС, ХСИС-ийн зардлыг төрөөс 100 хувь даадаг. Үлдсэн 15 сургуулийн дөрөв нь төлбөрөө нэмээгүй. Бусад сургуулиудын хувьд 10-15.6 хувиар төлбөрөө нэмсэн байна.   

Хамгийн өндөр нэмэгдсэн нь ШУТИС-ийн төлбөр бөгөөд нэг кредит цагийн төлбөр 62,000-71,700 төгрөг болсон байгаа. Иргэдийн анхаарлын төвд орж, оюутнууд нь эсэргүүцлээ илэрхийлээд буй МУИС-ийн хувьд хичээлүүдийн төлбөр ялгавартай нэмэгдсэн байна. Тодруулбал, олон оюутан судалдаг ерөнхий эрдмийн хичээлүүдийн төлбөр нэг түвшинд, мэргэжлийн хичээлүүд нэг түвшинд гэх мэтээр ялгавартай тогтоосон байна. МУИС-ийн нэг кредит цагийн төлбөр 99,000-110,000 төгрөг болж нэмэгдсэн байгаа" гэсэн мэдээлэл өглөө.

Яамны зүгээс их, дээд сургуулиудын төлбөрийг тогтоох эрхгүй бөгөөд тухайн сургуулийн удирдах зөвлөл хуралдаж төлбөрийн хэмжээг тогтоодогийг тайлбарлалаа. 

Мөн өнгөрсөн Баасан гарагт болсон оюутнуудын жагсаалын үеэр оюутнуудыг доромжилж, бүдүүлэг авир гаргасан багшид ёс зүйн хариуцлага тооцоод яаманд мэдэгдэнэ гэсэн мэдээллийг өнөө өглөө тус сургуулийн захиргаанаас авснаа салбарын сайд хэлсэн юм. 

Дээд боловсролын байгууллага, суралцагчдын талаарх статистик мэдэээлэл:

  • 2017-2018 оны хичээлийн жилд дээд боловсролын 96 сургуульд 155,248 оюутан суралцсанаас төрийн өмчийн 18 сургуульд 89,473 оюутан, хувийн өмчийн 75 сургуульд 65,628 оюутан, гадаадын их сургуулийн салбар 3 сургуульд 147 оюутан тус тус суралцсан. 2018-2019 оны хичээлийн жилд   30,000 гаруй суралцагч шинээр элсэх  урьдчилсан судалгаатэй байна.
  • 2017-2018 оны хичээлийн жилд дээд боловсролын сургалтын 96 байгууллага ажилласнаас 36.5 хувь нь их сургууль, 54.2 хувь нь дээд сургууль, 6.3 хувь нь коллежийн ангилалд багтаж, 3.1 хувь нь гадаадын салбар сургууль байсан бол 5 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлаж, 5 сургууль бусад сургуультай нэгдээд байна.  Өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад их дээд сургуулийн тоо 10 хувиар буурлаа.
  • Дээд боловсролын сургалтын байгууллагуудад нийт 12,705 хүн ажиллаж байгаагийн 6,724 буюу 52,9 хувь нь үндсэн багш эзэлж байна. Нийт ажиллагчдын 62.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Дээд боловсролын салбарын нийт хүний нөөцийн 68 хувийг сургалтын байгууллагын үндсэн чиг үүргийн, 32 хувийг бусад ажилтан, ажилчид бүрдүүлж байна.
  • Оюутны инноваци санааг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бие даасан тогтолцоог хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор  “Орлоготой оюутан хөтөлбөр” хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтэд 8,450 оюутан, 980 оюутан дадлагажуулах, чадваржуулах ажилд, 810 оюутан бизнес-инкубатор, гарааны бизнесийн хөдөлмөр эрхлэлтэд хамрагдсан  ба 6,320 оюутныг цагийн болон үндсэн ажлын байранд зуучилсан байна. Энэ хичээлийн жилд хөтөлбөрийг хэрэгжилтийг нэмэгдүүлнэ.
  • 2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар 14,841 суралцагч дотуур байранд суусан. Дотуур байранд амьдарч байгаа суралцагчдын 13,640 (94.9%) нь өөрийн сургуулийн, 738 (5.1%) нь бусад сургуулийн дотуур байранд сууж байна. Дотуур байрны төлбөр жилийн 400,000-1,100,000 төгрөг байна.