Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбарын хэрэглэгчийн хүлээлтэд өндөр өсөлт ажиглагдлаа

Б.Дөлгөөн
2018 оны 8 сарын 28
iKon.MN

Хэрэглэгчийн хүлээлтийн индексийг 1950-аад оноос хойш хөгжингүй орнуудад эдийн засгийн гол түрүүлэгч индикатор болгон ашигладаг. Түрүүлэгч индикатор нь ирээдүйд болох өөрчлөлтийн хамгийн анхны дохио болж байдгаараа онцлогтой. Иймд бизнес эрхлэгчид болон шийдвэр гаргагч нар нь тус үзүүлэлтийг ашиглан ирээдүйд чиглэсэн төлөвлөлт хийх, эрсдэлээ тооцдог жишиг олон улсад бий болоод удаж байна. 

ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮЛЭЭЛТИЙН ИНДЕКС /ХХИ/ юуг илэрхийлдэг вэ?


Эдийн засагт үйлдвэрлэгч, хэрэглэгч, Засгийн газар, Төв банк гэсэн үндсэн 4 төрлийн оролцогчид байдаг. Эдийн засгийн онолд эдгээр оролцогчид нь өөр өөрсдийн үндсэн зорилго болон хүлээлтэд тулгуурлан шийдвэр гаргадаг гэж үздэг. Эдийн засгийн оролцогчдын зорилго тогтвортой байдаг бол хүлээлт хугацааны туршид өөрчлөгдөж байдаг. Иймд эдийн засагт оролцогчдын хүлээлтийг тодорхойлох нь эдийн засгийг таамаглахад чухал ач холбогдолтой юм. Тэгвэл шийдвэр гаргалтын үлдсэн хүчин зүйл болох хүлээлтийг тодорхойлох нь Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн үндсэн зорилго юм.

ХХИ өсөх нь эдийн засаг өсөж, өрхийн орлого нэмэгдэж байгааг харуулах бөгөөд хэрэглэгчид хэрэглээгээ нэмэгдүүлэх цаашлаад хадгаламж, хөрөнгө оруулах шийдвэрт хүргэдэг. Харин ХХИ буурах нь иргэдийн худалдан авалт буюу эдийн засаг дахь эрэлт буурах, идэвхжил сулрах үр дүн бий болохыг илэрхийлдэг. 

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс нь эдийн засгийн болон өрхийн санхүүгийн өнгөрсөн жилийн 1 асуулт, одоогийн нөхцөл байдлын 1, ирээдүйн 1 жилийн талаарх 2 асуулт, ирэх 3 жилийн талаарх 1 асуулт буюу нийт 5 асуултаар тодорхойлогддог.  


Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн тайлан 2018 оны II улирал

График 1, Хэрэглэгчийн хүлээлтийн индекс өслөө

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс 2018 оны 1 дүгээр улирлалд 119 байсан бол 2 дугаар улиралд 48 нэгжээр өсөж 167-д хүрлээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2017 оны жилийн эцсээр 5.1 хувьтай гарсан бол 2018 оны 1 дүгээр улиралд 6.1 хувьд хүрсэн. Энэ нь хэрэглэгчийн хүлээлт өсөх суурь шалтгаан болсон байна. Өмнөх улиралд хэрэглэгчийн хүлээлт огцом унасан шалтгаан нь дундаж цалингийн хэмжээ 1,038,900 төгрөгөөс 3.9 хувиар буурч 998,400 төгрөг болсонтой холбоотой байна.

График 2, Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна

Эдийн засгийн хүлээлтийг дэлгэрэнгүй авч үзвэл Өнөөгийн байдлын индекс 199.8, ирээдүйн хүлээлтийн индекс 159.5 байна. Өнөөгийн байдал болон ирээдүйн хүлээлт аль аль нь өссөн ч өнөөгийн байдлын индекс илүү өндөр өсөлт үзүүлсэн. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгааг илэрхийлж байна.


Уул уурхайн салбарын хэрэглэгчийн хүлээлтэд өндөр өсөлт ажигдлагдлаа

График 3, Хэрэглэгчийн хүлээлтийн индекс салбараар

Хэрэглэгчийн хүлээлтийг салбараар авч үзвэл үйлчилгээ, худалдаа, зочид буудал зоогийн газрын салбарт ажиллагсдын хүлээлтийн индекс буурсан байна. Харин боловсруулах салбарын ажиллагсдын хүлээлтийн индекс 33 нэгжээр өсөж 170, Санхүү даатгалын салбар 91 нэгжээр өсөж 202, уул уурхайн салбар 79 нэгжээр өсөж 228-д хүрсэн байна.

Салбаруудын бодит ДНБ-ий өсөлтийг харвал Бөөний болон жижиглэн худалдаа 2017 оны 1-р улиралд 23.9 хувийн өсөлт үзүүлж байсан бол 2018 оны 1-р улиралд 1.6 хувийн өсөлт үзүүлсэн байна. Харин уул уурхайн салбарын бодит ДНБ өмнөх оны мөн үеэс 4.2 хувь, боловсруулах салбар 6.4 хувь барилгын салбар 33.6 хувь өссөн байна. Энэ оны 1-р улиралд өндөр өсөлт үзүүлсэн салбаруудын хүлээлт 2-р улиралд өссөн байна.

График 4, Хэрэглэгчийн хүлээлтийн индекс орлогын бүлгээр

Хүлээлтийн идексийг орлогын бүлгээр авч үзвэл сарын 2 сая төгрөгөөс дээш орлоготой хэрэглэгчийн хүлээлтийн индекс хамгийн өндөр буюу 237.4 нэгж байна. Графикаас харахад сарын дундаж орлого буурах тусам хүлээлтийн индекс буурч байгаа нь харагдаж байна. Энэ нь орлого өндөртэй хэрэглэгчид нь аливаа эдийн засаг, санхүүгийн эрсдэлд өртөх нь харьцангуй бага байдагтай холбоотой.

График 5, Хэрэглэгчийн хүлээлтийн индекс, хөдөлмөр эрхлэлтийн статусаар

Хөдөлмөр эрхлэлтийн статусаар хүлээлтийн индексийг авч үзвэл мал аж ахуй эрхлэгч болон цалин хөлстэй ажиллагч нар хамгийн өндөр байна. Хүлээлтийн индекс хамгийн багатай нь өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй оролцогч нар болон нөхөрлөл, хоршооны гишүүд байна.

График 6, Хэрэглэгчийн хүлээлтийн индекс, насны бүлгээр

Хэрэглэгчийн хүлээлтийг насны ангиллаар авч үзвэл нас ахих тусам эдийн засгийн хүлээлт буурч байна. 

Харин хүйсийн хувьд эрэгтэй хүмүүсийн хүлээлт эмэгтэй хүнийхээс 20 нэгжээр өндөр байна. Улсын дундаж цалингийн түвшинг 2018 оны 1-р улирлын байдлаар харвал эрэгтэй хүнийх 1,110,300 төгрөг бол эмэгтэй хүнийх 886,800 төгрөг байна. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүний дундаж цалин эмэгтэй хүний дундаж цалингаас 25 хувиар өндөр байна.

График 7, Сүүлийн нэг жилийн гэр бүлийн санхүүгийн байдал

Сүүлийн нэг жилийн турш танай гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ? гэсэн асуултад 57 хувь нь ижил түвшинтэй байгаа, 17 хувь нь муудсан, 26 хувь нь өссөн гэж хариулсан байна. Өмнөх хугацааны үетэй харьцуулбал өссөн гэж хариулсан хэрэглэгчдийн хувь өссөн байна.

График 8, Өнөөгийн эдийн засгийн байдал

Та өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг өмнөх онтой харьцуулбал хэрхэн үнэлэх вэ? гэсэн асуултын үр дүнг өмнөх улиралтай харьцуулбал муу гэж хариулсан хэрэглэгчийн хувь буурч, сайн болон хэвийн гэж хариулсан хэрэглэгчийн тоо өссөн байна.

График 9, Ирэх нэг жилийн эдийн засгийн хүлээлт

Та ирэх нэг жилийн хугацаанд эдийн засгийг тогтвортой өснө гэж бодож байна уу? гэсэн асуултад 50 хувь нь хэвийн 12 хувь нь буурна 38 хувь нь өснө гэж хариулсан байна. Өмнөх улиралтай харьцуулбал буурна гэсэн хүлээлт 11 нэгж хувиар буурч, өснө гэсэн хүлээлт 12 нэгж хувиар өссөн байна.

График 10, Ирэх нэг жилийн өрхийн санхүүгийн хүлээлт

Хэрэглэгчдийн 55 хувь нь ирэх нэг жилийн хугацаан дахь өрхийн санхүүгийн байдлыг сайжирч, орлого нэмэгдэнэ гэж хариулсан байна. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад 11 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өрхийн орлого буурна гэж үзэж байгаа хэрэглэгчдийн хувь 7 байна.

График 11, Ирэх 3 жилийн эдийн засгийн хүлээлт

Дунд хугацааны буюу ирэх 3 жилийн хүлээлтийг авч үзвэл өснө гэж хариулсан хэрэглэгчийн хувь 12 нэгж хувиар буурч 51 хувь болсон байна. Харин буурна гэж хүлээж байгаа хэрэглэгчийн хувь 6 хувиас 12 хувь болж өсжээ.

Хэрэглэгчид 2018 оны 1-р улиралд одоогийн эдийн засгийн нөхцөл байдлаас илүү ирэх жил болон, 3 жилийн дараах нөхцөл байдалд итгэж байсан бол 2-р улиралд одоогийн нөхцөл байдалдаа ирээдүйгээс илүү итгэж байна.


Ажлын байрны олдоц муу байна гэж үзэж байгаа хэдий ч ирээдүйд сайжирна хэмжээн харж байна

График 12, Ажлын байрны олдоц

Хэрэглэгчдийн 56 хувь нь ажлын байрны олдоц хангалттай сайн биш байна гэж үзэж байгаа бол 24 хувь нь ажил олоход маш хэцүү, 19 хувь нь олдоц маш сайн байна гэж үзэж байна. Ажилгүйдлийн түвшин 2017 оны 4-р улиралд өмнөх улирлаас 1.8 нэгж хувиар буурч 7.1 болсон нь 2018 оны 1-р улиралд ажлын байрны хүлээлт өндөр гарахад нөлөөлсөн байна. Харин 2018 оны 1-р улиралд ажилгүйдлийн түвшин өсч 9.7 хувьд хүрсэн нь ажил олдоц сайн гэсэн хариулт бага сонгогдох шалтгаан болсон байна.

График 13, Ирэх нэг жилийн хугацаанд ажлын байрны олдоц

Ажлын байрны олдоцыг ирэх 1 жилийн хугацаанд хэрэглэгчдийн 52 хувь нь хэвэндээ байна 8 хувь нь буурна 39 хувь нь нэмэгдэнэ гэж хүлээж байна. Энэ нь ажилгүйдлийн түвшин буурах дохио болж байна.


Хадгалах хандлага ба санхүүгийн зах зээл

Хэрэглэгчийн хүлээлт нь иргэдийн хэрэглээ болон хадгаламж дээр тусгалаа олдог. Яагаад гэвэл хэрэглэгч өөрт байгаа мэдээлэлдээ тулгуурлан үндсэн 2 шийдвэр гаргадаг нь хадгалах эсвэл хэрэглэх юм. Хэрэглэгчийн хэрэглэх хандлага өндөр байна уу, эсвэл хадгалах хандлага өндөр байна уу? гэдгээс шалтгаалан хэрэглэгчийн хүлээлтийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь өөр өөр байдаг. Хэрэв иргэд хэрэглээгээ илүү нэмэгдүүлвэл эдийн засаг хэрэглээгээр дамжин өсөх бөгөөд энэ нь эрэлтэд суурилсан инфляцийг өдөөдөг. Харин хадгаламж илүү бол банкуудын зээл олгох боломж нэмэгдсэнээр эдийн засагт нөлөөлнө.

Банкны системийн нийт хадгаламж өсөх хандлагатай байгаа бөгөөд сүүлийн 8 улирлын жилийн дундаж өсөлт 21 хувь байна. Нөгөө талаас зээлийн жилийн өсөлт 2018 оны 6-р сарын байдлаар 19.3 хувь байна. Гэтэл энэхүү үзүүлэлт нь яг жилийн өмнө буюу 2017 оны 6-р сард 7.2 хувь байсан. Өөрөөр хэлбэл банкны системийн зээл олголт өндөр өсөлттэй байна.

График 14, Банкны систем дэх нийт хадгаламж

Банкны системийн харилцах, хадгаламжийн өсөлтийн цаад шалтгаан нь иргэдийн хадгалах хандлагын өсөлт юм. Иймд иргэдийн хадгалах хандлага нь ирээдүйн зээлийн өсөлт, цаашлаад хадгаламж зээлийн хүү буурахад нөлөөлөх юм. 2018 оны 2-р улирлын байдлаар иргэдийн хадгалах хандлага нь хэрэглэх хандлагаасаа өндөр байгааг доорх графикуудаас харж болно.

График 15, Таны орлого 30 хувиар нэмэгдвэл та дараахаас аль сонголтыг хийх вэ?

Хэрэглэгчийн орлого 30 хувиар нэмэгдэхэд 46 хувь нь хэрэглээнээс илүү хуримтлалаа нэмэгдүүлнэ, 35 хувь нь хэрэглээ болон хадгаламжаа тэнцүү нэмэгдүүлнэ, 9 хувь нь зөвхөн хадгална гэж хариулсан байна. Харин 4 хувь нь зөвхөн хэрэглээгээ нэмэгдүүлнэ гэсэн бол 5 хувь нь хуримтлалаас илүү хэрэглэнэ гэж хариулжээ. Мөн хэрэглэгчийн нас ахих тусам хадгалах хандлага өсдөг байна.


Зээлийн хүү

Хэрэглэгчид зээлийн хүүг ирэх нэг жилийн хугацаанд 39 хувь нь хэвэндээ байна, 27 хувь нь өснө, 33 хувь буурна гэж хүлээж байна. Төгрөгийн зээлийн хүү 2017 оны 1 сарын байдлаар 20.2 хувь байсан бол 2018 оны 5 сарын байдлаар 18.7 хувь болж буурсан байна. Энэ нь иргэдийн хүлээлтэд мөн нөлөөлсөн байна.

График 16, Ирэх нэг жилийн хугацаанд зээлийн хүү хэрхэн өөрчлөгдөх вэ?

График 17, Төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү

Инфляци

Хэрэглэгчдийн 39 хувь нь инфляцийн түвшинг хэвэндээ байна гэж хүлээж байгаа бол 27 хувь нь өснө, 39 хувь нь буурна гэж хүлээж байна. 2018 оны эхний хагас жилд инфляцийн түвшин дунджаар 6.6 хувь дээр маш тогтвортой байсан. Харин сүүлийн сар буюу 6-р сард 1.1 нэгж хувиар өссөн нь харьцангуй өндөр өсөлт болжээ. Иргэдийн хүлээлт ч инфляцийг тогтвортой байх болон буурна гэсэн хүлээлт дээр төвлөрч байна.

График 18, Ирэх нэг жилийн хугацаанд инфляци хэрхэн өөрчлөгдөх вэ? 

График 19, Инфляци улсын хэмжээнд

 

Ам.долларын ханш

Ам.долларын ханшийг иргэд 54 хувь нь тогтвортой байна, 34 хувь нь өснө, 12 хувь нь буурна гэж хүлээж байна. Харин 2018 оны 2-р улиралд “Буурна” гэсэн хүлээлт “Тогтвортой”-руу шилжсэн байна. Үүний гол шалтгаан нь 2017 оны сүүл үеэс хойш ам.доллар төгрөгийн эсрэг тогтвортой суларч байсан ч 4 сараас эхлэн чангарч эхэлсэн явдал юм. Иргэдийн хүлээлтийг даган ам.долларын ханш цаашид өсөх хандлага бага хувьтай харагдаж байна.

График 20, Ирэх нэг жилийн хугацаанд ам.долларын ханш хэрхэн өөрчлөгдөх вэ?

График 21, Валютын ханшийн сарын өөрчлөлт


Хэрэглэх хандлага ба худалдан авалт

Эдийн засгийн нөхцөл байдал сайн байгаа үед хэрэглэгчдийн худалдан авалт дагаад өсдөг. Худалдан авалтын өөрчлөлт нь урт хугацаанд элэгдэх, өдөр тутмын худалдан авалтаас харьцангуй өндөр дүнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд суурилна. Эдгээрээс машин, орон байр, аялал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон авч судалгаанд хамруулав.

График 22, Машин худалдан авалтын хандлага буурав

2018 оны 2-р улиралд ирэх 12 сарын хугацаанд машин худалдан авахаар төлөвлөж буй хэрэглэгчийн хувь өмнөх улирлаас 11 хувиар буурч 43 хувьд хүрсэн байна. Судалгаанд оролцогчдын 43 хувь нь ирэх 12 сарын хугацаанд машин авахаар төлөвлөж байна.

График 23, Дийлэнх нь орж ирсэн хуучин машин худалдан авах төлөвлөгөөтэй байна

Машин худалдан авахаар төлөвлөж байгаа хэрэглэгчдийн 13 хувь нь монголд унаж байсан хуучин машин, 28 хувь нь шинэ машин, 33 хувь нь орж ирсэн хуучин машин авахаар төлөвлөж байна. /Давхардсан тоогоор/

График 24, Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн худалдан авах хандлага тогтвортой байна

Нийт хэрэглэгчдийн 51 хувь нь цахилгаан хэрэгсэл ирэх 12 сарын хугацаанд авахаар төлөвлөж байна. Энэ нь өмнөх улирлаас 3 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.

График 25, Угаалгын машин худалдан авах хандлага өндөр байна

Цахилгаан хэрэгсэл авахаар төлөвлөж байгаа хэрэглэгчдийн 18 хувь нь компьютер, 9 хувь нь лап топ, 17 хувь нь хөргөгч, 22 хувь нь угаалгын машин, 14 хувь нь ТВ, 16 хувь нь тоос сорогч, 13 хувь нь агааржуулагч авна гэж хариулсан байна. /Давхардсан тоогоор/

График 26, Орон байр худалдан авахаар төлөвлөж байгаа иргэдийн хувь буурав

Судалгаанд оролцогчдын 39 хувь нь ирэх 12 сард орон байр авахаар төлөвлөж байна. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад 5 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Орон байр худалдан авах хандлага буурч байгаа нь орон сууцны үнийн өсөлт нөлөөлсөн байх боломжтой юм. 

График 27, Орон сууцны үнийн индексийн жилийн өсөлт

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран явуулдаг "Орон сууцны үнийн индексийн судалгаа"-ны индексийн авч үзэхэд 11 сарын турш буурч байсан. Харин 2017 оны 11 сараас өсч эхэлсэн байна.

График 28, Хэрэглэгчдийн дийлэнх нь шинэ орон сууц худалдан авах төлөвлөгөөтэй

Орон байр авахаар төлөвлөж байгаа хэрэглэгчдийн 21 хувь нь амьны орон сууц, 54 хувь нь шинэ орон сууц, 8 хувь нь хуучин орон сууц, 9 хувь нь хашаа байшин, 14 хувь нь зуслан авахаар төлөвлөж байна. /Давхардсан тоогоор/

График 29, Судалгаанд оролцогчдын 59 хувь нь ирэх 12 сард аялахаар төлөвлөж байна

Монгол улс 2017 онд аялал жуулчлалын нийт орлого 395.6 сая ам.доллар байсан бол нийт зарлага 532.8 сая ам.доллар байсан. Өөрөөр хэлбэл манай улсын аялал жуулчлалын салбар 137 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна.

График 30, Ирэх 12 сарын аялалын төлөвлөгөө

Нийт аялахаар төлөвлөж байгаа хэрэглэгчдийн 68 хувь нь Монголдоо, 20 хувь нь Ази тивийн улсаар, 11 хувь нь Европ тивийн улсаар, 8 хувь нь Америк тивийн улсаар, 3 хувь нь Австрали тивээр аялахаар төлөвлөж байна. /Давхардсан тоогоор/

Хавсралт №1. Аргачлал


Энэхүү хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгааг эдийн засгийн 14 салбарын нийт 943 ажил эрхлэгчийг түүвэрлэн, биечлэн ярилцах замаар хийсэн. Монгол Улсад 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 1,142.9 мянган хүн ажил эрхэлж байгаа бөгөөд түүврийн хэмжээ нь эх олонлогийг төлөөлөх чадвар 99 хувь байна.

Судалгааны түүвэрлэлт

Салбар

Түүврийн хэмжээ

1

Хөдөө аж ахуй, загас, ойн аж ахуй, ан агнуур

67

2

Боловсрол

67

3

Зочид буудал, зоогийн газар

71

4

Уул уурхай, олборлолт

58

5

Төр батлан хамгаалах

70

6

Үйлчилгээ

86

7

Үл хөлөх хөрөнгө

74

8

Мэдээлэл холбоо

56

9

Боловсруулах /хүнс үйлдвэрлэл, ундаа, хувцас г.м/

54

10

Барилга

65

11

Санхүү, даатгалын үйл ажиллагаа

78

12

Бөөний болон жижиглэн худалдаа

75

13

Тээвэр, Агуулах

55

14

Эрүүл мэнд

67

 

Нийт

943

Хэрэглэгчийн хүлээлтийн индексийг тооцохдоо “Conference board” –ийн хэрэглэгчийн хүлээлтийн индексийн аргачлалыг ашигласан бөгөөд суурь он нь  2009 оны 4 дүгээр улирал байна.

Бусад үзүүлэлтүүдийн хүлээлтийн индексийг Мичиганы их сургуулиас тооцоолдог хүлээлтийн индексийн аргачлалаар тооцсон. Энэхүү аргачлалын давуу тал нь ямар нэгэн суурь хугацаатай харьцуулах шаардлагагүй. Индексийн утга 100-аас бага байх нь сөрөг хариултын тоо эерэгээс давсаныг, 100-аас их бол эерэг хариулт давсныг илэрхийлдэг. Эерэг сөрөг хандлагын зөрүү хэр их байгааг 100 аас хэр хол ойр байгаагаар нь авч үзнэ.

Хавсралт №2 Тайлбар


Энэхүү Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн түүвэр судалгааг Голомт банкны эдийн засагчид боловсруулсан болно. Судалгаа нь зөвхөн мэдээллийн шинж чанартай бөгөөд мэдээлэл нь аливаа хөрөнгө оруулалтын болон бусад зөвлөмж биш тул энэ төрлийн утгаар шийдвэр гаргалтад нөлөөлөхийг зориогүй болно.

Судалгаанд дурдагдсан мэдээлэл, дүгнэлт нь төлөөлөх чадвар бүхий түүврийн судалгаанд үндэслэсэн боловч зохиогч нь тухайн мэдээлэл, тоон баримтын өмнө хариуцлага хүлээхгүй болно.


“Та Голомт банкны зүгээс зөвхөн бизнес эрхлэгч харилцагчиддаа зориулж гаргадаг "Хэрэглэгчийн Хүлээлтийн Индекс"-ийн 2018 оны II улирлын тайланг татаж авахыг хүсвэл энд дарна уу.

Голомт банкны Эдийн засгийн судалгааны алба

  • Г.Нарангоо, Шинжээч
  • Г.Батзориг, Шинжээч
  • Г.Ганзориг, Ахлах шинжээч

Судалгаанд дэмжлэг үзүүлэн ажилласан 

  • ACI оюутны клуб