Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Арми нь хүнээр гачигдсан Герман улс залуус, цагаачдыг цэрэгт татдаг болох гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Канцлерь Ангела Меркелийн Христийн Ардчилсан Нам залуус болон цагаачдаар заавал цэргийн алба хаалгуулдаг болох шинэ санааг дэвшүүлжээ.

50 гаруй жилийн турш Герман эрчүүд сургуулиа төгсөөд заавал нэг жил цэргийн алба хаадаг хуультай байсан. Цэргийн алба хаах боломжгүй зарим нь засаг захиргаанд сайн дураар ажиллаж, үүрэгт хугацаагаа өнгөрөөдөг байжээ.

Энэхүү журмыг 2011 онд цуцалж, армид алба хаах үүргийг сайн дурын болгон өөрчилсөн юм. Гэвч энэ үеэс хойш жил бүр Германы арми цэргийн хомсдолд орж, сайн дураар алба хаагсдын тоо буурсаар ирсэн байна.

Тиймээс Христийн Ардчилсан Намын удирдлага заавал цэргийн алба хаах журмыг сэргээх санаачилга гаргажээ.

Шинэ журмаар Германы эрэгтэй, эмэгтэй залуус бүгд нэг жил алба хаах үүрэгтэй болох гэнэ. Мөн Германд цагаачилсан, орогнол хүсэж байгаа гадаадын иргэд заавал эсвэл сайн дураар энэ үүргийг гүйцэтгэх ёстой ажээ.

Зөвхөн арми биш, мөн гал сөнөөх болон гамшигтай тэмцэх албанд үүрэг гүйцэтгэх боломжтой гэнэ. Цагаачид цэргийн алба хааснаар Германы нийгэмд дасан зохицоход нь тус болох ёстой ажээ. Мөн цагаачдад хандах Германчуудын хандлагыг өөрчлөх сайн нөлөөтэй гэж үзсэн байна.

Одоо уг санааг нам дотроо хэлэлцүүлж, ирэх арванхоёрдугаар сард болох намын их хурлаар танилцуулах гэнэ.

Христийн Ардчилсан Намаас бусад намууд заавал хаах цэргийн үүргийг эсэргүүцэн хүлээж авсан бол ганцхан Alternative fur Deutschland (AfD) хэт барууны үзэлтэй нам талархан хүлээж авсан байна.

Гэхдээ шинэ журмыг амьдралд хэрэгжүүлэхэд олон даваа бий. Тухайлбал бүх төрлийн албадан хөдөлмөрийг хориглодог Германы үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ гарч магадгүй.

Германы залуу үе үнэ төлбөргүй сургуульд сурч, амьдрах өндөр стандартаар хангагддаг. Тиймээс тэд хариуд нь эх орондоо ямар нэг үүрэг гүйцэтгэх ёстой гэж Христийн Ардчилсан Намын удирдлагууд үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian