Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эмпати сургуулиудын захирал Вейсэл Акчайд хилийн хориг тогтоожээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс дахь Эмпати сургуулиуд буюу бидний нэрлэж заншсанаар Монгол-Туркийн хамтарсан сургуулиудын захирал Вэйсел Акчайд хилийн хориг тогтоосон гэх мэдээлэл гараад байгаа юм. 

Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр "Цагдаагийн байгууллагаас Вэйсел Акчайг ямар нэгэн байдлаар хянаж, цагдсан зүйл байхгүй. Прокуророос санал гаргаж, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хилийн хориг тавьсан байна" гэсэн хариулт өглөө.

Харин Нийслэлийн Прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "Яг одоогоор энэ хэрэг дээр мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. Гэхдээ үгүйсгэсэнгүй.

Түүнчлэн өөр эх сурвалжийн хэлж буйгаар Вэйсел Акчайд хилийн хориг тогтоосон байна.

Эмпати сургуулиудын захирал Вэйсел Акчайг өнгөрсөн долоодугаар сарын 27-ны өдөр гэрийнх нь гаднаас үл таних этгээдүүд хулгайлахыг завдсан хэрэг гарсан бөгөөд одоо болтол хэргийг үйлдсэн хүмүүсийн талаар хууль, хяналтын байгууллагаас албан ёсоор мэдээлэл өгөөгүй байгаа билээ.

Энэ хэргийг манай тагнуулын байгууллага хамтран үйлдсэн гэсэн мэдээлэл тухайн үед БНТУ-ын мэдээллийн хэрэгслүүдээр гарсан нь нийгэмд олон хардлага төрүүлсэн ч манай улсын Засгийн газар өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл хийгээгүй хэвээр байгаа юм. Зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Уг хэрэг ерөнхийдөө шалгагдсан бөгөөд хяналтын шатанд явж байгааг хэлээд Вэйсел Акчайтай холбоотой хэрэгт нарийн түвэгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй" хэмээн мэдэгдээд байгаа.

Прокуророос ямар шалтгаанаар хилийн хориг тогтоосон талаар мэдээлэл өгөөгүй ч Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэний эрх, эрх чөлөөнд хуулиар хязгаарлалт тогтоож болох талаар заажээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх, үүргийн онцлог

7.1.Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгоор хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд гадаадын иргэний эрх, эрх чөлөөнд хуулиар хязгаарлалт тогтоож болно.