2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
12:00
S32
17°
13:00
S32
18°
14:00
S32
21°
15:00
S32
22°
16:00
S32
23°
17:00
S32
23°
18:00
S32
21°
19:00
S31
17°
20:00
S31
14°
21:00
S31
12°
22:00
S31
11°
23:00
S31
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Гүнзаяа: Гаргасан амжилт авсан цалиндаа сэтгэл ханах биш өөрийгөө улам хөгжүүлэх хэрэгтэй

М.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 24
Үндэсний шуудан

Монгол Улс гэх нэрийг залуус олон салбарт дэлхийд гаргаж явна. Тэдний нэг бол мисс Б.Гүнзаяа юм. Тэрбээр найман олон улсын миссийн тэмцээнд оролцож тавд нь өндөр амжилт үзүүлээд байна. Хамгийн сүүлд Вьетнам Улс болон Тайландын Засгийн газраас зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцож, Дэлхийн аялал жуулчлалын элч миссээр тодорсон түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд Дэлхийн аялал жуулчлалын элч миссийн титмийг хүртсэнд баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Нэг сарын хугацаанд яваад ирлээ. Ингэхдээ дэлхийн 57 орны миссүүд оролцсон тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо Дэлхийн аялал жуулчлалын элч миссийн титмийг авч ирсэндээ маш их баяртай байна. Энэ тэмцээнээс нийт таван Дэлхийн аялал жуулчлалын элч мисс тодорсон. Уг нь тэмцээн энэ сарын 8-нд дууссан боловч шилдэгт шалгарсан таван мисс хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоод, Тайландын Засгийн газраас титэм гардуулах ёслол зохион байгуулсан.

Үндсэндээ тэмцээнээс хойш 10 гаруй хоног завгүй байж байгаад эх орондоо ирсэн.

-Энэ удаагийн тэмцээний гол ач холбогдол нь юу юм бэ?

-Гол ач холбогдол нь дэлхийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ерөнхий зорилготой. Зохион байгуулагч Тайланд Улс аялал жуулчлал өндөр хөгжсөн. Тийм учраас элч мисс болсноороо тухайн улсын аялал жуулчлалын туршлагаас суралцах боломжтой. Мөн энэ удаагийн тэмцээнийг үзэхээр олон мянган жуулчид ирсэн. Тэгэхээр энэ улсын аялал жуулчлалыг хэр өндөр хөгжсөн болохыг харж байлаа. Аялал жуулчлалын элчээр ажиллах хугацаандаа маш олон зүйлийг сурах байх гэж бодож байгаа.

-Тэмцээн уралдаанд оролцож явахад ямар улсын мисс хүчтэй өрсөлдөгч байв. Улс орнууд миссүүдээ хэр дэмждэг юм бол ?

-Би олон тэмцээнд оролцсон. Түүнээс энэ жилийн тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо.

Болливудын жүжигчин, томоохон шоу тэмцээний хөтлөгч, загварын болон миссийн тэмцээний ялагчид, 14 жилийн турш уран гулгалтаар хичээллэсэн гээд ямар нэг байдлаар тухайн улсдаа танигдсан чадварлаг охидтой өрсөлдсөн.

Иймд богино хугацаанд маш их зүйлийг тэднээс суралцахад нөлөөлсөн. Өрсөлдөгч гэж харахаас илүүтэй найз нөхдийн сайхан холбоотой болсон. Гэхдээ хэн нь түрүүлэх вэ, хэн эх орондоо титэмтэй харих вэ гэдэг маш том хариуцлагатай байв. Тиймээс өдөр бүхэн тактиктай ажиллаж байсан.

Тийм учраас эцсийн дүн гарахад амжилт үзүүллээ. Вьетнам, Тайландын миссүүд маш хүчтэй өрсөлдөгч байсан. Чилиг, Германы мисс тун чадварлаг байсан. Ер нь бусад орнууд охид, бүсгүйчүүдээ маш их дэмжиж, дэлхийн аялал жуулчлалын нүүр царай гэдэгт ач холбогдол өгч, дэмжиж байгаа нь бүх талаар анзаарагдаж байсан.

Бидний хувьд ч гэсэн хөгжил ирж байгааг энэ тэмцээн бас харуулж байна. Бид хөгжлийг хүлээж суух биш гар бие оролцож бүтээлцэх нь зүйтэй юм гэдгийг залуустаа уриалмаар байна.

-Та найм дахь олон улсын миссийн тэмцээндээ сая орлоо. Өмнө нь оролцсон тэмцээнүүдийнхээ амжилтаас хуваалцахгүй юу?

-2016 онд Турк Улсад болсон дэлхийн фото миссийн тэмцээнд хоёрдугаар байр эзэлж байсан. Мөн дэлхийн хотуудын миссийн тэмцээнээс гоо зүй төрөлд тэргүүн байр эзэлж байлаа. Мөн Хятадад болсон миссийн тэмцээнээс шилдэг таван төрлийн эзэн болж байсан.

-Та загварын гараагаа хэрхэн эхлүүлсэн юм бэ?

-Анх охид болгоны адил мисс болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Тиймээс яг аравдугаар ангиасаа “Монгол модель” агентлагт явж, загвар өмсөж эхэлсэн. Хамгийн анх “Face of Mongolia” гээд тэмцээнд ороод “Авьяаслаг мисс” болж түүндээ маш их урамшаад одоо долоон жил загвар өмссөн байна.

-Дэлхийн аялал жуулчлалын элч мисс болсон учраас ямар үйл ажиллагаанд хамрагдаж, юу хийх вэ?

-Одоо Тайланд, Вьетнам Улстай нэг жилийн гэрээ байгуулна. Гэрээ ирсэн байгаа. Би хянаж үзээд өөрийн санал бодол, дээрээс нь нэмэх зүйлээ нэмээд буцааж илгээгээд гэрээ хийж дуусна. Тэгээд аялал жуулчлалтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд нь оролцоод явна.

Монголдоо бас томоохон ажлыг хийхээр төлөвлөсөн. Гэхдээ одоохондоо батлагдаагүй байгаа. Яг батлагдаад хэрэгжихээр болсон үед мэдээллийг нь өгье. Мөн би эндээс эх орныхоо аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон гарцуудыг олж хараад хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна.

-Таны үндсэн мэргэжил хуульч. Яагаад заавал энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Би ер нь арван жилд байхаасаа өсвөрийн цагдаа хийсэн. Тухайн үедээ мянга гаруй хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлсэн байдаг. Тэгээд цаашдаа миний хийх зүйл, мөрөөдөлдөө хүрэхийн тулд хуульч болох хэрэгтэй юм байна гээд эрх зүйч мэргэжил эзэмшээд магистрт сурахаар бэлдэж байна.

-Мэргэжлээрээ ажиллаж байна уу?

-Мэргэжлээрээ төрийн албанд 1.5 жил ажиллаж байсан. Одоогоор бол хувийнхаа ажлуудыг хийгээд явж байна.

-Та “Хүүхэд Эрдэнэ” гээд сантай. Сангийнхаа үйл ажиллагааг танилцуулахгүй юу?

-Манай “Хүүхэд Эрдэнэ” сан 2016 онд байгуулагдсан. Сангаараа дамжуулаад хүүхдийн сурч болох хөгжлийн тал дээр нэлээн идэвхтэй үйл ажиллагаа хоёр жилийн хугацаанд явуулж байна. Хоёр жилийн хугацаанд жил бүрийн зургаадугаар сарын 1-нд 200 өнчин хүүхдэд бэлэг өгсөн. Хамгийн сүүлд Цагдаагийн ерөнхий газартай хамтраад “Эрүүл харилцаа, эрүүл хүүхдийн төлөө” гэсэн i төслийг хэрэгжүүлж т байна.

 -Нийгэмд үлгэр дуурайлал болоод явж байгаа залуу хүний хувьд маш завгүй амьдарч байна уу?

-Ер нь бол  маш завгүй байдаг. Миний хувьд одоо өөрийгөө юм бүхнийг хийж үзэж суралцах хэрэгтэй гэж боддог. Тийм учраас олон зүйлсийг хийж, сурч мэдэхийн төлөө хичээж байна. Мөн гадагшаа хийх ажил ихтэй. Миний үеийн охид залуус бүгд мундаг болцгоосон болохоор тэднийг хараад өөрийгөө их чамлаж илүү их хичээж сурах хэрэгтэй гэдгээ ойлгодог.

-Цаашдын хамгийн том зорилго юу вэ?

-Одоогоор хамгийн том зорилго өөрийн үндсэн мэргэжлээрээ олон улсад ажиллах байна. Ингэхийн тулд би маш олон зүйлийг сурах хэрэгтэй байгаа. Тийм учраас ойрын жилүүдэд боловсролдоо илүү анхаараад зорилгодоо хүрэх төлөвлөгөөтэй байна.

-Таныг хүсэл зорилготой урагш тэмүүлэлтэй байлгахад хамгийн их нөлөөлдөг зан чанар юу вэ?

-Миний хувьд өөрийнхөө хамгийн сайн чанар гэх юм бол бодсон зүйлийнхээ ард нь заавал гардаг. Энэ зан маань л намайг өнөөдрийн амжилтад хүргэж байгаа гэж боддог. Ер нь хүн нэг зүйл хийнэ гэж бодсон бол тууштай байвал амжилт их ойрхон байдаг юм шиг санагддаг.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Би усанд сэлэх дуртай. Мөн хөнгөн атлетикаар багаасаа хичээллэсэн. Эд нар маань надад маш их энерги эрч хүчийг өгдөг.

Бас би эссэ маш их бичиж, өөрт төрсөн шинэ санаагаа тэр дор нь тэмдэглэдэг. Тэр тэмдэглэл бичсэн зүйлээрээ ирээдүйд ном гаргах мөрөөдөлтэй. Мөн чөлөөт цагаа найзуудтайгаа өнгөрөөхийг зорьдог.

-Залуус, үе тэнгийнхэндээ ямар байгаасай гэж хүсдэг вэ. Тэдэнд хандаж хэлмээр зүйл байна уу?

-Ер нь бол залуучууд их мундаг болсон гэж би хардаг. Дандаа найз нөхөд, үе тэнгийнхнээсээ үлгэр дуурайлал авдаг. Гэхдээ хүн ер нь аливаа зүйлд сэтгэл ханалгүйгээр амжилт гаргах тусмаа илүү ихийг хийдэг, сурдаг байгаасай гэж хүсдэг. Гаргасан амжилт авсан цалиндаа сэтгэл ханах биш, өөрийгөө улам хөгжүүлэх хэрэгтэй.

Тэгж байж бид үе тэнгийнхэндээ нөлөөлнө, цаашлаад үр хүүхдэдээ эерэг нөлөө үзүүлнэ. Бидний үеийнхэнд сонголт, боломж дүүрэн байгаа учраас өөртөө үнэнч байж хийнэ, сурна, мэднэ гэсэн зүйлсээ дор бүрнээ хийж хэрэгжүүлээд яваарай гэж хэлмээр байна.

-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын амьдралд тань амжилт хүсье?

-Маш их баярлалаа. Цааш цаашдаа амжилттай сайхан мэдээгээр эргээд уулзах байх гэж бодож байна.

x