Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийгээр аялагч комедиан Том Родес Монголд тоглосон нь

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Стэнд ап комеди гэх хошин урлагийн шинэ төрлийг UB комеди клуб Монголд амжилттай оруулж ирэн, дэлгэрүүлж монгол залуусын үзэх, сонсох дуртай урсгалуудын нэг болгосон.

UB комеди клуб анхны "Open Mic" тоглолтоо 2014 онд үүсгэн байгуулагч Б.Батбилэгийн санаачилгаар "The Basement" клубт хийж байжээ. Анхны тоглолтоос хойш хоёр жилийн хугацаа өнгөрөхөд тэдний тоглолтыг орой бүр заал дүүрэн залуус үзэх болсон юм.

Түүнчлэн UB комедигийн залуус зөвхөн дотооддоо тоглолт хийгээд зогсохгүй дэлхийн олон орноор аялж гадаад улс дахь монголчууд болон гадныханд англи хэлээр аялан тоглолт хийж явдаг болоод удаж байна. Манай улсад ч мөн бусад улсын алдарт гарсан комедианууд болох Matt Davis, Adam Hunter гэх мэт хүмүүс ирж байсан удаатай.

Тэгвэл энэ сарын 22-ны өдөр UB комедигийн тайзнаа Дэлхийд алдартай АНУ-ын жүжигчин Том Родес ирж тоглолоо. Тэрбээр комедиан, жүжигчин, телевизийн хөтлөгч болон аяллын тэмдэглэл бичдэгээрээ алдартай нэгэн ба 17 настайгаасаа стэнд ап комеди хийж эхэлсэн туршлагатай. Мөн тэрбээр бид бүхний мэдэх Huffington Post-ийн аяллын буланд өөрийн аяллын тэмдэглэлээсээ хуваалцаж нийтлэлүүд бичдэг аж. 

Үзэгч дүүрэн UB комеди клубт Том Родес гарч манай улсад аялж буй гадныхан болон монгол залуустай нэгэн оройг хөгжилтэй өнгөрөөхийн хажуугаар монгол комедиан залуустай туршлага солилцсон юм. Тэрбээр тоглолтдоо олон орноор аялж явахад тохиолдсон сонин хачин, хөгтэй зүйлс болон өөрийн амьдралын туршлагуудаасаа хуваалцаж, залуусыг хөгжөөлөө.

АНУ-ын хамгийн алдартай инээдмийн суваг болох Комеди Централийг 1990 онд анх үүсэн байгуулагдаж байхад Том Родес анхны комедиан болж мөн NBC сувагт "Ноён Родес" гэх олон ангит инээдмийн киногоо цацдаг байжээ. Тэрбээр телевизийн салбарт ажиллахаа больсны дараагаар комедианы ажлаа бүрэн утгаар нь хийх болж, дэлхийн улс орнуудаар аялан тоглолт хийхийн хажуугаар аяллын тэмдэглэлээ бичдэг болсон юм.

Родесийг анх 12 настай байхад нь түүний аав Вашингтон хотын нэгэн комеди клуб рүү дагуулж очжээ. Тэр үед түүний үеэл ах стэнд ап комеди хийж таарч Родесийг тайзан дээр урьж гаргаж ирснээр стэнд апийн тайзнаа анх зогсож үзсэн. Тайзан дээрээс маш олон мишээсэн, аз жаргалтай хүмүүсийн царайг харсны дараа том болоод комедиан болно гэж шийдсэн талаараа тэр дурсан ярьсан байдаг.