Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны сонгуулийг аврахад хэтэрхий оройтсоныг Фэйсбүүкийн мэргэжилтэн асан анхааруулжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк компанийн мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захирал асан Алекс Стамос “2018 оны сонгуулийг гадны нөлөөллөөс хамгаалахад хэтэрхий оройтсон” болохыг анхааруулсан мэдэгдэл хийжээ. Энэ оны арваннэгдүгээр сард АНУ-ын конгрессын сонгууль болох гэж байгаа юм.

Стамос 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Фэйсбүүк компанийн мэдээллийн аюулгүй байдлыг хариуцаж байсан хүн.

Энэ сарын эхээр тэр үүрэгт ажлаасаа татгалзсан юм. Стамос мэдэгдэлдээ “Өмнөх сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн гадаад орнуудын халдлагад АНУ хангалттай анхаарал тавиагүй, ноцтой хүлээж аваагүйгээ дэлхий нийтэд харуулсан. Энэ алдааны улмаас 2018 оны сонгуулийг аврах боломжгүй болж байна. Харин 2020 оны сонгуульд Америкийн ардчиллыг аврах боломж байгаа” гэж бичжээ.

Одоо 39 настай мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн цааш хэлэхдээ 2016 онд Оросууд мэдээллийн дайн хийх арга технологийг анх эзэмшсэн, одоо тэдний гарын авлагаар бусад улс орнууд ажиллаад эхэлсэн гэнэ.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросууд Фэйсбүүк сүлжээг ашиглан Америкийн нийгмийг хагаралдуулж, үр дүнд нь Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон гэгддэг.

Саяхан Фэйсбүүк компани өөрийнх нь сүлжээг ашигласан дөрвөн ажиллагааг Орос, Иран улсуудаас зохион байгуулсныг илрүүлсэн юм.

Цаашдаа ийм халдлагууд улам эрчимжихийг анхааруулсан Стамос АНУ-ын засаг захиргаа дараах алхмуудыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөжээ.

  • Хуурамч мэдээллийг хэрхэн ялгаж таних стандартыг конгресс батлах хэрэгтэй
  • Засгийн газар дотор хэн нь кибер аюулгүй байдлыг хариуцахыг нухацтай судалж, шийдэх ёстой
  • Бүх 50 муж улс сонгуулийн үйл явцыг кибер халдлагаас хамгаалах чадвартай болох хэрэгтэй
  • Америкчууд цаашид гарах халдлагуудын талаар нээлттэй мэдээлэл авах, түргэн шалгаж илрүүлэхийг шаардах хэрэгтэй. Ерөнхийлөгчид буруутай этгээдийг даруй шийтгэх санхүүгийн болон кибер орчны хүчирхэг зэвсэг байх ёстой гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Tech Insider