Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Хот доторх нийтийн тээврийн автобусны хүлээлтийн хугацаа ойролцоогоор 7-8 минут байх болно"

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Иргэдийн зорчих эрэлт байнга нэмэгдэж байгаа тул нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Тус зохицуулалтыг хийснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоо 88 чиглэлд 959 автобус, троллейбус ажиллах юм. Эдгээрт шөнийн тээврийн гурван чиглэлд 10, зуслангийн үйлчилгээний гурван чиглэлд таван тээврийн хэрэгсэл тус тус ажиллахаар болсон байна.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Энэ талаар Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа "Автобуснуудын тоог нэмэгдүүлж зохицуулалт хийснээр автобус хоорондын хугацаа богиносож хот доторх автобусны хүлээлтийн хугацаа ойролцоогоор 7-8 минут байх болно.

Мөн ихээр зорчдог 12 чиглэлийн автобусны оройн буултын цагийг нэмэгдүүлсэн. Үүнд, Шархад, Хужирбулан, Тахилт, Улаанхуаран, Их тойруу, Гачуурт, Дэнжийн мянга, Зайсан, Улиастай гэх мэт чиглэлүүдэд автобусны оройн цагийн буултыг 23:00 цаг болгосон" талаар мэдээлэв.

Emart, Номин сүлжээ дэлгүүрүүдийн бонус карт автобусанд зорчих боломжтой

 
Гэрэл зургийг: mpa.mn

Автобусаар зорчих смарт карттай холбоотой мэдээллийг Улаанбаатар смарт карт ХХК-ны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал "Шалгалтын хүрээнд карт борлуулах гэрээт цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулан ажиллах тал дээр анхаарч ажиллаж байна. Улаанбаатар хотод нийт 538 карт борлуулах, цэнэглэх гэрээт цэг үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн сүүлийн үед 24 цагаар үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрүүд болох Circle-K, Сu дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд иргэд эдгээр газрууд дээр очиж 24 цагийн турш картаа цэнэглэх боломжтой болсон" гэлээ.

Энгийн Umoney картаас гадна гурван төрлийн картуудаар автобусны төлбөрөө төлөх боломжийг бий болгосон байна. Тухайлбал, Хаан Банкны картаар автобусанд зорчих картаа цэнэглэх, Mobicom болон Unitel-ийн шинэ сим картыг авснаар нэмэлт автобусны карт шаардлагагүй автобусанд утсаа уншуулан зорчих боломжтой, цэнэглүүлэхдээ тухайн операторын гэрээт салбарууд болон карт борлуулах,цэнэглэх гэрээт цэгүүдээр сим картаа цэнэглүүлэх боломжтой мөн Emart, Номин сүлжээ дэлгүүрүүдийн бонус карт автобусанд тус тус зорчих боломжтой болжээ.

Мөн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн автобуснуудад Нийслэлийн Тээврийн газар, мэргэжлийн байгууллагатай хамтран шалгалт хийсэн байна. Нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтарсан шалгалтыг энэ сарын 13-17-ны өдрүүдэд хийж, зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулжээ.

Шалгалтад нийслэлийн долоон дүүргийн 54 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 124 автобус хамрагдахаас 36 сургуулийн 46 автобус хамрагдсан байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шалгалтанд хамрагдсан хүүхдийн автобусны тоо 43.9 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарчээ. Шалгалтанд хамрагдсан 46 автобус насжилтаар 100 хувь, 27 автобус шаардлагын дагуу шар өнгөтэй байсан боловч үүнээс ердөө 13 автобус техникийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг хангаж, "Хүүхдийн автобус"-ны зөвшөөрөл авчээ.